HORIDOIMERGEN : Хоричууд

Хоричууд

Эртний Хоричууд Хорийн буриадууд нь буриад түмний нэгэн салаа мөчрийг бүрдүүлдэг. Он дараалалын бичиг зохиогч В.Юмсунов, Т.Тобоев, М.Н.Хобитуев болон манай үеийн эрдэмтэд болох Г.Н.Румянцов (1962), Ц.Б.Цыдендамбаев (1972) нар Хоричуудын түүхийг тодруулах талаар их ажил хийсэн билээ. Сүүлийн жилүүдэд олдсон археологийн олдворууд нь хоричуудын эртний түүхийн асуудлуудыг шинээр эргэн харах боломж олгож байна. Буриадын угсаатны үүслийн Автохтонный.... Шугам нь дундад зууны хоричуудтай холбоотой. VI-XIV зууны үед Байгал нуурын эргэн тойрны нутгаар курумчийн соёлыг бүтээсэн ард түмэн амьдарч байсан. Түрэгийн хаадын руни бичгийн дурсгалуудад тэднийг курыканууд гэж нэрлэсэн байдаг. Монголын түүхийн Юань-ши сударт Ангкола тойрог буюу одоогийн Ангар мөрний орчмын нутагт кули аймаг аж төрдөг бөгөөд тэд нь Тан улсын түүх бичигт дурьдагддаг гулигань аймаг мөн болохыг цохжээ. Харин арабын түүхчид тэднийг кури эсвэл фури гэж тэмдэглэжээ.Энэхүү олон хэлний олон түүх бичигт гулигань – курикань – кури хэмээн тэмдэглэгдсэн нэр нь хори болох нь харагдаж байна (Г.Н.Румянцов, 1962). Үүнийг буриадын аман зохиол ч батлаж байгаа бөгөөд буриад түмэн бүрэлдэхээс өмнө энэ нутагт нууцлаг хори-монголчууд амьдарч байсан гэсэн дүгнэлт хийж байна. Өнөөгийн байдлаар курумчийн соёл иргэншил нь археологийн хувьд хамгийн сайн судлагдсан Зүүн Сибирийн соёл иргэншил юм. Энэхүү соёл иргэншил нь дундад зууны үеийн Төв Азийн түүхийн дурсгалууд дундаас тодоор ялгаран харагдахуйц өвөрмөц онцлогтой. Энэ нутгаас олдсон архелогийн дурсгалуудын төрөл зүйл нь Төв Азийн өргөн уудам нутгийн ямар ч археологийн дурсгалуудтай харьцуулашгүй олон янз юм. Энд суурин, хот, услалтын систем, газар тариалан, түр зуурын сууц, оршуулга, тахилгын байгууламж, хадны сүг зураг болон руни бичиг бүхий олдвор зэрэг бүх төрлийн дурсгалууд байна. Энэ бүгд нь курумчийн дурсгалыү үлдээсэн иргэншил нь хүн ам ихтэй, нийгмийн өндөр хөгжилд хүрсэн, энэ нутагт удаан хугацаанд тогтвортой хөгжиж байсныг харуулж байна (Дашибалов, 1995). Хори-курыканы соёл урлаг тод бөгөөд гайхамшигтай. Курумчийн соёл иргэншилийн хадны зургийн талаар томоохон судалгаа хийсэн академич А.П.Окладников “ Энэхүү зургуудаас жинхэнэ том урлагийн шинж тэмдэг илэрхийн зэрэгцээ талын туульс төдийгүй жинхэнэ уран зохиолын дуу хоолой сонсогдож байна” хэмээжээ. Археологын малтлагын дүнд олдсон материалууд нь курумчийн соёл иргэншилийн угсаатны зүйн дүр зургийг сэргээн харах боломж олгож байна. Хоричуудын өвлийн сууц нь квадрат эсвэл тэгш өнцөгт хэлбэрийн нүхийг модоор хоёр ташуутай дээвэрлэж чулуугаар бүрсэн хагас газар гэр байжээ. Нэг сууринд дөч хүртэл байшин байсан болохыг Унги голын Усть-Талькин суурингийн жишээнээс харж болно. Зуны сууц нь үйс, холтсон дээвэртэй модон гэрнүүд байсан. Гэрийн гадна аж ахуй зориулалттай зоорь байж. Унги суурингийн зоориноос өвлийн идэшний үлдэгдэл бололтой зэрлэг амьтадын толгой яс болон үр тариа хадгалдаг сав суулга олдсон. Мал аж ахуй нь хоричуудын амьдралын үндэс болж байсан. Арилжаа наймаанд малыг ашиглаж байлаа. Курумчийн хадны зурагнуудаас сүргийн бүтцийг харж болох бөгөөд тэнд ихэвчлэн морь, тэмээ болон үхэр дүрслэгджээ. Курумчийн соёлын оршуулгын дурсгалуудаас үхэр, хонины яс олдсон. Унги сууринд малын хашааны үлдэгдэл олдсон нь үхрийг суурин тэжээж байсан хэмээн дүгнэх боломж олгож байна. Буриадын аман зохиолд гахай тэжээж байсан талаар дурьдагддагын үндэс нь магадгүй энэ үетэй эсвэл бүр Хүнн улсын үетэй холбоотой бололтой. Жишээ нь Хүннүгийн үеийн Иволгийн сууринд гахай, нохойн яс адуу, хониныхоос ч олон олдсон (Давыдова, 1985, х. 71). Өвлийг өнтэй давахын тулд малын хадлан тэжээл бэлдэхэд ихээхэн анхаарал тавьж байсан. Энэ зорилгоор усалгаа бүхий өвөлжөөний бэлчээрийг зуны үед ашигладаггүй байлаа. Эртний услалтын системүүд Буриадад өнөөг хүтэл хадгалагдсан төдийгүй хэвийн ажиллаж байгаа бөгөөд жишээ нь Баргажины хөндийн Улюн, Улюкчикан суурингуудад байна. Идыга голын татсан 5км урт, 600м өргөн талбайг хамарсан үндсэн болон хажуугийн сувгуудаас бүрдсэн томоохон байгууламж Кудийн талд байдаг. Дундад зууны үеийн хоричууд газар тариалан эрхэлж, газар хагалж байсны тэмдэг болох урт шангууд тэдний суурингуудын ойролцоо олдсон. Эдгээр нь Ангар мөрний баруун эрэгт Кулако уулын энгэрт тод харагддаг.Мөн Баргужины хөндий дэхь Бодон суурингийн зүүн хойд талд хагалсан талбайн ул мөр бий. Газар тариалан эрхлэх нь тариа ногоо ургуулах арга, туршлага болон ихээхэн хөдөлмөр шаарддаг. Хоричууд энэ салбарт амжилт ихтэй байсныг Курумчийн суурингаас олдсон материалууд харуулж байна. Курумчийн соёлын давхарга, устсан бууцнаас ширмэн анжисны хошуу, төмөр хадуур, зээтүү, тээрмийн чулуу зэрэг багажнууд олдсон. Анжис олдсон нь газар хагалж тариалдаг байсныг эргэлзээгүй нотолгоо юм. Мөн тээрмийн чулуу олдсон нь өндөр ургац хурааж, дан ганц тариа үрүүлээр боловсруулах нь хангалтгүй байсныг харуулж байна. Энэ бүгд курумчийн соёлын судалгаа хийгдсэн бүх гурван суурин Унги, Усть-Талькин, Шохтойгоос олдсон. Усть-Талькин суурингийн судалгаа хийгдсэн есэн сууцны хоёроос анжис, мөн нэгээс нь үр тарианы чулуун нүдүүр зэрэг олдсоноос харахад гурван айл тутмын нэг нь хураасан ургацаа боловсруулах хөдөлмөрийн багаж зэвсэгтэй байжээ. Хоричууд шар будаанаас гадна улаан буудай, арвай, олс зэргийг тариалж байсан нь суурингаас олдсон. Буриадын аман зохиолд ийнхүү газар тариалан эрхэлж байсан тухай хадгалагдаж үлдсэн. Мэргэжлийн археологич Г.П.Сосновский 1928-29 онуудад Буриадад хийсэн судалгааны дараа “Археологийн судалгаанаас үзэхэд оросуудыг ирэхээс өмнө энд газар тариалан цэцэглэн хөгжиж байжээ. Бид чулуун анжисны хошуу, чулуун зам, хот суурингийн үлдэгдэл зэргийг олсон” гэж тэмдэглэжээ. Үржил шимт Баргажин төхөм нутаг хорийн овог аймгуудыг өсөж олширох нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд үүнээс үүдсэн хүн амын өсөлтийн тэсрэлт болжээ. Энтэ тухай Нууц Товчоонд ийнхүү өгүүлжээ: ... Энэ хэсгээс Хорийн овог аймгуудын хүн ам эх нутагтаа багтахгүй болтлоо өсөж нэг хэсэг нь Онон мөрний хөндий уруу нүүжээ гэсэн дүгнэлтийг хийж болно. Дундад зууны үеийн хоричуудын дийлэнх нь бөө мөргөлтэй, байгаль дэлхийг шүтдэг байсан нь илэрхий юм. Эрт дээр үед хоричуудын дунд буддын шашин тархаж байсан гэж таамаглах үндэслэлүүд байна. Жишээ нь VI-X зууны үеийн курумчийн оршуулганд амьтны яс байдаггүй бөө мөргөлийнхөөс өөр зан үйл байсныг илтгэж байна.Хоричууд нас барагсадыг хөлийг нугалсан байдалтай баруун талаар нь хэвтүүлдэг нь буддын шашны байрлал юм. Гэвч эдгээр нь шууд бус баримтууд болно.Эрт үед Буриадад буддын шашин нэвтэрч байсны тодорхой нотолгоо нь V зууны үеийн Хойд Хятадын нүүдэлчидийн хэв маягаар хийгдсэн навершие олдсон явдал юм. Энэ навершие Иволго дахь хуннугийн суурингаас олдсон. Баргажины хөндийн Ина дахь булшнаас олдсон буддын симболууд нь мөн энэ үед холбогдоно. Энд нимгэн хүрэл хавтан дээр хийгдсэн буддийн болон важрагийн дүрс бүхий дардасууд олдсон. “Хорийн буриадуудын он дараалалын бичиг”-т эрт цагт буддын шашин өргөн тархсан байсныг дурдаад хойд зүгт нүүснээр бөө мөргөтнүүдийн тоо олширсныг онцолжээ. Эртний хоричууд нийт монголчуудын ертөнцэд ямар байр суурь эзэлж байсан бэ?. Энэ асуудал шинжлэх ухаанд өмнө нь тавигдаж байсан бөгөөд сяньбичуудын өөрсдийгээ хор хэмээн нэрлэж байсан гэсэн таамаглал дэвшсэн. Яагаад гэвэл сяньби нь угсаатны нэр бус газарзүйн нэр юм. Эртний сяньби нарыг дун-ху гэж тэмдэглэсэн Хятадуудын тэмдэглэгээ нь дорнод хор гэсэн утгатай юм (Румянцов, 1962; Цыдендамбаев, 1972). Хор хэмээх нэр сяньби нартай хамт Хөх нуурын зүг шилжэж, дараа нь төвдүүд нийт монголчуудыг хор хэмээн нэрлэж, төвдийн түүхэн зохиолуудад Чингис хааныг хорын хаан гэж тэмдэглэсэн зэрэг нь дээрх таамаглал үнэн байх магадлалтайг илтгэж байна. Эртний монголын уран зохиолд “жинхэнэ, язгуурын монгол хэл” гэсэн утгатай “ор монгол хэлэ” гэсэн хэллэг тааралддаг. “Ор” гэсэн үг нь эрт цагт хор гэж дуудагддаг байсан байх гэсэн үзэл бий. Солонгосын түүх бичигт дурьдсанаар Өвөр Монгол ба Дунбэед нүүдэлчидийн Кори хэмээх домгийн улс оршдог бөгөөд тэнд солонгосын Когуре-Корё улсыг үндэслэгч Тонмён төрж өссөн гэжээ. Энэ домог үндэстэй болохыг археологийн судалгаа харуулж байна. Хоричууд (дун-ху) нь эртний солонгосын язгууртнуудыг бүрдүүлээд зогсохгүй хөрш Зүүн Азийн улсуудын эрх баригч давхаргад нэвтэрч орсон нь илэрхий юм. Мөн тэд монголын язгууртан овог байсан нь Баргажин төхмийн хоричуудын түүхээс харагдаж байна. Цөөн тооны ордны хүрээнийхэнд зориулан бичсэн Нууц Товчоо зохиолын эхэнд өвөг дээдсээ тоочин дурддаг бөгөөд тэнд Чингисийн удмын элэнц эх үзэсгэлэнт, язгуур сайт Алан Гоо нь Хори-Түмэдийн нутаг Баргажин төхөмд Хорилордай мэргэнийд төрснийг өгүүлдэг. Талын язгууртнууд хоричуудын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж байсан. Ийм ч учраас тэд энэхүү эртний алдарт овогтой ураг барилдахыг хийчээсээр ирсэн. Баргажин төхөм гэдэг нэр нь хадамд гарсан бүсгүйн төрсөн нутаг гэсэн утгатай. Хорийн бүсгүйчүүдийн хайр халамж, цэцэн ухаан, үзэсгэлэн гоо нь тэдний эх нутгийг сайн эхнэр төрдөг газар хэмээн алдаршуулжээ. Тиймээс ч Чингис хааны ойрын хамтран зүтгэгч Хорчи ноён Хори-Түмэдээс эхнэр авахыг хүссэн бөгөөд үүнээсээ болж боссон түмэдүүдэд олзлогдсон билээ. Баргажин төхмөөс төрсөн ариун шударга бэр ба аймшиггүй эрчүүд монгол түмний өсөн дэвжих агуу үйлсэд их хувь нэмэр оруулсаныг дэлхийг захирсан эзэнт гүрнийг үүсгэгч Чингис хаан олон оронд зорчин, олон янзын соёл иргэншлийн сайн сайхан бүхэнтэй танилцсаныхаа дараа ийн өгүүлжээ: Баргажин төхөм, Онон, Хэрлэнд төрсөн хүү бүр сургалтгүйгээр эрэлхэг зоригт, мэдлэг ихт, байгалаас авхаалжтай байдаг. Тэнд төрсөн охид гоёл чимэглэл, засалтгүй үзэсгэлэнтэй, уран, гавшгай, буянтай байдаг. Энэ бүгдээс монголчуудын эртний нэр нь хор, хори хэмээн үзэх үндэслэл байна (Румянцав, 1962, с.128). Эртний хори аймаг Солонгосоос Байгал далай, Хөх нуураас Якут хүртэл өргөн тархсан нь үүнийг гэрчилж байна. Энэ бүх нутгуудад Хор, хоритой адил дуудлага бүхий нэр өргөн тархжээ. Өнөөдөр эртний дун-ху монголчуудын нэр хор нь хорийн буриад болон солонгос үндэстэн, Солонгос улсын Корё нэрэнд үлдэж хоцорчээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB