HORIDOIMERGEN : Оросод эзлэгдсэн нь

Оросод эзлэгдсэн нь

1620-оод оны үес оросууд баруун буриадуудын нутгийн зах Зүлгэ, Ангар мөрөнд тулж иржээ. Энэ үед буриадууд олон овогт хуваагдсан, маш тархай бутархай амьдардаг байжээ. Монголд өөр хоорондын тэмцэл хүчтэй явагдаж байсан тул буриадууд зөвхөн өөрсдийн хүчээр оросуудын эсрэг тэмцэх шаардлагатай болжээ. Оросууд гал зэвсэг ашиглан, бэхлэлт барьж бэхжин, буриадуудын эхнэр хүүхдийг хядах, олзлон аваачих зэргээр алхам алхамаар урагшилсаар Байгал нуурын хоёр талаар буриад монголчуудын нутагт гүн орох болжээ. Буриадын зарим овгууд хүчинд автан тэдний эрхшээлд орон алба төлж эхэлсэн бол зарим нь Монгол нутаг уруу зугтах болжээ. Гэвч тухайн үед Монгол нутагт үймээн самуун ихтэй байсан тул тэдгээр нүүдэлчид эргэн нүүх болсон байна. Зүлгэ мөрнийг өгсөн ирсэн оросууд Верхоленск бэхлэлтийг барьжээ. Тэдэнд Онгой сэсэн, Ойлонго бөө тэргүүтэй абзай овгийнхон эеийг хичээн анх оросуудад алба барих болжээ. Харин эхиридийн шоно овгийнхон оросуудын эсрэг эрс тэмцэж эхэлсэн болно. 1628 онд Петр Бекетовын хасаг цэргүүд Ангар мөрнийг өгсөн ирж бэхлэлт барин, Ока голын буриадуудаас алба авч эхэлжээ. 1631 онд буриадууд Братскийн бэхлэлтийг довтолж шатаасан байна. 1641 оны 4-р сарын 30-нд буриадуудын тэмцлийн томоохон удирдагч эхиридийн буур аймгийн тэргүүн Шэбшэй баатар тулалдаанд амь үрэгдсэнээр оросууд давамгайлж эхэлжээ. 1640 онд Максим Перфильев Витим голоор дамжин Байгалийн зүүн талд гарчээ. 1645 онд Василий Колесников тэргүүтэй орос хасаг цэрэг Байгал нуурыг гатлан Сэлэнгэ мөрний адагт гарч ирсэн боловч бэхжиж чадалгүй буцсан байна. 1646 онд дахин оролдлого хийж Дээд Ангарын адагт бэхлэлт барьжээ. 1645 онд 2000 гаруй буриадууд Зүлгэ мөрний эрэгт баригдсан Верхоленскийн бэхлэлтийг 3 удаа ловтолжээ. 1647 онд Енисейскээс илгээгдсэн Похабов тэргүүтэй цэргүүд Байгалыг гатлан ирж Удэ, Сэлэнгэ мөрний хавиар ирэн буриадуудтай тулалдсан хэдий ч эрхшээлдээ оруулж чадалгүй 70 гаруй эхнэр хүүхдийг олзлон авчээ. Буцах замдаа Байгалийн өмнө этгээдэд Култукийн бэхлэлтийг барьжээ. 1648 онд Похабовт туслуулахаар Иван Галкин тэргүүтэй 60 цэрэг илгээжээ. Иван Галкин Баргажин адагт бэхлэлт барин Баргажин, Сэлэнгэ, Хёлго голоорх буриадуудыг довтолж эхэлжээ. 1654 онд Братскийн бэхлэлтээс урагш Балаганы бэхлэлтийг барьжээ. 1658, 1696 онуудад мөн оросуудын эсрэг бослого гарсан хэдий ч төдийлэн амжилт олсонгүй. 1661 онд Иркут голын эрэгт оросууд бэхлэлт цайз барьж эхэлсэн бөгөөд энэ нь 1686 онд Эрхүү хот болон өргөжжээ. 1665 онд Нэршүү болон Сэлэнгийн, 1666 онд Удийн бэхлэлтүүдийг барьжээ. 1675 онд Сэлэнгийн бэхлэлтэнд 30 гаруй хашаа байшин, 200 гаруй оросууд оршин суух болж. Энэхүү бэхлэлтээс гурав хоногийн газарт Түшээт ханы чулуун өргөө байжээ. Ийнхүү Халхын хойд хязгаарыг оросууд эзэлж дууссан энэ үед л Халхын хан нар оросуудын эсрэг тэмцэх оролдлого хийж эхэлжээ. Хойд халхын томоохон овог болох табангууд нартай тулснаар оросууд хүчиндээ эрдэх нь багассан байна.. 1682 оноос табангууд нар Сэлэнгэ, Удийн бэхлэлтийн орчим ирж малыг туун одох, оросуудыг зодох зэргээр авирлах болсон тухай Иван Власов хэмээгч бичжээ. 1684 онд Сэлэнгийн бэхлэлтэнд Очирой ханы элч ирж өөрсдийн албат буриад нарыг чөлөөлөхийг оросуудаас шаарджээ. 1685 онд Сэлэнгийн бэхлэлтийг бүслэн хаасан байна. 1687 онд Очирой ханы цэрэг Сэлэнгийн бэхлэлтийг бүсэлсэн хэдий ч ялагдал хүлээжээ. Энэ үед Манж Чин улстай хилийн хэлэлцээр хийхээр 2000 цэрэгтэй явж байсан Федор Головин энэ тэмцэлд хүч хавсран табангуудын тайш Сэрэн-Сэкулайг бут цохижээ. Мөн бусад монголын тайш нарыг Сэлэнгэ, Удэ, Ильины заимкд тулалдаж ялжээ. 1688 онд Хёлго гол дээр табангуудын цэргийг Головин ялж табангуудын тайш 6 зайсан, 30 шүүлэнгэ, 1200 гаруй өрх айлын хамт оросод дагаар оржээ. 1689 онд удаа дараа ялагдал хүлээсэн табангуудын тайш нар оросын харъяат болох гэрээ хийж, алба төлөх болжээ. Гэвч табангууд нар оросын дарлалаас зугтан Монгол нутгийн гүн уруу нүүн одсон боловч 1718-1722 онуудад эргэн иржээ. 1689 оны 8-р сарын 25 нд Нэршүүд Федор Головин Манжийн элчтэй уулзан Эргүнэ мөрнөөс зүүн тийшхи нутгийн хилийг тогтжээ. Харин 1727 оны 8-р сарын 20 нд Хиагт хотоос холгүй Буур голын эрэг дээр Оросын талаас Савва Рагузинский, Манжийн талаас Халхын Түшээт хан уулзаж Буурын гэрээ гэгчийг байгуулжээ. Энэ гэрээгээр Хиагтаас баруун тийш Енисей мөрний эх хүтэл, зүүн тийш Нэршүүгийн гэрээгээр тогтсон хил хүртэлх нутгийн хилийг тогтжээ. Ийнхүү хойд монголчууд бусад монголчуудаасаа таслагдан буриад хэмээх нэгэн нэрэн дор нэгдэх үйл явц эрчимжсэн байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB