HORIDOIMERGEN : Буриад-Монголын үндэстний хөдөлгөөн, тулгамдсан асуудлууд

Буриадын үндэсний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, Буриад Монголын Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг В.А.Хамутаев “Буриадын үндэсний хөдөлгөөн Оросын нийгэм-улс төрийн хөгжилд (1980-аад оноос 2000-аад он)” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Сэдэвт ажилд, Буриадын үндэсний хөдөлгөөний түүхэн замнал, тулгамдсан асуудлуудыг олон талаас нь тусган харуулжээ.
Оросын импэрийн үед хар зуут, национал-шовинизм, антисэмитизм, ксэнофоби зэрэг сөрөг үзэгдлүүд газар авч, цөөнх ард түмнүүдийн нөхцөл байдлыг нэн хүндрүүлсэн нь, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хаа сайгүй өрнөхөд хүргэсэн. Большевикууд үндэсний хүчин зүйлийг мэдэрч, Оросын цөөнх ард түмнүүдийн эрх чөлөөний асуудлыг: бүрэн тусгаар тогтносон улс, холбооны улс, автономит улс, муж, үндэсний тойрог, дүүрэг, зөвлөл, суурин зэрэг янз бүрийн хэлбэрээр шийдвэрлэж байв. Жижиг юм уу, сарнингуй ард түмнүүдэд зориулж 250 үндэсний дүүрэг, 5300 үндэсний зөвлөл байгуулсан аж (1932 оны байдлаар).

Гэвч Сталин үндэстнүүдийн эрхийг нэн хязгаарлаж, фэдэрализм-автономизмын зарчмыг унитаризм-цэнтрализмын хатуу тогтолцоогоор сольжээ. Сталинаас хойш ч байдал төдийлөн дээрдсэнгүй. Энэ нь цөөнх үндэстнүүдийн дунд дургүйцэл, эсэргүүцэл үүсэх суурь болж өгч байв.
Оросчилох бодлого, удирдлагыг оросжуулалт, хэт интэрнационалчлал, үндэсний эрхийн хязгаарлалт, өргөн хэмжээний шилжүүлэн суурьшуулалтууд нь 1957 оноос эхлэн, ялангуяа 1960-70-аад онуудад эсэргүүцлийн хэлбэрүүд, угсаатан хоорондын мөргөлдөөн гарахад хүргэж байлаа.
Титул үндэстний хэлэнд шинэ хязгаарлалт тавихад, 1974-1976 онуудад холбооны, автономи улсуудад эсэргүүцлийн жагсаал болж, оросчлолын эсрэг шинэ давалгаан өрнөсөөн.
1985 оны 12-р сард Якутск хотноо якут оюутан залуучууд үндэсний эрх чөлөөний төлөө эрслэн үймэв. 1986 оны 12-р сард, ЗХКазУ-ын  тэргүүнээр орос В.Колбиныг томилсноор, казахууд үндэсний агуулгатай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг зэвсгийн хүчээр л тараав. 1989.4.9-нд Тбилисид, 1991.1.13-нд Вильнюст үндэсний хөдөлгөөнийг зэвсэг хэрэглэн дарсан нь Кремлийн удирдагчдын үндэсний бодлого тун ч муйхар, алсын хараагүй, ухаалиг бус байгааг харуулав.
1985 оноос эхэлсэн “перестройка”, “дээрээс өрнөсөн хувьсгал”, улс төрийн дулаарал нь Буриадад үндэсний хөдөлгөөн хүчээ авах нөхцлийг бүрдүүлж өглөө. Буриад түмний, төр улсын, панмонголизмын, политоним-этнонимийн (Буриад-Монгол, буриад-монголчууд) асуудлууд сөхөгдөж, яригдаж, олны анхаарлыг татах болов. “Гэсэр” нийгэмлиг (лам Б.Балданов, бөө В.Хагдаев нар), Буриад сэхээтний холбоо (философич И.Урбанаева нар) зэрэг үндэсний чиг баримжаатай байгууллагууд ч үүслээ.
1990 онд буриад гурван автономийн (Буриад ЗХАУ, Ага, Уст-Ордын АТ), дайн, нам, хөдөлмөрийн 100 ахмад зүтгэлтний ЗХУ-ын Дээд зөвлөлд өргөн барьсан илгээлт,  үндэсний асуудлыг шийдвэрлэх төсөл том үйл явдал болсон юм. Буриад улсын нутгийг 1937 онд тав хуваан, ард түмнийг салган бутаргасныг цуцлан, бүрэн бүтэн байдлыг сэргээх; ДХАК-аас тулгасан зохиомол хэргүүдийн золиос болгож олон мянган буриад хүнийг хэлмэгдүүлж, амь насыг нь бүрэлгэсэн, М.Ербанов тэргүүтэй буриадын удирдлагыг толгой дараалан буудан хороосон харгислалын үр дагаврыг арилгах, хохирогчдыг цагаатгах зэрэг шаардлагыг эрс шийдэмгийгээр тавьсан юм.
“Панмонголизмын улс төр, нутаг дэвсгэр, эдийн засгийн үндсийг устгана” гэж Буриадыг хэсэгчлэн салгасан ажээ. Үүнээс болж, эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн хүнд асуудлууд үүсч, ард түмний нэгдэл нягтрал алдагдаж, соёлын үнэт зүйлс, ардын уламжлал, зан заншил устаж, буриад хэл мөхөхөд хүрчээ.
Ахмад зүтгэлтнүүдийн илгээлт, төсөлд төр хайхрамжгүй хандсан тул, хэрэгжлийг олоогүй байна.
Буриад Монголын Ардын нам (БМАН), “Нэгдэл” хөдөлгөөн зэрэг үндэсний байгууллагууд үүссээр байлаа. Үндэсний сэргэн мандалтын төлөө хамгийн тууштай, ул суурьтай тэмцэж асан БМАН-ын үзэл санаануудыг буриад автономиудын төрийн бус болон төрийн байгууллагууд шууд зээлдэн хэрэглэх нь өргөн түгээмэл байсаар ирэв.
Энэ бүхэн нь, 1990 оны 2-р сарын, Буриадын “хилэн хувьсгал”-д хүргэсэн билээ.  1991 оны 2-р сард “Бүх Буриадын, үндэстний оюуны сэргэн мандал, эв нэгдлийн их хурал” явагдаж өнгөрөв. Их хурал буриадуудын үндэсний тулгамдсан чухал асуудлуудыг хэлэлцсэнээрээ ихээхэн ач холбогдолтой. Буриад улс түмний нэгдмэл байдал; Буриад-Монгол гэх нэр, буриад хэл соёлыг сэргээх; холбооны улсын статустай болох талаар чухал шийдвэрүүдийг гаргасан нь одоо ч ач холбогдол, нөлөө ихтэй байна.
1992 оны 3-р сард Холбооны гэрээ байгуулагдаж, 1993 оны 12-р сард ОХУ-ын Үндсэн хууль батлагдлаа. Холбооны улс байгуулагдах явцад үзэл санааны, угсаатны улс төрийн санал зөрөлдөөн, зөрчил их гарсан. Зарим сүбект холбооны бүрэлдэхүүнд оролгүйгээр тусгаар тогтнохыг эрмэлзэх, холбооны гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байх нь тохиолдсон тул, тэдэнтэй төвийн зүгээс тусгай гэрээг байгуулж байлаа.
Буриад улс тусгаар тогтнолын (сүвэрэнитэт) статустай болж, бусад адил эрх хэмжээт сүбекттэй тэгш эрхтэйгээр холбооны улсыг байгуулсан нь ололт мөн юм. Угсаатны улс төрийн хөдөлгөөнүүдийн идэвх санаачлага л  унитар биш, фэдэратив улс үүсэхэд хүргэсэн.
Буриад улс автономи эрхээ сүвэрэн болгож, Тусгаар тогтнолын тухай тунхгаа гаргаж, өөрийн Үндсэн хуулийг баталсан нь титул ард түмний үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн үр болой.
Бүх Буриадын хурал (Общебурятский хурал) хэмээх том арга хэмжээ зохион  байгуулагдаж, буриад түмний үндэсний хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлсон. Буриад түмнийг хэлмэгдсэн ард түмний тоонд оруулж, цагаатгахыг  шаардсан нь тун чухал ач холбогдолтой байлаа. Цагаатгал нь буриад түмний хувьд юуны өмнө тав хуваагдсан эмгэнэлийг арилгах үр дагавартай юм.
1993 онд Буриадад коммунистууд, зүүний хүчнүүд сонгуульд ялж, улсыг “улаан” бүс нутгийн нэг болгосон нь буриад түмний үндэсний хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлж эхлэв. Буриадын ерөнхийлөгчөөр коммунист, орос үндэстэн Л.Потапов сонгогдов. Зөвлөлтийн үеийн үзэл суртал, засаглалын сэтгэлгээ сэргэх болов.
ОХУ ерөнхийлөгчийн, төвлөрсөн засаглал руу улам улам хэлбийх тусам, буриадын үндэсний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа янз бүрийн саад бэрхшээлүүдтэй учирч, хязгаарлагдаж хумигдав. Буриадын ард түмний конгрэсс, Бүх Буриадын соёлын хөгжлийн холбоо зэрэг байгууллагаар удирдуулсан үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл олонхийн этноцэнтризм дээр суурилсан төв засгийн байр суурьтай мөргөлдөн, ахихад бэрхтэй болов.
2003 оны Бүх Буриадын IV их хурал ОХУ-ын засаг захиргааны нэгжийг томсгох бодлогоос үүдсэн, буриадын автономиудыг хамгаалах асуудлыг чухалчлан хэлэлцсэн нь аргагүй л цагийн өнгө. Их хурлаас ОХУ-ын төрийн өндөрлөгүүдэд буриадын автономит тойргуудыг устгаж, мужуудад нэгтгэхийг эсэргүүцсэн, тав хуваагдсан Буриад улсыг бүрэн болгон нэгтгэхийг сануулсан өргөх бичгийг илгээв.
2005 оны социологийн судалгааны дүнгээр бол, Агын Буриадын автономит тойргийн хүн амын 84%  нь автономийг устгаж, Чит мужтай нэгтгэхийн эсрэг байв. Автономит тойргуудын төсвийн байдлыг доройтуулсан холбооны 131-р хууль дээрх тойргуудын хүн амыг  засаг захиргааны томсголыг “хүлээн зөвшөөрөхөд” хүргэсэн байна.
Буриадын үндэсний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулсаар байсан ч, 2000-аад онд идэвх, нөлөө нь аргагүй буурсан юм. Учир нь, ОХУ даяар олон түмэн улс төрийн болон үндэсний шинэчлэх үйл явцуудад урам хугарч, цөхрөх, үл итгэх болсон. Төвийн этноцэнтрист бодлого энэ явцыг нэлээд нөхцөлдүүлсэн. Буриадын ард түмний конгрэссийн гурван лидэр гэнэт нас барсан, удирдах зүтгэлтнүүдийг төрийн алба руу татаж саармагжуулсан нь ч сөрөг үр дагавар авчрав. ОХУ-ын удирдлага ардчилал, фэдэрализм, мултикүлтүрализмыг хэрэгжүүлэх сонирхолгүй нь харагдсаар ирлээ.
Оросын этноцэнтрист орон нутгийн байгууллагууд ч буриадын үндэсний хөдөлгөөн уналтад ороход үүрэг гүйцэтгэсэн. Үндсэрхэг “Память” байгууллагын загвараар үүссэн “Спасение” нийгэмлиг, Төхөөрөмжийн үйлдвэрийн “Ермак” нийгэмлиг, Оросын ардын эх оронч намын салбар (Афганистанд байлдагсдын холбооныхон үүсгэсэн), “Байгалийн оросын холбоо”, “Русская община” зэрэг байгууллагуудыг жишээ болгон дурдаж болно.
Олон үндэстний улсууд этнофэдэраци (22 фэдэраци улс буй), автономизацийн арвин баялиг онолын болон хэрэгжүүлэх туршлага хуримтлуулсан. ОХУ дэлхийн энэ туршлагыг хангалттай эзэмшээгүй бөгөөд, судалж, хэрэгжүүлэх шаардлагатай.
Энэ бүхнийг В.Хамутаевын эрдмийн диссэртацид тодорхой, цэгцтэйгээр үгүүлжээ. Тэрбээр диссэртацидаа дараахь дүгнэлтүүдийг хийжээ:
1.Ард түмнүүдийн хувь заяагаа шийдвэрлэх эрх, этнофэдэрализмын зарчмын асуудлууд Орост 1917 оны хувьсгалуудаас өмнө боловсруулагдсаныг большевикууд хэрэгжүүлэн ашигласан ч, гуйвуулж байсан, Сталин нэрийн төдий болгосон. Энэ нь Зөвлөлтөд үндэсний маш их зөрчил хуримтлагдахад хүргэсэн.
2.Өөрчлөн байгуулалтын он жилүүдээс 1994 он хүртэл буриадын үндэсний хөдөлгөөн амжилттай үйл ажиллагаа явуулж, Буриад улс тусгаар тогтнож, ОХУ-ыг байгуулахад тэгш эрхтэйгээр оролцсон нь эхний шат юм. 1994-1999 онд үндэсний сэргэн мандалт үргэлжилж байсан ч, ерөнхийлөгчийн засаглалын хүчжилтээр хязгаарлагдсан нь удаахь шат. Перестройкоос хойш үргэлжилсэн шинэчлэлтийн (1985-1994) үр дүнд масс урам хугарсан, холбооны төвийн этнополитик күрсийн  өөрчлөлт, Буриадын улс төрийн “зүүнжилт”, зэргээс  шалтгаалж, 2000-аад онд үндэсний хөдөлгөөн уналтад орсон нь 3 дахь шат ажээ. Буриадын хоёр ч автономи устав. Өдгөө буриадын үндэсний хөдөлгөөн сэргэх арга замыг хайж байна.
3.Буриадын үндэсний асуудлыг шийдвэрлэхэд, хэлмэгдсэн ард түмнийг нутаг дэвсгэр, улс төр, соёлын хувьд цагаатгах (рэабилитаци) нь нэн тэргүүний ач холбогдолтой гэдэгт буриадын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцдэг байгууллагууд, зүтгэлтнүүд санал нэгтэй байна.
4.Буриадын үндэсний хөдөлгөөнд туушгүй, эв нэгдэлгүй, зөрчилтэй байдал саад болж ирэв. Төрийн албан тушаалтнууд соёлыг сэргээх тухай л яривч, үнэндээ үндэсний асуудлыг зүйтэйгээр шийдвэрлэхээс зайлсхийдэг нь мөн саад учруулдаг.
5.Буриадад хүн ам зүйн (1937 онд Буриадын буриад хүн ам нийт хүн амын 3/4-ийг эзэлж асан бол, 1959 онд 1/5 болсон байх жишээтэй), эдийн засгийн өрөөсгөл хөгжлийн (холбооны төвшний том үйлдвэрүүд, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборууд), түүх-улс төрийн контэкстийн, (олон буриад хүнийг хэлмэгдүүлсэн, 1930-аад онд улсын бүх удирдлагыг устгасан, улс түмнийг 5 хэсэг хуваасан г.м), төвөөс болон, орон нутгийн этноцэнтрист байгууллагуудаас учруулдаг саад бэрхшээлүүдийн асуудлууд үндэсний зөрчил, хүндрэлүүдийг үүсгэдэг.
6.Төвийн этнополитик бодлого өөрчлөгдсөн, засаг захиргааны нэгжийг томсгох кампани өрнөсөн, захиргаадалтын арга барил газар авсан зэрэг нь үндэсний хөдөлгөөн уналтад ороход их үүрэг гүйцэтгэсэн. Буриадын 5 хэсгийг нэгтгэх байтугай, 2 хэсгийнх нь автономийг устгав.
7.Бүх ард түмнүүд үндэсний дэвшил, ардчилал руу тэмүүлж, улсууд фэдэрализаци, автономизаци, мүлтикүлтүрализмыг хөхиүлэн дэмжиж байгаа өнөө үед олон үндэстний орон ОХУ нь гагцхүү этнофэдэрализмын замаар л үндэсний зөрчлийг шийдвэрлэх боломжтой. Унитаризм, захиргаадалт нь хүрсэн ололтуудаас ухрах, ямар ч сөрөг үр дагаварт хүргэж болно.
8.Ардчилсан засаглалыг бэхжүү-лэх, фэдэратив шинэчлэлүүдийг гүнзгийрүүлэх, БНУ-уудын тусгаар тогтнолыг хүндэтгэх, үндэсний бодлогыг зөв зүйтэйгээр хөгжүүлэх нь ОХУ-ын ард түмнүүдийн үндэсний асуудлуудыг шийдвэрлэх арга замууд юм.
Ийнхүү зохиогч дүгнэжээ.
Доктор В.Хамутаевын зэрэг горилсон эл бүтээл нь Буриадын үндэсний хөдөлгөөний үйл ажиллагаа, үндэсний тулгамдсан асуудлуудыг тусган харуулж, сөрөг нөхцөл байдлуудаас гарах гарцыг эрэлхийлж чадсан бүтээл болжээ.


Ч.Мөнхбаяр

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Nomin (зочин)

Ikh bayarlalaa. Saihan niitlel baina.

dadies (зочин)

ОХУ абхаз, өмнөд осетын тусгаар тогтнолыг зарласан нь манай Тагна Тувагын түүхтэй их төстэй юм билээ. Гэхдээ эсрэгээр бодвол Кавказаар нэг бүгд найрамдах улсууд. Ирээдүйд юу болох юм бол бүү мэд. Буриадын тухайд юуны өмнө
1. оросын буриад залуучууд монгол хэл сайн сурах хэрэгтэй байна аа. Монголоор муу ярьж байгаа чинь биднээс улам их холдуулж байна. Өвөрмонголчууд хятад цустай ч монголоор яриад байнашд.
2. Улан Удэд монголын хэдэн сувгийг чөлөөтэй цацдаг болгох хэрэгтэй байна. Буриад хэлээр ярьдаг ТВ байдаг бол тэрийг нь Өвөрмонголын ОДон телевизтэй адил цацдаг болгох
3. ОХУ БНХАУ тай адил хилээ нээлттэй болговол их л ашигтай байна. Энэ талаар лобби бүлэг байгуулах

ira. (зочин)

tanii website ih taalagdlaa, bi haya tanii niitlelees nadd sonirholtoig n fb-d tanii nertei n tavij baival ta durguicehgui u?, humuus medeh heregtei gesn zuiliig bi tygeelceh huseltei bdg uma,

ira (зочин)

deerhi humuustei snal neg bnaa

Horidoimergen

bolno. ali boloh olon hund unen zuv medeelel hurj baival sain bilee. minii blog ch iim uuregtei yum.

amar (зочин)

onoogiin buriad mongoliin niigmiin amidraliig yag l tolind harj baigaa met tungalagaar zadlan shinjiljee Hamutaev baavai. minii sanahad orchin tsagiin buriad hovuud bashad eh heleeree mash baga hooroldoj baina. eh buriad helnii alban eosnii surgalttai hurhuuli Ulan-uded gantshan baidag shu de. buriadiin nutagt bederch yavhad ahimag nasnii humuus dund zereg yarih, ondor nastnuudtai hooroldoh zaluuchuudtai yariltsah tenger gazar shig yalgaatai baaidag. ene bol buh yum hend ineedtei, hend ichgevter baina gedeg n oilgomjtoi. gevch tend ene buhnii toloo setgel zovj haranhui nuhend davchdan tengertee temuuleh jiguureten lugaa adil zaluuchuud bas bui gedgiig harj l bailaa. ted tselmeg tengertee duulen nisej baina gej moroodoh torond horigdogch shuvuuhai met..

"Би ба Би" ...

нэг асуулт байна яг буриадын соёл түүний түүхэн товчоон ч юмуу тийм мэдээллийг хаанаас олох боломжтой вэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB