HORIDOIMERGEN

Jamsrangiin Tsebeen. (1923 on)

2008 оны 03-р сарын 31 Нийтэлсэн Horidoimergen

  

Монголын нүүдэлчин ард түмэн нийгэм журамд шилжих нь нэлээд онцлогтой юм. Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Их Монгол улсыг байгуулах явдал. Манай улс тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монголыг хамрах явдал, ар Монголоор зогсохгүй. Ингэхийн тулд Ар Монгол нь бүх Монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл-шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой. Эхлээд Өвөрмонголын Зост, Зуун-Уд, Жирэмийн 3 чуулганыг сайн дураар нь дагуулж Монголд нүүлгэн ирүүлээд хүн амын нягтшилийг сайжруулан эдийн засаг, улс төрийн хүчээ бэхжүүлэх, алсдаа ЗХУ болон бусад улсуудын дэмжлэгтэйгээр Монгол улсыг тойруулан Төвд-Хятад-Туркестаны Монгол үндэстнийг нэгтгэж Төв азийн холбооны улс байгуулах ёстой. Ингэж чадвал Монгол нь  Орос, Хятадаас айхгүй эдний эсрэг сөргөлдөн зогсож болно.

Agiin buryad -mongol aimgiin Sharaid ovgiin Jamsrangiin Tsebeen. (1923 on)

Free the Mongols!!!

2008 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Horidoimergen

Buh medeelliig http://soyoltu.blog.gogo.mn/ ene blogt tuvluruulj baigaa bolno.

 Tokyo, Japan, March 25,2008



   /архив, Ж.Болорхажид Монголын нэг өдөр /2007.1.31/ /

Монголын төр хатуудаа хатуурхаж явсан үе бий. Нам төрийн нэрт зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очир агсны ТХ-ны дарга байхад нь эсэргүү болгон зарлаж, бүх ажил албанаас нь буулгаж, бүхэлдээ 23 жилийн турш цөлж хавчиж хэлмэгдүүлж байсныг бид өнгөрсөн 2006 онд санах ёстой байж. Учир нь өнгөрсөн жилийн турш дээр дооргүй Эзэн Чингисийн 800 жилийн ой гэж хөөрч байхад үүнийг хамгийн анх санаачилснаасаа болж хэлмэгдсэн Д.Төмөр-Очир агсны 85 насны ой давхцсан аж. Тэрээр олон жилийн турш хэлмэгдэж амьдарсны эцэст 1985 оны 10-р сарын 3-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан билээ. Ингээд Д.Төмөр-Очир агсны гэргий Монголын анхны одон оронч С.Нинжбадгартай уулзсанаа хүргэе.

-Төмөр-Очир агсан хамгийн анх Чингис хааны ойг тэмдэглэхийг санаачилж, түүнээсээ болж хэлмэгдэж байсан. Харин өнгөрсөн жил их ойн хүрээнд энэ бүхний эхлэлийг нь тавьсан ханийг тань ер дурссангүй. Уг нь 85 насных нь ой давхар тохиож байхад нам гүм байгаа нь таньд нэг юм бодогдуулж байгаа байх?
-Тийм ээ. Тэр тухай УТТ-ны тогтоол гарч манай өвгөн Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэхэд нэлээн хариуцлагатай ажилласан. Ойн хүрээнд дэлхийд хамгийн анхны Чингис хааны хөшөөг төрсөн нутагт нь босгосон. Гэвч Цэдэнбал гуай Оросын үгнээс гарах биш, Орос л дургүйцсэн байх даа. Чингис гэж хэлэхээсээ айдаг байсан цаг шүү дээ. Цэдэнбал гуай бол Чингисийг ерөөсөө ч үзэхгүй. Сүүлдээ тэр бүгдийг өвгөн дээр тохоод албан тушаал, сонгууль бүгдийг нь авч хаяад улс төрийн хэлмэгдэлтэнд өртөж бидний хотоос зайлуулаад цөлж байгаа юм. Эхлээд өвгөнийг Баянхонгорт барилгын конторын даргаар явуулахад нь миний ажил дээр Германаас мэргэжилтнүүд ирж дуран тавих гэж байсан болохоор би дагаж явж чэдаагүй. Өвгөн маань тэнд бас нэг байгууллагын дарга юм чинь хурал цуглаан болохоор нь очно биз дээ. Тэгэхэд нь зарим албан тушаалд дуртай юмнууд нүд үзүүрлэж, элдэв янзаар нь хэлдэг байсан юм билээ. Бидний толгойг мэддэг хүн нь Цэдэнбал болохоор Баянхонгороос хөөгөөд наашаа ирж Гэгээрлийн хэлтэст ажиллаж байсан. Тэгээд л цааш цаашаагаа цөлөгдөж явсан даа. Өвгөн маань анхны академичдын нэг шүү дээ. Тийм болохоор 80 насны ойг нь академиас санаачлаад хийсэн. 85 насных нь ой дээр ядахдаа хурал хийх байлгүй гэж бодсон. Юу ч хийхгүй л байна лээ. Бид нэг их хөөцөлдөөгүй. Академи ч хөдлөөгүй. 80 насан дээр нь хийсэн боллоо гэж бодсон юм байлгүй.

-Таныг Монголын хамгийн анхны одон оронч гэдгийг мэднэ. Нөхрийг тань ийш тийш цөлсөн ч, таныг болохоор хотдоо ажлаа хий гэдэг байсан гэж сонссон юм байна?
-Мэргэжлийн хүн цөөхөн байна гэж Төв хорооны зарим дарга нар хэлж л байсан. Гэвч Баянхонгороос буцаж ирснийх нь дараа Эвлэлийн төв хорооны дарга байсан Пүрэвжавтай муудалцсан хэргээр далимдуулан шийтгэж улсын прокурор руу шилжүүлчихсэн. Арай ч тэгж болохгүй л байсан байх. Тэгээд нөгөө Лоохуузын бүлэглэлийн хэрэг гараад, хамтруулж хөөгөөд, бид Хөвсгөлийн Ханхад очсон. Тэгэхэд нь би дарга нарт “Та нар өөрсдөө хүнээ олоод л тавина биз. Тэр газрын мухар руу нөхрөө яаж ганцааранг нь явуулж байдаг юм бэ?” гээд л ажлаа орхиод явсан даа. Тэнд гурван жил болох завсар хүнд өвчин тусаж хагалгаанд орлоо. Хүү гарлаа. Тэгээд Цэдэнбал гуайгаас “Биднийг дассан сурсан газар минь ойртуулж өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн. Энд ирсэн хойно ямар ажил өгөх вэ гэж гэж шийдэж Дарханд музейн даргаар явуулсан. Би политехникумд физикийн багшаар ирсэн.

-Дарханд бол жинхэнэ мөрдлөг, хяхалт хавчилтан дор амьдарч байсан гэсэн. Тэр болгон үнэхээр амаргүй байсан нь ойлгомжтой?
-Дарханд бид хаашаа ч явах эрхгүй хориод жил суусан. Намайг бол хорьсон хүн амьтан байгаагүй. Өмнөхөө бодвол гурван өрөө сайхан байшинтай, цахилгаан гэрэл, халуун хүйтэн ус гээд аятайхан байсан. Тэр тагнаж мөрддөг байсан үнэн. Ямар сайндаа манай яг зэргэлдээ айлын хананд чагнуур тавьчихсан. Манайд хэлж ярьж байгаа юм болгоныг хүн ирж сонсдог байсныг тэр айлын хүү сүүлд бичсэн байсан. Айлын авгай нар хүртэл чагнадаг байсан юм гэнэ лээ. Нөгөө Хөвсгөлөөсөө дордож, дандаа туршсан, дагасан, тагнасан дарамт их байсан. Өвгөн бол харж тагнаж байгааг нь андахгүй. Тэр сүүл явж байна гээд нөгөө улсуудаа ч таньдаг мэддэг. Яая гэхэв дээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байгаа юм. Их л хавчигдсан, тусгаарлагдсан хүн амьтнаас хөндий зожиг болж байгаа юм. Зайлуул. Дандаа л ард түмнээ бодоод “Миний Монгол болохоо байлаа. Оросод эдийн засагаа атгуулчихсан юм чинь улс төр юу байхав дээ гэдэг. Гэхдээ өвгөн маань холын бодол их сайтай хүн учраас цаг өөр болно шинэчлэл, өөрчлөлт эхлэнэ гэдгийг мэдэж байсан.

-Болох бүтэхгүй нэр зүүгээд цөлөгдөөд яваад байхаар найз нөхдийн хандлага ч өөрчлөгдөнө биз? Ингэхэд энд тэнд явахад ард түмэн их тусладаг байсан гэдэг?
-Хэлмэгдүүлээд зожиг болгочихож байгаа юм. Дарга нар ч дээрээсээ үүрэг даалгавартай л байсан байх. Ад үзэх янзтай юм бишгүй л баййна. Гэхдээ манайхаар орж гардаг хүн байсан. Зохиолч Чимэд бол дандаа ирнэ. Өвгөн “Чамайг харж байгаа шүү. Би чамайг хөөдчихнө шүү” гэхээр “Яадаг юм бэ? Хөөдвөл хөөднө биз” гээд тоох ч үгүй. Баахан ярьж, ярьж явдаг байсан. Бас Галмандах гэж зохиолч манайхаар очно. Тэгэхээр Яамны улсууд тосож уулзаж байгаад “Яах гэж очсон, юу ярьсан” гэж асуудаг. Тийм л байлаа. Ажлын оросууд бол бидний байдлыг тэр болгон мэдэхгүй. Тийм болохоор өвгөн маань “Өөрсдийнхнийгөө хөөдчихнө”гээд оросуудтай голдуу найзладаг байсан. Ер нь манай ард түмэн их сүрхий шүү. Бидэнд их элэгтэй сайн байсан. Уруудсан доройтсон, хавчигдсан хүнийгээ өрөвдөж хайрладаг ард түмний сэтгэл гэж байна. Албан тушаалд дуртай дэд дарга нар нь л хэцүү. Тэр үед ямар үнэн мөнийг нь ялгаж салгаж биш. Ханхад мал баазтай болохоор мал туусан тууварчид бидэнд “илүүдэхгүй шүү” гээд хонио ч, үхрээ ч өгнө. Ядахдаа санаа сэтгэлээр баясаад, үнэхээр том дэмжлэг юм шүү дээ. Нэг удаа бүр арваад хоньтой болсон байсан.

-Төмөр-Очир агсан өөрийг нь ингэж хавчиж гадуурхаж байгаад хэрхэн хандаж байв? Та л тэрийг мэднэ шүү дээ?
-Тэр бүгдийг Цэдэнбал л хийсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ Цэдэнбалыг муулахаар их дургүй. Би цаашлуулаад “Дөрвөд хүн хүн бишээ. Танай тэр Цэдэнбал чинь муу хүн юм даа. Өөрийнхөө унаган найзууд Лхамсүрэн, Ширэндэв хоёрыгоо ч өөрөөсөө холдуулаад хөөгөөд явуулчихлаа. Байр суурь, ширээ сандлаа авчих байх гэж тэднээсээ ухаан алдаж байхгүй даа” гэхээр л дургүй шүү. Тэр балайгаа өмөөрөх янзтай. Ямар сайндаа Цэдэнбал дурсамж бичүүлэх гэж байна гэнээ 50 оноос өмнөх Цэдэнбалыг бол би сайн мэднээ. Тэрийг нь биччих юмсан” гэж байхав дээ. Гэтэл ёстой нөгөө ёсгүй, мөсгүй хүн гэж Цэдэнбалыг л хэлдэг байх. Их цагаан цайлган, хүнд хар буруу, элдэв юм санадаггүй хүн байж. Бид хэд хэдэн удаа захидал бичсэн. Хариу ирэхгүй алга болно.

-Бас Хятадын талын хүн гэж их ярьж байсан байх аа?
-Цэдэнбал ч юм уу, хэн ч билээ санаачлаад өвгөнийг Хятад руу явуулсан. Тэр хойгуур нь өвгөнийг ажлаас нь авна. Тэгж явахдаа Мао Зэдунтай таарч гар барьсан. Тэгсэн сүүлдээ өвгөнийг Мао-той уулзсан Хятадын талын хүн гээд энд тэнд баахан яриа хийгээд явдаг байсан. Дараа нь Цэдэнбал зүтгэсээр байгаад өвгөнийг дахиж ажил дээр нь тавьсан. Нэг мөр унагаах гэж бодсон байх гэж одоо боддог юм. Өвгөн ч их урамтай ажиллаж байгаад хавар нь Чингисийн ой руу ороод л юм юм болсон. Чингисийн хөшөөг бүр 9 өрлөг, 2 загалтай нь том цогцолбор хийлгэнэ гэж байхад нь би дотроо айж л байсан. Харин сүүлдээ маш бат бөх хэн ч нурааж чадахгүй ганц хөшөө хийх гээд хийсэн шүү. Цэдэнбал хэд хэдэн удаа нураалгах гээд нутгийн иргэд эсэргүүцээд чадаагүй.

-Хань тань бусдын гарт амиа алдаад хорь гаруй жил болж байна. Тэтгэвэртээ гараад гэртээ сууж байсан хүнийг хөнөөх хэрэг хэнд байсан гэж та боддог вэ?
- “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр айгаад л байсан юм байна лээ. Тэгээд л аминд нь хүрсэн. Өвгөн маань улсдаа нэр хүндтэй, ард түмэн хайртай хүн байсан болохоор Цэдэнбал түгшиж байсан юм байлгүй. 85 онд намайг хот руу өвчтэй ахыгаа дагаад ороод ирсэн хойгуур, гэртээ ганцаараа байж байхад нь тийм юм болсон. Эзэн олддоггүй бас их сонин. Тэр өдөр Дархан бүр сул болчихсон. Ганцхан дарга л байсан. Бусад нь байгаагүй. Прокурор нь ч байдаггүй. Сэргийлэхийн дарга нь ч тэр өдөр солигдсон, гэрт ч хүн байхгүй ийм л эгзэгтэй цаг байсан даа. Тухайн үед Зөвлөлтөд шинэчлэл гээд цаг үеийн байдал эгзэгтэй байсан юм. Өвгөн ч тэрэнд нэлээн баяртай “Байдал эргэлээ”гэж мэдэж байсан. Нэг тиймэрхүү л үе таарсан даа. Тэгээд өвгөний шарилыг аваад хот руу орж ирж, далан давхарт тавиад хөшөө босгосон.

-Та энэ хэргийг илрүүлж өгөөчээ гээд төр засагт олон удаа хандаад бүр цөхөрсөн байх даа?
-Хүитэй ажиллаж болохгүй бол өөртэйгээ ажиллалаа гээд өглөө бүр гүйдэг, дасгал хийдэг тамирчин хүн байсан. Аюул өөр талаас гарч ирж байгаа юм. Хүний гарт амь үрэгдээгүй байсан бол өдийд хамтдаа байж л байгаа. Би бол үүнийг хувьсгалт нам л хийсэн гэж боддог юм. Өөр хэн хийх вэ. Ганц манай өвгөнийг биш олон хүнийг хядсан шүү дээ. Гэвч одоо хэр нь буруугаа хүлээхгүй. шалгаж чадахгүй байхгүй юу. Үнэхээр энэ нам шинэчлэгдэж байгаа юм бол олон түмний өмнө буруугаа хүлээх ёстой. Би “Өвгөний хэргийг учрыг нь олж өгөөчээ. Та нар тодорхой мэдэж байх ёстой. Мэддэг газар нь байна шүү дээ” гэж Багабанди ерөнхийлөгчид, Энхбаяр ерөнхийлөгчид ХЗДХ яаманд бичсэн. Гэвч “За ч үгүй, үгүй ч үгүй” таг болчихдог. Ийм л байна шүү дээ.

 

МУ-н иргэнийг БНХАУ-нхан цагдан хорьлоо

2008 оны 03-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
008 оны Нэгдүгээр сарын 6-ны өглөөний 11:45 д Улаанбаатараас Бээжингийн чиглэлд хөөрсөн Air China нислэгийн компаны онгоцонд Монгол Улсын иргэн Мон-Энергио компанийн захирал Пүрэвсүрэн болон Жаранбаярын Соёлт; Бат-Эрдэнэ нарын хүмүүс сууж явсан байна. Гэтэл өдрийн нэг цагт онгоц Бэйжинд газардмагц БНХАУ-н цагдаагийнхан Жаранбаярын Соёлтыг баривчлан саатуулсан бөгөөд одоог хүртэл суллаагүй байна.

 Түүнийг баривчилсаныг тодруулваас тэрээр урьд нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэн байж байгаад хэлмэгдсэн гэдгээс өөр  шалтгаан олдохгүй байгаа билээ.

Болсон үйл явдлыг түүний эхнэр болох Туулын ярианаас товчлон сийрүүлвэл, Пүрэвсүрэн, Бат-Эрдэнэ нарыг шалгангаар түрүүлж гаргасан боловч Соёлтыг байцаагаад бүтэн хоёр цаг болтол гарч ирээгүй тул хамт зорчигсод нь учрыг лавлахаар шалганд эргэж очтол Соёлтыг таван цагдаа тойрон хашаад бас гавласан байхыг харжээ. Соёлт тэр даруй нөхдөөсөө Улаанбаатарт суугаа гэр бүлийнхэн болон Бэйжин дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам руу хандаж өгөхийг хүссэн байна.

    Түүнийг баривчлагдан явсныг сонссон гэрийнхэн нь Гадаад Явдлын Яаманд хандсан бөгөөд яамныхан тэр даруй холбогдох Хятадын талын удирдлагуудтай холбогдсоны дээр тус яамны байцаагч ноён Болдыг Соёлтын хэргийг байцаалгахаар томилон удаа дараа хариу өгөхийг шаардсан боловч БНХАУ-н талаас ямар нэгэн хариу өгөөгүйн дээр түүнийг одоо болтол хорьсон хэвээр.

   Удтал сураг чимээгүй байсны эцэст гэргий Туул нь Пүрэвсүрэнгийн хамтаар Бэйжинд нөхрийнхөө сургийг гаргахаар мөн сарын 28-нд очжээ. Харин манай элчин сайдын яамны газрын Бадамнямбуу дарга 31ний өдөр нь хүлээн авч хамтдаа Бэйжингийн зохих дээд удирдлагуудтай уулзсан бөгөөд энэ үеэр Соёлтыг баривчилсны маргааш хилээр гаргаж БНХАУ-н нутаг дэвсгэрт оруулсан болох нь тодорхой болжээ. Харин үүнээс өмнө  БНХАУ-н албаны хүмүүс түүний талаар мэдэхгүй гэж хэрэг явдлыг үгүйсгэж байсан юм.

   Хачирхалтай нь 1.11 ний өдөр хамт аялж явсан Пүрэвсүрэнтэй Соёлт холбоо барихдаа гадаад пасспорттой холбоотой ямар нэгэн асуудлаас болоод саатуулагдсан учраас хэрэг явдлыг дордуулахгүйн тулд гадаадын мэдээллийн газруудад түүнд учирсан явдлын талаар мэдэгдэхгүй байхыг хүсчээ. Үүнээс үзвэл ардчилсан эрх чөлөөт манай орны иргэн 21-р зуунд хэлмэгдэн сүрдүүлгэн доор байгаа нь илт байна.

   Өвөр Монголчуудын зүгээс түүний үндэслэлгүйгээр баривчлагдсанд санаа зовсон Өвөр Монголын Хүний Эрхийн Төвийнхөн манай яамны ажилтан Бадамнямбуутай холбоо барьсан ч тэрээр энэ удаад хариу хэлэхээс татгалзжээ. Мөн тус төвийнхөн Бэйжингийн нисэх буудлын аюулгүйн албаныхан болон тусгай шалгангийн хүмүүсээс уг хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхийг хүсэмжилсэн ч аль талаас хариу мөн л өгөөгүй гэж мэдэгджээ.

    Жаранбаярын Соёлтын товч намтар:
ӨМӨЗО-ны Шилийн Гол Аймагт төрсөн тэрээр Өвөр Монголд хүний эрхийг хамгаалан дээдлэх асуудлаар олон жил ажиллаж бие сэтгэлээрээ зүтгэсэн нэгэн билээ. Соёлт нь 1981 онд Өмнө Монголын олон оюутан сэхээтнүүдийн БНХАУ-н засгаас нутгийн уугуул иргэдийн хүсэл бодлыг үл харгалзан 600,000-н Хань үндэстэй Хятад иргэдийг улс орондоо оруулж ирэхийг эсэргүүцэн боссон тэмцлийг удирдагчдын нэг байсан бөгөөд үүнийхээ улмаас хэлмэгдэж Монгол Улсаас улс төрийн орогнол хүсчээ. Түүнчлэн 1993 онд болсон Дэлхийн Монголчуудын Анхдугаар Чуулга  Уулзалтан дээр тавьсан илтгэлдээ, Соёлт БНХАУ-н засгийн удирдлагуудын санаачилсан уугуул цөөн тоот үндэстэдийн бодлого нь хэрэгтээ уугуул иргэдийг мөхлийн замд нь түлхэж байна гэж шүүмжилж байсан нь саяхан. Харин 1997 онд Жаранбаярын Соёлт нь манай улсаас хэрэгжүүлж буй Уугуулшилын Актын дагуу Монгол Улсын иргэн болсон байна.

   ӨМӨЗО-ы өөр бас нэгэн хүний эрхийн төлөө явагч Хадаагийн улс эх орныхоо, үндэстэнийхээ төлөө ардчилсан, шударга зарчмаар тэмцээд БНХАУ-н шоронд хоригдсон эмгэнэлтэй түүхийн тухай бид урьдны нийтлэлээрээ хүргэсэн билээ. Энэ түүх Соёлтод давтагдахгүй гэхийн баталгаа алга. 2008 оны Бэйжингийн Олимп айсуй...  БНХАУ-н Олимпын Хорооны дарга Лиу Жинминь засгийн газраа төлөөлөн хүний эрхийг дээдэлж, альваа nш үндэсгүй хүчирхийллийг үйлдэхгүй ба цөөн бага үндэстэний тухайд баримтлах бодлоготоо эерэг өөрчлөлт гаргана гэсэн амлалт  нь олон улсын Олимпийн Хорооны индэр дээрээс цуурайтсаар л.. Гэтэл одоо БНХАУ-д хүний эрхийг зөрчсөн хоморголон баривчлах явдал зургадугаар сарыг ойртох тусам улам гаарч байна. Улс дотроо тэдний эрх баригчид нь тийм шударга бус эрх мэдэлтэй байдаг юм аа гэхэд энэ чинь манай улсын иргэн, бүрэн эрхэт нэгэн улсын иргэнийг дур мэдэн хориод араас нь ямар ч мэдээ, баримт өгөхгүй байгаа нь олон улсын харилцааны горимыг зөрчсөн хэрэг бус уу?

   Та бүхэн хэрэвзээ Соёлтыг цаашдаа ч суллан тавихгүй тохиолдолд олон улсын хүний эрхийн байгууллагуудад бидний илгээх захидлын хамт өөрийн тусыг нэмэрлэхийг хүсвэл доор сэтгэгдэл үлдээх хэсэгт холбоо барих цахим хаягаа болон сэтгэлийн үгээ, товч нэртэйгээ бичиж үлдээнэ үү. Энэ нийтлэлийг хөрвүүлэхийн хамт өөрийн сэтгэгдлийг нэмэн суугаа миний бие хэдийгээр бидний энэхүү зүтгэл ямар үр дүнд хүрэх бас энэхүү үгсийг хэргийг гаргах эсэхийг ч мэдэхгүй байгаа ч элэг нэгт Монгол ахан дүүс минь, та бидний нэгэн дахин хилс  хэргээр хайран амьдралаа үрж шоронд бүү тарчлаасай гэсний үүднээс та бүгдээс болгоохыг хүсье!

Б.Хэрлэн

 www.mongolhuraldai.org
 

Mongol huu. (Ovormongoliin duuchin Tenger.)

2008 оны 03-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
<object width="300" height="80"><param name="movie" value="http://media.imeem.com/m/7wzXU65wFD/aus=false/"></param><param name="wmode" value="transparent"></param><embed src="http://media.imeem.com/m/7wzXU65wFD/aus=false/" type="application/x-shockwave-flash" width="300" height="80" wmode="transparent"></embed></object>

©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB