HORIDOIMERGEN : Усть-Ордыг Эрхүү мужид “дагаар оруулах” санал асуулгын дүн
Усть-Ордыг Эрхүү мужид “дагаар оруулах” санал асуулгын дүн өнөөдөр гарна -Буриад зон үүнийг талархахгүй байгаа шалтгаан нь баруун буриадын ёс заншил, хэл соёл, эрхийг алдагдуулах үйлдэл болно гэж үзсэнээс үүдэлтэй аж. Монгол Улстай нутаг ойр хойд хөршийн Эрхүү муж, Буриадын Усть-Ордын автономит тойргийн хүн зон өчигдрийн амралтын өдрийг хөл ихтэй өнгөрөөлөө. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин муж хязгааруудаа нэгтгэн томсгох бодлогоо эрчимжүүлж буйн нэг илрэл нь өчигдөр тэнд явуулсан ард нийтийн санал асуулга болов. Үр дүн яаж гарах нь урьдчилсан байдлаар өнөөдөр тодорхой болно. Буриадын Усть-Ордын автономит тойргийг Эрхүү мужид нэгтгэх талаар явуулсан энэхүү санал асуулгын оршил тийм ч тайван амгалан байгаагүйг ажиглагчид хэлж байна. Санал асуулга Оросын засаг захиргааныхны санасан үр дүнд хүрэхгүй байх вий гэсэн эмзэглэл тус улсын дээд давхрагынхны сэтгэлийг багагүй түгшээж буй бололтой. Үйл явдлын өмнөхөн Эрхүү хот Москвагийн улстөрчдийн даллага авч, харин Москвад засаг захиргааны зүгээс дарамт шахалт үзүүлж байгаад сэтгэл нь гонсойсон буриадын сэтгүүлчдийн десант буужээ. Сүүлийн өдрүүдэд Эрхүү хот Оросын улс төрийн ертөнцийн олон янзын өнгө өрхийг төлөөлсөн эрхмүүдийн хөлд дарагдаж гүйцээд байгаа аж. Коммунист Г.Зюганов, либерал ардчилагч В.Жириновский, Нэгдсэн Оросын зүтгэлтэн, нэрт бөх А.Карелин нар тэдний тоонд багтжээ. Тэд Усть-Ордыг Эрхүүд нэгтгэх асуудлаар өөр өөрийн сувгаар нутгийн ард олонд “суртал ухуулга” хийхээр ирсэн байна. ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга А.Вешняков байдлыг газар дээр нь шалган зааварчлахаар биеэрээ хүрэлцэн ирэв. Үйл явдлаас хоёр долоо хоногийн өмнө санал асуулгын ирцийг 80 хувиас доош буулгахгүй байх үүрэг хүлээсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга В.Сурков Эрхүүгийн онгоцны буудалд газарджээ. Ноён А. Вешняков ирц хөөцөлдөж “нугалаа” гарган олны дургүйг хүргэх вий гэдгээс эмээж байсан аж. “Санал өгүүлэхээр хэтэрхий албадваас эсрэг санал өгөгчдийн тоо өсч болзошгүй” гэсэн үгийг Сонгуулийн төв комиссын дарга орон нутгийн засаг захиргааныхантай уулзахдаа унагаад авсан гэнэ. Ирц гүйцээхийн тулд сонгуулийн комиссынхон бүх аргаа хэрэглэж буй бололтой. Санал асуулгад оролцсон хүмүүст тусгай талархлын хуудас өгч, тухайн хүн үүнийгээ албан байгууллагынхаа дарга нарт үзүүлэн нийгмийн идэвхтэн гэсэн сайшаал хүртэх юм байх. Санал асуулгыг эсэргүүцсэн ухуулах хуудас Буриад улсын нутаг дэвсгэрт тарсан нь орон нутгийн цагдаагийнхныг “түргэн авахуулахад” хүргэжээ. Хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 8-ны орой машиндаа 30 мянган ширхэг ухуулах хуудас авч явсан нэгэн иргэнийг журамлаж “хүн амины хэрэг үйлдэхэд ашигласан машин унаж явна” хэмээн цагдаад хүргэж өгчээ. Харин цагдаагийн хэсэгдээр очсон хойно нь хүн амины хэргийн талаар хэн ч ам нээлгүй зүгээр л хэт даварсан үйлдэлтэй тэмцэх нэрийн дор ухуулах хуудсуудыг хурааж аваад эздийг нь тавьж явуулсан байна. Усть-Ордыг Эрхүүд нэгтгэхийн эсрэг материал тавьсан интернэтийн “Усть-Орд.сот” сайтыг хэсэг хугацаанд хаасан гэнэ. Усть-Ордын нэгэн суурины депутат В.Алөксеевын гар гаран “Бид эсэргүүцэж байна” гэдэг сониныг орон нутгийн цагдаагийнхан хурааж, санал асуулгын эсрэг ухуулга хийх зорилготой бүлэг зохион байгуулсан санаачлах хэсгийг бүртгэж авахаас татгалзсан байна. Буриадын залуучуудын чуулганаас санал асуулгын эсрэг тараасан ухуулах хуудсаас хэвлэлцсэн Улсын хэвлэх үйлдвэрийн даргыг Аюулаас хамгаалахынхан дуудаж дахин ийм зүйл хийвэл үйлдвэрийг нь хаахаар сүрдүүлжээ. Үйлдвэрийн дарга 200 ажилчнаа гудамжинд гаргахгүйн тулд арга буюу буулт хийснийг орон нутгийн хэвлэлд бичжээ. “Муж тойргийг нэгтгэсний сөрөг тал” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан хэсэг эрдэмтэн дээд газраасаа сануулга авсан байна. Улаан-Үдээс холгүй орших “Ариун газар” хэмээх тахилгат ууланд Буриад зоны жил бүр тэмдэглэдэг хаврын баяр Тайлаганыг хийхийг засаг захиргааныхан энэ жил хориглосон нь санал асуулгын эсрэг уур амьсгалыг бүр ч хурцатгасан гэлцэнэ. Буриадын зайран удганууд муж тойргийг нэгтгэхийн эсрэг хамтран бөө буулгахаар тохироод байна гэсэн мэдээллийн дагуу гуравдугаар сарын 19-нд товлоод байсан баярыг цагдаагийн хүчээр тасалдуулж цугларагсдыг хөөн тараажээ. Гэвч бөө нар зорьсноосоо буцалгүй хэд хоногийн дараа өөр нэг уулан дээр гарч санасан хэргээ бүтээсэн гэнэ. Санал асуулгын урьд өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Москва дахь Буриадын нутгийн зөвлөлийн цөөн хүн жагсаал хийсэн ч ОХУ-ын засаг захиргааныхныг цочоосонгүй, ганц нэг нь баригдасхийгээд л өнгөрсөн байна. “Газета. ру” сайтад бичсэнээр буриад зоны нутаг дэвсгэр засаг захиргааны өөрчлөлтөд өртөмтгий гэнэ. Сүүлчийнх нь л гэхэд 1937 онд болж үүгээр Буриад-Монголын АССР-ийн нутгийг тав хуваан Усть-Орд, Агийн автономит хоёр тойргийг тусад нь гаргаж зарим дүүргийг нь Эрхүү, Чита мужид шилжүүлж буурин дээр нь Буриад АССР-ийг байгуулсан юм байна. Одоогийн өөрчлөлтийг хийх гэж 2000-2001 оны үеэс оролджээ. Гэвч эрх мэдлээ алдахгүйн төлөөх Усть-Ордын дээд хүрээнийхний эсэргүүцэлтэй тулгарсан гэнэ. Муж тойргуудыг нэгтгэх яриа гараад эхэлмэгц буриадууд 1937 оны үеийн хил хязгаараар нь Бүгд Найрамдах улсаа сэргээх, эсвэл тусад нь гаргасан Усть-Орд, Агын Буриадын хоёр тойрог, Эрхүү, Чита муж, Буриад улсыг нэгтгэн Улаан-Үд төвтэй макро бүс байгуулах санал тавьж эхэлсэн аж. Байдал иймэрхүүгээр эргэсэн тул ОХУ-ын засаг захиргааныхан хэсэг зуур чимээгүй байж байгаад 2005 онд асуудлыг дахин сөхжээ. Тэр үед Москвагийнхан Пермь муж, Красноярскийн хязгаарт хоёр удаа санал асуулга явуулж муж тойрог нэгтгэх туршлагатай болоод байв. Гэвч Усть-Орд, Эрхүүг нэгтгэх санал асуулга орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр. Үүний шалтгаан нь баруун буриадын ёс заншил, хэл соёл, эрхийг алдагдуулах үйлдэл болно гэж үзсэнээс үүдэлтэй аж. Санал хураалт болдгоороо боллоо. Харин нутгийн зоны тэмцэл хэр үр дүнд хүрсэн нь өнөөдөр тодорхой болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB