HORIDOIMERGEN : Гадаад оюутны байр

Гадаад оюутны байр

Б.Түмэн-Өлзий

Гадаад оюутны байр

“Гадаад хүн” биш атал гадаад оюутны байранд суухад дотор нэг л биш. Үнэн биш, эндүүрэл байна гэж бодогдох агшин ч бий. Гарч ороход биенээсээ салгаж болдоггүй таван одот тамга тэмдэгтэй цусан улаан паспорт л “энэ үнэн шүү” гэж халааснаас өгүүлээд байдгийг яая. Арваад алхамын цаана сургуулийн дотуур байр бий. Даанч байрлая гэхэд паспорт үл зөвшөөрөхөөс гадна хэл аялгуу, зан заншил, бодол сэтгэл гээд өөрөөс минь шалтгаалах нийлж уусахгүй зүйл зөндөө байгаа. Эцэсийн эцэст гадаад оюутны байр л мань шиг хүмүүст зохицоно гэдгийг нэг их удалгүй мэдэрч байсан юм. Эртний домгийн баатар Чингисийн агуу монгол хожмын домгийн баатар их гүрнүүдэд талх хэрчигдэх мэт хэд ангилагдсанаас хойш он жилийн удаан удаанд хүн ард нь өөр өөр өнгө аястай болцгоож байгаа нь энэ. Эрт үед герег ромчууд л ингэж салж сарнин бие биеэ даасан, туг тугаа мандуулсан улс засаг болж байсан болов уу.
Хонхэрээдийн Энхбат гэдэг нэгэн буурал, монголын уугал ба өнөөгийн газрын зураг гээд өөхөнд баглагдсан бөөрийн дүрсийг зурагтаар харуулж байсан юм. Бөөр нь одоогийн Монгол улс, хятад орост эзлэгдсэн монголчууд нь бөөрөө багласан өөх гэсэн үг. Бөөрийг шарж идэхэд, өөх нь урьдаар түлэгдэж тос болон гоожиж, урьдаар ходоодонд орж очно. Энэ ёсон тэр зургийг үүх түүхийг өгүүлээд байна уу даа гэлтэй. Дөрвөн давхартай гадаад оюутны байрийг арагшаа нь хэвтүүлбэл Хонхэрээдийн Энхбатынхаас арай өөр нэг газрын зураг болно. Хоёр гуравдугаар давхарт нь Их монголын тасархай бутархай өвөр монгол, буриад, халимаг, тува нар. Нэг, дөрөвт нь монголтой огт холбоогүй ч холбогдохыг оролдсоор ирсэн хятад, орос, япончууд. Үхэрийн бөөр шиг наалдсан Их монголын тасархай бутархайнууд амьдралын дунд арай өөр өөр. Таван тарианы үр олон жил идсэнээрээ өвөрлөгчидийн төвгөр улаан гэр хацар, бөмбөгөр өөхлөг мөчнүүд нь алга болж шувтгар цагаан царайтай, хавчгар нарийхан мөртэй болжээ. Гэвч тэд монгол хэлээрээ ярина, монгол хэлээрээ хэлд орсон, монгол хэлээрээ цэцэрлэгээс их сургууль хүртэл боловсрол хүртсэн. Тэд эзэн Чингисээрээ бахархана. Тэд тэрбум хятадуудын дунд уусахгүй гэж, хэл соёлоо хадгалана гэж хөлс урсган ажиллаж цус урсган тэмцсээр иржээ. Тэд өөрийн үсэг бичиг, өөрийн аж ахуй, өөрийн гэсэн өргөн уудам нутаг дэвсгэртэй болохоор хятадын савраас салж өөрөө толгой мэдэж эзэн суусан улс гүрэн аль нэгэн өдөр байгуулж чадна гэдэг итгэл мөрөөдлөө ерөөс алдаагүй, туурга тусгаар улс болох зүүдийг олон жил үе залган зүүдэлсээр, зүүд нь хааяа зэргэлээ мэт сүүмэлзээд авдаг ч удаа бий. Тийм л болохоор тэд буриадууд шиг олон тоогоор Ар халх руу дүрвэн орж ирсэнгүй. Гадаад оюутны байранд ам бүлийн тоогоор буриад оюутад хамгийн олон. Буриадууд монголчуудтай адилхан маханд дуртай оросуудтай нэг бүлд амьдрах болсоноор идээнд нь хувиралт гарсангүй. Идээнд нь хувиралт гараагүй болохоор махбод нь хувиралтгүй. Буриадууд монголоор ярьж чадахгүй (хэлээ мартсан нь монголд сурахаар ирдэг байж болно), буриад нутгийн аялгуугаараа ч ярьж чадахгүй. “-Миний аав ярьж чадна”, “-Миний өвөө ярьж чадна” гэж хариулах нь Хөххотод төрж өссөн өвөрлөгч хүүхдүүдийг санаанд оруулна. Арга ч үгүй, өвөрлөгчидийг манжид эзлэгдэхээс өмнө буриадууд оросын харьяанд орчихсон юм чинь. Зүүн талаас мандсан жүрчидүүд Лигдэн хутагтыг хөөн шахамдуулж хаа холын Шар талд туун зайлуулаад удаагүй үед хойд зүгийн орос дээрэмчид Шивэрийн зүг түрэн ураа байсан түрэг монгол (буриад гэдэг нь тэдний доторхи нэгэн аймгийн нэр юм) малчидыг галт зэвсэгээр үлдэн тууж байлаа. Энэ бол бидний үнэн түүх, өнгөрөн удаагүй зүйлс. Буриадууд цус холих юм бол нүд хамраараа мэдэгдэх болохоор өвөрлөгчидийн адил цэвэр цустай байтлаа эрлийз буюу хужаа гэж халхчуудад хараагдах зовлонгүй. Ингээд бодоход өвөрлөгчид бид хар хятадтай биш, бор малайз буюу шар уйгуруудтай хиллэж байсан бол Улаанбаатарт үүдээ гарвал хилс хараалд өртөхгүй нь ээ.
Тува нар буриадтай адилхан орос хэлээр гэгээрдэг, оросоор ус цас шиг ярьж чадавч өөр хоорондоо зөвхөн тува аялгуугаараа ярина, орос хольцгүй цэвэр ярина. Энэ талаар хятад үг хольж хэрэглэдэг өвөрлөгчидөд дууриал болж чадна. 1944 оноос Зөвлөлтийн газрын зурагт зурагдах болсон тувагийн залуучууд өөрийгөө монгол гэж үзэхгүй, хэлэнд нь “ном, ширээ, цэцэг” гээд зөндөө монгол үг байдаг ч угсаа язгуурын талаар монголтой ямар ч холбоогүй гэж үздэг юм байна.
- Тагна тува, тагнын урианхай гэдэг чинь монгол! Та нар суудаг гэр, үндэсний хувцасаа хараач гэвэл тува найз маань:
- Бид түрэг угсаа, танай монголтой ямар ч холбоогүй гэнэ.
- Хэн тэгж хэлж өгсөн бэ?
- Сурах бичигт.
Их гүрнүүд бага үндэстнийг баллах анхны алхамд түүхийг нь мартуулна. Мартуулахын анхны алхам нь гажуудуулан бичиж өгнө. Нэг үе нь дургүйцнэ, дараахь үе нь сэжиглэнэ, гуравдугаар үе нь хүлээн авна. Тува найзаа их оросоос салгаж “монгол болгох” гэж ном тавьсаар байж хэт яарсаны уршигаар монгол болгохыг нь бүү хэл, найз ч үгүй болов.
Хятадууд 1911 онд байгуулсан Дундад Иргэн улсаа таван үндэстэнтэй гэж байснаа манжийн салган бутаргаж засах аргыг төгөлдөржүүлж 1947 оноос хойш нэмэн нэмсээр 56 үндэстэн болгожээ. Зөвхөн түвдээс найман үндэстэн салгажээ. Монголын дагуур ястаныг ч үндэстэн болгожээ. Хамаг монголын хойт биеэр нутагладаг байсан дагуур монголчууд нь буриад, харчинтай адил бүх монголын доторхи хамгийн эрт соёлжсон аймаг билээ. Монгол улсын ардын хувьсгал, соёл боловсролын үйлст их олон буриад сэхээтэн гарамгайлан зүтгэж байсантай адил өвөр монголын орчин үеийн үндэстний хувьсгал, соёл боловсролын үйлст дагуурчууд тэргүүлэх үйлдэд гаргасаар иржээ. 1925 онд Өвөр монголын ардын намыг үүсгэн байгуулсан гол хүн нь Мэрсээ гэдэг дагуур нөхөр, хорьдугаар зууны эхэнд английн Кембриж их сургуулиас төгссөн сэхээтэн аж. Өнөөдөр бидний гэр гэртээ тахиж бий “Монголын нууц товчоон”-ыг хамгийн түрүүнд хятадын харанхуй мүзейгээс гаргаж монгол бичигт буулгасан Цэнд гүн ч дагуур хүн. Цэнд гүнгийнхэн гурван үеэрээ Нууц товчоо судалсанаараа хорвоод алдартай. Гүнгийн ач нь Дэжид гэж авгай насаараа монгол сэтгүүл хийсэн хүн, намайг ажилд орох жил тэтгэвэртээ гарсангүй бол би тэр хүний дор сэтгүүлчийн алба хаших байлаа. Дэжид гуайн охин Имин гэгч Хөххотод төрж өссөн охин бий. Бид үеийн болохоор бүжигт хамт явдаг байсан. Нэг удаа найрлаж байгаад: - Дагуур, монгол гэдэг чинь угтаа нэг л үндэстэн шүү гэсэнд Иминий царай нь хөхөрч: - Чи битгий бидний үндэстнийг доромжил! Та нар ч гэсэн өөрөө хятадын доромжлолыг амсч байгаа биз дээ гэв. Би амаа алгадуулсан шиг болж юу ч ярьж чадсангүй. Энэ үед тайлбарлалт хийвэл санаснаасаа эсрэг үр дүнд хүрнэ гэдгийг би мэдэж байлаа. Насаараа монгол соёлын төлөө зүтгэсэн Дэжид, Түвшин (дагуур ястан, алдарт бүжигчин. “Арван тавны сар” дууны аяыг зохиогч Түнбү гуайн дүү) авгай нөхөр хоёроос өөр нэгэн үндэстний иргэн мэндэлсэн аж. Хятадын бага үндэстний түүхийг мартуулж улмаар уусгах бодлого туйлын үр шимтэй байгаа гэдэг энд тод харагдлаа. Сүүлийн хоёр жил хятадууд бүр давшуурч, дагуурчуудын дээдэсийг тодолж өглөө: Дагуур бол монголтой огт холбоогүй, киданы хойчис гэдгийг ДНК –аар тогтоосон гэж хятадын “Ардын өдрийн сонин”, Төв телевиз дээрээ зарлалаа. Гадаад оюутны байранд суух нь их монголын тасархай бутархайнуудын одоогийн байдлыг ойлгох өөр хаана ч олдохгүй ховор завшаан гэж би бодож байлаа. Гэвч өөр өөр хэлтэй болсон нь бага саад, өөр өөр соёлтой болсон нь бага бус саад. Гадаад оюутны байран дахь монгол хэл гэдэг маань Нэгдсэн үндэстний байгууллагын саарал байшин дахь англи хэл гээд бодчих. Бараг л хүн болгон нэгэн аялгуутай. Өөр өөрийн харьяалагдах улс орон, толгой дээр нь ноёлсон их үндэстнийг харааж зүхэх нь бий гэхэд бахархах нэгэн ч дутахгүй. Жишээ нь хятадын талыг баримтлагч өвөрлөгч хүн хятадын эдийн засгийн хөгжилт гээд ярих дуртай байхад оросын талыг баримтлагч буриад нь оросын уудам нутаг ганган байгаль, орос хүний шууд шулуун зан чанар гээд ярихаар мэтгэнэ. Өдөр адил бус мэргэжил хөөж, адил бус багшид шавилж, адил бус хүнсээр хооллодог улс шөнө болоход адил болж ирнэ. Тэр нь архи найр. Монголчууд үдийн нар шиг тулайж байхдаа оросын арван таван ванг банзан доор дарж суугаад архидан найрлаж байсаныг мэдэх хүн энд олонгүй, монголчууд мандаж байх үедээ архи дарсыг ингэж дур таваар эдлэдэггүй буюу цээр хориотой байсан, хятадуудад хар тамхи татахыг англичууд сургасаны адил монголчуудыг мориндоо мордох дургүй ширээнээс салах дургүй болтол найрлахыг манжууд хөтөлсөн гэдгийг мэдэх хүн энд өдрийн од. Уугаад л ирсэн, болоод л байсан гэж бодох нь олон. Өвөг дээдэс нь ууж найрлаж байгаад дэлхийг эзэлсэн мэт сэтгэдэг нь одоо үеийн монголчуудын нийтлэг сэтгэл. Оросоос ирсэн, хятадаас ирсэн, хүрээнд төрсөн гээд уухаас өмнө царай зүсээсээ алхах гишгэх нь хүртэл өөр өөр боловч, хэт уучихаад ирэхээр нэг л аавын хүүхдүүд шиг адил болно: уух дуртай, уувал зогсохоо мэдэхгүй. Шалж шахаж нэгнийгээ уулгана, шарттал ууцгаана. Үүр цайтал найрлана, өрөө найгатал бүжиглэнэ. Хэмжээ нь хэтрээд ирэхээр хэдэр догшин үг чулуудна, хэн нь илүү монгол сэтгэлтэйгээ адилтгана, аман байлдаан узаархаар атган байлдаан эхлэнэ, ам хэлээ олохгүйгээс хойш шил оруулан өндөрлөнө. Маргааш нь юу ч болоогүй шиг зүг зүгт явж хичээл номдоо сууж хэв хэвээ сахина, зүүд зүүдээ манана. Гаднаас нь харахад гадаад оюутны байр, дотроос нь шинжихэд дотуур байр. Галбад ийм нэг соньхон байшин бий. Хаяг: Зүүн хүрээ, Гайлийн ерөнхий газарын зөв тал, зуун айлаас зуун метр урагшаа.

2007-5-15

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
enkhee (зочин)

tiim shuu

Lordsky (зочин)

Амар мэнд ээ? Та бичсэн энэ нийтлэл надад өвөрлөгчдийг харах нэг шинэ өнцөг өглөө. Би Халх монголчууд бид та буриад өвөрлөгчдийн буянаар тусгаар тогтносон гэж боддог. Зарим хүмүүс өвөрлөгчид хятадаас илүү муу санаатай, буриадууд ч гэсэн дээ гэж ярьж байхыг их сонсон гэхдээ бас нэг хятад эр хальт сурсан монгол хэлээрээ хазгай муруй нэ монгу муу гэж хэлсэн Тэгтэл тэр хятад эр гаалийн мэдүүлэг бөглөж чадахгүй байсан хэдэн хятад дээр гүйж очоод туслаж байхыг нь хараад хятадуудын биднийг хооронод нь яс хаяж салган бутаргах үзэл сарниагүй, түүхэнд гардаг тэр үйл явдал одоо ч болоод л байгааг ойлгосон. Тэр үед намайг вагонд суулгаж өгөх өвөрлөгч надаас илүү мөнгө шаардсан байсан тэгсэн ч би тэднийг өөрийнхөө нутаг дээр хүнд дээрэлхүүлэхгүй амьдарахын тулд би надаас илүү энэ хүнд энэ мөнгө илүү хэрэг болно гэсэн сэтгэлээр өгсөндөө бярлаж явдаг юм. Бээжинд амьдардаг танил өвөрлөгч залуу (эхнэр нь монголоор ойлгохоос сайн ярьж чаддаггүй) нэгэн хятад ресторанд хооллонгоо хатуу юм татаад хятадууд биднийг их дээрэлхдэг гэж хэлээд нүднээс нь нулимс цийлгэнэн эхнэртээ толгойгоо нааж элбэрэл эрэх мэт байсныг санах тутамд өнөөгийн монгол улсын иргэд болсон хүчирхэг улсыг цогцлоож чадах юм бол наад зах нь өвөрлөгчидийг маань дээрэлхэхээсээ эмээх байх гэж боддог болсон. Хүдэтгэн ёсолсон Lordsky

burenbayar (зочин)

Photobucket

Org (зочин)

Saihan bichsen baina. Uuriin chin uzel bodol taalagdaj baina. Uurtei chin adilhan uzel bodoltoi zaluuchuud olon sanagdsan gagtshuu tednii negtgeed zangidah manlailagch alga baina. Manlailagchtai bol ch huchirheg mongol oirhon haragdaj baina.

pro and contra (зочин)

Сайн байна уу? Түмэн-Өлзий гуайн блог эсвэл вэб хуудас байдаг болов уу?

kk (зочин)

Сүүлийн хоёр жил хятадууд бүр давшуурч, дагуурчуудын дээдэсийг тодолж өглөө: Дагуур бол монголтой огт холбоогүй, киданы хойчис гэдгийг ДНК –аар тогтоосон гэж хятадын “Ардын өдрийн сонин”, Төв телевиз дээрээ зарлалаа.

--Utgagui zuil bichij! Kidantai holbootoi geheer mgl bish bolchdiimuu?Kidan bol mgl.Kidanchuudiin zarim ni Baarinchuudad shingesen bdg.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB