HORIDOIMERGEN : Сэлэнгийн буриад

Сэлэнгийн буриад

Буриадын нэгэн том салаа мөчир нь Сэлэнгийн буриадууд билээ. Монгол нутгаас нүүдэллэн очсон олон овог аймгууд эхирэд, булагат овгийн хэсэгтэй холилдон нэгэн засаг захиргааны нэгж болон амьдарснаар Сэлэнгийн буриадууд үүссэн түүхтэй. Сэлэнгийн буриад нэрэн дор Сэлэнгэ мөрний зүүн эргийн нутаг, Жид, Чикой, Темник голын ай саваар нутагладаг буриадуудыг хамруулан ойлгодог. Энэ нь одоогийн Буриад улсын Сэлэнгэ, Жид, Иволго болон Хиагтын аймгуудын нутаг юм. Өвөрмонгол Манжид эзлэгдсэн, Халхын дөрвөн аймаг хоорондын байнгын тэмцэл болоод Манжийн заналхийлэл зэргээс зугтаж 17-р зууны сүүлчээр Цэцэн хан, Түшээт хан, Засагт хан, Сайн ноён хан аймгийн олон отог, овгууд дээр дурьдсан нутгуудад нүүн суурьших болжээ. 1630 онд Цэцэн ханы сартуулууд, 1665 онд Сайн ноён ханы атаганууд, 1684 онд Түшээт ханы сонгоолууд, 1700 онд хожим подгородно нэрэн дор нэгдсэн бүлэг хүмүүс нүүдэллэн иржээ. Цэцэн ханы табангууд нар 1718, 1720, 1722 онуудад хэсэг хэсгээрээ эргэн ирсэн байна. Табангууд нь 1660 оны үед Сэлэнгэ мөрний зүүн эргээс Еравна нуур хүртэлх нутгаар нутаглаж байгаад оросуудаас зугтан урагшаа нүүсэн хэдий ч ийнхүү эргэн ирсэн бололтой. Сэлэнгийн буриадууд нь баруун найман, зүүн зургаан овгоос тогтож байна. Үүнд баруун наймд атаган, ашибагат, сартуул, табангууд, сонгоол, үзөөн, хатагин, подгородно, зүүн зургаан овогт харанууд, алагуй, бабай-хурамш, готол-бумал, ользон, шоно овгууд орно. Атаган овог хоёр хэсгээр нүүдэллэн иржээ. Анхлан 1631 онд Далай Хөлөг тэргүүтэй атаган-шарайдууд, 1665 онд ах дүү Чихэр барс баатар, Хангин цолом хошууч тэргүүтэй 44 хүн иржээ. Хожим Атаган отог нь урианхай, кхукхыт, хутагт, хиргит, жунмен, дамарин, алатай зэрэг монголжсон овгууд болоод хэнгэлдэр, ользон, шоно, аваганат, буин зэрэг баруун буриадаас гаралтай бүлгүүдийг багтаах болсон. Нутаг дэвсгэр нь хоорондоо зайтай байснаас үүдэн засаг захиргааны хоёр тусдаа отог байгуулагджээ. Нэгдүгээр Атаган нь Боргой, Жидээр, хоёрдугаар Атаган нь Аца, Загастай, Тамча, Бараний Луг аар нутаглаж байв. 1630 онд Хөлөг тэргүүтэй долоон сартуул Цэцэн хан аймгаас ирсэн аж. 18-р зууны 20-иод оны үед дээрх Хөлгийн удмынхан янз бүрийн угсааны 50 хүнийг дагуулж ирсэн хэмээн тэмдэглэгджээ. Гэвч 1681 оны Сэлэнгийн острогийн бүртгэлээс үзэхэд сартуулуудын тоо дээр дурьдсанаас үлэмж их байна. Сартуулууд Жид голын саваар суурьшжээ. Тэдний бүрэлдэхүүнд харчит, кхирит, хаченут, хатагин, салджут, хкуйд, батод, атаган, хорлит, онхот, цонгол, хырдыг, бунгут, хатнол, харнан, аравтан болон баруун буриадын ашибагат, булгат, харнут, газут, кхулмэн, алагут, курхут зэрэг угсааныхан багтжээ. Табангууд нь хурлат, урианхай, сойсун, хаченут, батог, тайжи, цонгол, кхирит, онгот, абгат, сунгут, урлют, арбатан, дайтхит, хатагин зэрэг овгийнхныг агуулдаг. Мөн абганут, ашибагат, булагат, бумал, галзут, курумчин, ользон, хальбин, харанут зэрэг баруун буриадын болон хорийн овгуудын хэсгийг багтаасан. 18-р зууны эхээр Баатан дархан тэргүүтэй хэсэг Ичетуй, Цагатуй голоор, Шитэй хурамши тэргүүтэй хэсэг Хойд Хиагтын адгаар, Бодонхон тэргүүтэй гуравдагч хэсэг Чекой, Сэлэнгэ голын хооронд нутагшжээ. Цонгол нар хоёр хэсгээр нүүж иржээ. 1694 онд Түшээт хан аймгийн Гол шар хошууны... Цонголууд бүрэлдэхүүндээ урянхат, найман, цахор, батог, хотогойт, юншоб, номхот, ильжигит, урлут, аравтан, арбанат, сартул, харчиг, оронгой, боленгот зэрэг овгийнхнийг багтаасан. Мөн 1690 оны орчим Түшээт хан аймгаас Эрдэнэ дарга, Адъяа багш тэргүүтэй үзөөн нар нүүн иржээ. Селенгинской ведомисти мэдээгээр 1735 онд 105 хүн байж. Тэд Сэлэнгийн зүүн эрэг Темник хавиар суурьшжээ. 1670 онд Сайн ноён хан аймгийн хатагин ах дүү Тулыген, Баасамжи Цорхоновынх Түнхийг дайран Байгалын баруун эрэгт иржээ. Буд, Ахалтай тэргүүтэй 10-аад хүнтэй өөр нэгэн бүлэг хатагин 1720 оны үед Тамчид ирж өмнө ирсэн Цорхоновынхонтой нийлж хатагин отгийг үүсгэжээ. Түшээт ханы ахмад хүү Андагай 1700-оод оны үед хүү нарын хамт нүүн ирж Атаганы бүрэлдэхүүнд орсон боловч хэсэг хугацааны дараа өөр ойр төрлийнхнийг нэгтгэн Подгородно отгтйг үүсгэжээ. Нийт нь авч үзвэл 80 гаруй төрлийн овгийн хүмүүс Халхаас нүүн очжээ. Ц.Б.Цыдендамбаев ашибагатыг Байгалын барун эргээр нутаглаж байгаад 1658 онд оросуудаас зугтан Монгол нутгийн гүн уруу нүүдэллэсэн боловч 1684 онд эргэн нүүдэллэж Байгалын зүүн эрэгт Худари, Кирети, Алтай зэрэг нутгаар суурьшсан гэж үзжээ. Энэхүү нүүдлийн явцад тэд эгнээндээ урианхай, табангууд, хатагин, арбанат, солон зэрэг овгуудыг багтаажээ. Сэлэнгийн харанууд нь Байгалын баруун эргийн Ока, Ангар мөрний хавь болоод Куд, Мурин зэрэг хоёр нутгаас ирсэн байна. Судлаачид эхнийх нь эвенк гаралтай, сүүлчийнх нь булагат нар гэж үзжээ. Харанууд нь Иволго, Оронго, Жаргалант, Загустай, Иро нутгаар суурьшжээ. Өргөн нутагт тархаж суурьшсаны улмаас тухайн үедээ дөрвөн отог болжээ. Алагуй овог нь булагад гаралтай. Мөн булагадын бабай, хурамши овгийнхон Иволго, Оронго, Гибир, Баянголоор нутагшиж бабай-хурамш овгийг үүсгэжээ. Брауун буриадын аларын булагадаас 1650-иад оны үед готол, тэдний салаа бумал овог салж Иволго, Оронго, Баянгол, Тохой нутгаар суурьшин готол-бумалын овгийг үүсгэжээ. Тэдний бүрэлдэхүүнд хухы, онхот овгийнхон мөн багтдаг. Оронго, Убукун, Харгана, Загустай нутгаар эхиридын ользон овгийнхон нутагшсан. Эхиридийн шоно овгийнхон 18-р зууны үед Оронго, Гильбири, Харгана, Удунга, Темник хавиар суурьшсан. Энэхүү шоно отгийнхон хамнай, борсой, цоогол зэргээр салбарлахын зэрэгцээ абазаль, хайтал, ользон, баяндай, хэнгэдэр зэрэг овгийнхныг багтаадаг.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB