HORIDOIMERGEN : Буриад нэрийн тухай

Буриад нэрийн тухай

Буриад нэрийн гарал үүслийг тайлбарласан хэдэн таамгийг товч дурдъя. Буриадын эрдэмтэн Базар Барадин буриад гэдэг нэр нь баргут гэдэг эртний үгний хожуу хувилбар мөн гэж бичжээ. Мөн буриадын эрдэмтэн Ц.Б.Цыдендамбаев чоно тотемтэй эртний монгол аймгуудын чинос нэр хожим Түрэгийн ноёрхолд орох үед түрэгээр орчуулагдаж бурет буюу борят (буре – эртний түрэгээр чоно) гэгдэх болсон байна гэж үзжээ. Түүхч Б.Р.Зориктуев бураад гэдэг үг нь монгол хэлний өтгөн шигүү ой мод гэсэн утгатай бураа гэгч үгнээс үүдэлтэй хэмээжээ. Харин Ц.Төрбат буриад нэрийг овгийн тотемтой холбон тайлбарласан байна. Эртний монголчуудын дотор модыг шүтэх үзэл түгээмэл байсан бөгөөд үүний дотор бургас мод нэн чухал байр суурь эзэлж байсан нь одоо хадгалагдаж байна. Монголчууд бургас модыг онцгойлон хүндлэн биширч монгол мод хэмээн нэрлэж, аль ч нутагт гол ус даган ургасан цагаан бургасанд гар хүрдэггүй, хэдийгээр хугарч унасан байсан ч төдий л авдаггүй байжээ. Бургасыг уул усанд зориулсан овоонд залам болгон хатгах ёс түгээмэл байв. Залам хийх бургасыг огтолж авдаггүй цуулж авдаг байжээ. Мөн бургасыг нэрлэх уд гэдэг үг нь бөөгийн ёсны удган гэдэг үгтэй язгуур нэг, шүтлэгийн учир холбогдлыг заасан байж магадгүй гэж үзэх судлаачид ч бий. Эртний Хамаг монголчуудын онгон шүтээний газар болох Бурхан Халдун уулын нэрийг ихэнх судлаачид бурган буюу бургас гэдэг үгтэй холбон тайлбарладаг. Эртний монголчууд өвөг дээдсээ нас нөгчихлөөр ариун дархан бут сөөгтэй газар нутаглуулах буюу нэлээд хожуу үед нутаглуулсан газар нь бургас буюу бураа-г тусгайлан ургуулдаг байжээ. Тэгээд тэр өвөг дээдэс нь бод зам боосон бутны эзэн болох юм уу, тэр бут бургасны эзэн бурха, бурханд хувилна гэж төсөөлдөг. Өнөө хүртэл буриад зоны дунд бурхан гэхийг бурха гэж нэрлэх ба нас нөгчөгсдийг бурхан болсон хэмээдэг. Дашрамд дурдахад бур язгуураас гаралтай олон үг түрэг хэлнүүдэд модны мөчир, холтос, цэцгийн иш зэрэг утгатай байдаг ажээ. Үүнээс үүдээд бургас модыг тотемчлон үзэж бургасныхан, бургасан овогтой гэсэн утгатай бураад буюу буриад нэр үүссэн байж болох юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB