HORIDOIMERGEN : Тусгаар тогтнол

Тусгаар тогтнол

www.sonin.mn 2007.04.05 УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга бичиж байна 1911-2007 Тусгаар тогтнолын он дараалал 1911 онд монголчууд Манж Чин улсын дарангуйллыг эсэргүүцэн унагаж.улмаар “Зураг болсон Богд ламаа зулай дээрээ заллаа”. Манжуудын бусниулсан тусгаар тогтнол 200 орчим жилийн дараа сэргэж, Богд хаант Монгол Улсыг байгуулсан нь энэ. Харамсалтай нь, Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн улс гүрнүүдээр зөвшөөрүүлэх явц удаашралтай байсаар Орос, Хятадын геополитикийн тоглоомд өртөн бодит байдлаа алдлаа. 1921 онд гамин, бароны хөлд үрэгдэж, зүдэрсэн улсаа сэргээхээр С.Данзан тэргүүтэй эх орончид зориглон хөдөлсөн юм. Тэд тулах түших андаараа улаан Оросыг сонгосон нь алсдаа тусгаар тогтнолыг маань барьцаанд оруулах тавилантай байжээ. Ардын хувьсгалын дараа нэрэн дээрээ тусгаар Монгол Улс болсон ч нидэр дээрээ коммунист Орос улсаас хараат боллоо. 1961 онд БНМАУ хэдий ЗСБНХУ-ын шууд нөлөөн дор байсан ч гэлээ НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж тусгаар улс гэдгээ эрх зүин хувьд зөвшөөрүүлж чадав. Тусгаар тогтнол бодит байдал болох боломжийг монголчууд нэлээд хожуу олж авсан юм. 1990 онд коммунист систем задран унахтай зэрэг монголчууд МоАХ-ны удирдлагаар тусгаар тогтнол, эрх чөлөө, үндэстний язгуур эрх ашгийн төлөөх ардчилсан хувьсгал ялж, Монгол Улсын тусгаар тогтнол сая бүрэн утгаараа хэрэгжих боломж олсон, гэхдээ… ! Эргэлзээ Саяхны нэг өглөө “Салхи” хамтлагийн Бээжин хотод хийлгэсэн гэх клипийг ТВ-ээр үзлээ. Дараахан нь Ерөнхийлөгчийн хэмээх тодотголтой ТВ-9 сувгаар Монголын хамаг дуучдыг Хөх хотод тоглуулж буй нэвтрүүлэг гарч түүний эхэнд Хятадын зүгээс Монголын ядуу оюутнуудыг тэтгэх 150 сая төгрөг гардуулж байгааг “тод томруун” үзүүлэв. Таатай л зүйл. Гэнэт толгойд ойрмогхон Монголын хэвлэлүүдээр үзэгдэх болсон нэгэн зүйл судалгааны тайлангийн үг өгүүлбэр зурсхийн орж, магадлах хүсэл төрснөө уншигч та бүхэнтэй хуваалцаж байгаа минь энэ. “Монгол Хятадад нэгдэх боломжит байдлын судалгааны тайлан” хэмээх баримт бичгийг та бүхэн ч олж үзсэн байх. Анх уншаад Хятадын хэвлэл, интернэт хэлэлцүүлгүүдээр элбэг тэнэж байдаг зүйлийн нэг гэж бодож байлаа. Гэтэл уг тайлангийн үг өгүүлбэрүүд аль хэдийнээ хэрэгжээд эхэлчихсэн юм биш үү. Тусгаар тогтнол маань хэр баталгаатай байна вэ гэсэн эргэлзээ ТВ-9-ийн нэвтрүүлгийн дараа төрсөн юм. Дор дурдах баримт, мэдээллүүд нэгэнт олны хүртээл болсон зүйлс бөгөөд ганц ч шинэ үг, санаа нэмсэнгүй. Анхаарал татсан тайлан http://forum.mil.sina.com.cn веб хуудсан дээр байсан “Монгол Хятадад нэгдэх боломжит байдлын судалгааны тайлан” -г G.B гэж нэрээ товчилсон нэгний орчуулснаар олны хүртээл болсныг www.sonin.mn ба www.olloo.mn вэб хуудаснаас уншиж билээ. 2004 онд бичсэн гэх уг тайланд дурдсан стратегийн зорилтууд албан ёсны байр суурь биш гэж байгаа боловч биелж эхэлсэн нь түгшүүр төрүүлж байна. Монголыг Хятадад нэгтгэх явцыг түргэсэхийн тулд “бид яах ёстой вэ” гэж нийтлэлийг бичигч хятад асуугаад хэд хэдэн зам заажээ. Тодорхой авч үзье. (тод хараар тодруулсан өгүүлбэрүүд нь тайлангаас авсан хэсгүүд болно) “1.Соёл, боловсролын солилцоог ихэсгэх монгол их сургууль байгуулж, ар Монголын оюутнуудыг үнэ төлбөргүй, шалгалтгүй элсүүлж, тохирох насны залууст их сургуулийн боловсрол олгосноор эдгээр залуус түргэн хугацаанд зууч хүч болон тогтох юм. 2,5 саяхан хүнтэй Монголд боловсон хүчин нэг их хэрэггүй биз” Сонины мэдээ-Ерөнхийлөгч Н.Энхбаярт Халимаг, Буриад, Өвөр Монголын монгол хэлтэн театруудын удирдлага бараалхлаа. Өвөр Монголын өөртөө засах орны үндэсний хөгжим, бүжиг, дуурийн театрын захирал З.Мандах Монголоос БНХАУ-ын ӨМӨЗО-д оюутнууд урлагийн чиглэлээр үнэгүй суралцах боломжтойг дурдав. Удалгүй ТВ-9 энэ амлалт бодитой болохыг харуулж, 150 сая төгрөгийг том гэгчийн цаасаар хийн монголчуудад гардуулахыг харуулав. Хятадууд хүн ам олноороо сонирхдог урлаг, соёлын төрлүүдийг энэ зорилтынхоо хүрээнд онилсон бололтой. Хятад, монгол залуусын хайр сэтгэлийг харуулсан клипийг “Салхи” хамтлагаар хийлгэв. Зураг авалтыг нь Бээжингийн захын дүүрэгт хийлгэсэн байна. Саяхнаас ТВ-ийн бүх сувгаар хошин урлагийн нэгэн жүжигчин “Хятадад киногоо хийхэд хэцүү боловч сайхан байсан” тухайгаа баясан хуучлах болов. “Туйлын их аз завшаан” гэж “Өв залгамжлагч” киноны найруулагч онцоллоо. Жил гаруйн өмнө “Guys 666″ хамтлагийнхан зурагтаар ярьж байна. “Хөх хотын ойн тоглолтод оролцлоо. Биднийг “Хөх хот сайхан” гэсэн утгатай дуу зохиож дуул гэсэн. Бид татгалзаж, Улаанбаатараа дууллаа. Дуучин Наран харин тэдний үгээр дуулсан. Бүр хятадаар дуулсан шүү” гэж байв. Наран одоо Бээжин хотод дэвшин амьдарч, сурч байгаа бөгөөд “Guys 666″-г даруй “баяртай” хэмээн нутаг буцаажээ. Аль 1989 онд манай хошин шогийн нэртэй жүжигчин, найруулагчидтай ярьж суухад Хятадын гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг гэгч байгууллагынхан тэдэнд туслалцаа үзүүлье гэж идэвхийлдэг, кино хийвэл мөнгө төгрөг тусалъя гэж амладаг тухай ярьж байсан. Хожим нь энэ нийгэмлэг Амрыг хамгаалах яамны бүтцийн нэгж болох нь тодорч, Монголын том улстөрч нэр холбогдон шуугиан тарьсан билээ. Соёл, урлагийг ашиглах нь хоёр талтай юм. Аливаа улсын соёл, урлагийн одод нь нийгмийн дээд хэсэг, шийдвэр гаргах төвшнийхөн, улстөрчдөд хүрэх дөт зам болдгийг тэд тооцож байжээ. Нөгөө талаар соёл, урлаг нь тухайн ард түмний үзэл бодлыг төлөвшүүлэх үндсэн арга хэрэгсэл. Олон нийтэд хамгийн ихээр нөлөөлөх боломж. Үндэстний дархлаа юм. Үүнийг зөөлөн чичсээр сарниулж, дараа нь дураараа өөрчилнө. Ард түмэн даргын үгнээс оддын үгийг илүү сонсдог, ойлгодог, дагадаг. 1980-аад оны сүүлчээр урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Х.Дамдин “Чандаган цагаан өргөө” хэмээх уран сайхны киног өвөрмонголчуудтай хамтран хийсэн нь дэлгэцэд гарах гэж үйлээ үзжээ. Тэр цагт Дашдондог, Сарантуяа нарын дуучид Хөх хотод баарнаас өөр газар дуулах эрх авах гээд бардаггүй байж. Гэвч 1990-ээд оны дунд үеэс Монголын соёл, урлагт хандах Хятадын бодлогод өөрчлөлт орж эхэлсэн байна. Хориотой зүйлд тэмүүлдэг нь хүний төрөлх араншин. Хорих цагдах бус, нээх, дасгах нь үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хамгийн сүүлийн мэдээ. “2006 оны арванхоёрдугаар сарын дундуур Бээжин хотод Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо” Монголыг нэгтгэх арга замуудын тухай Тайланд дурдсан дараагийн зам нь-Садан төрлийн холбоо тогтоох. Маш үр дүнтэй уламжлалт арга ардууд ураглах гэж нэрлэдэг. Ар Монголын охин Өвөр Монголын бэр болсноороо бахархаж, гэр бүлийнхэн нь түүнд ерөөл хүснэ. Засгийн газар бодлогоор оюуны болон материаллаг урамшуулал дэмжлэг үзүүлж, цусан холбоог улам бүр бататгана. Энэ замыг бид яагаад ч нэмэргүй биз ээ. Хүний эрхтэй холбоотой, ээдрээтэй асуудал. -Эдийн засгийн харилцаа, тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх. Хятад хэдэн мянган бээрийн алсад орших Африкийн ард түмэнд хүртэл жил бүр тоо нь тодорхойгүй ихтусламж дэмжлэг үзүүлдэг байтлаа хажуу элгэнд наалдах ах дүүгээ анзааралгүй байж чадахгүй биз. Засгийн газар санаачилга гарган, эсвэл ард түмэн хөрөнгө оруулалт хийн байгалийн нөөц, мэдээлэл, хөдөө аж ахуйд чиглэсэн их хөрөнгийг Ар Монголд оруулан түүхий эд нөөцийн бааз суурийг байгуулчихад хамгийн наад зах нь л Монголын эдийн засаг Хятадад түшиглэх нөхцөл бүрдэнэ. Монгол Улсаас БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгч У.Уламбаярын өгсөн ярилцлага: -Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа үнэхээр эрчимтэй хөгжиж байна. 2006 оны байдлаар гэхэд Монгол, Хятадын худалдааны эргэлт тэрбум доллараас хол давчихсан. Албан бус мэдээгээр нэг тэрбум 300 саяд хүрсэн тооцоо гараад байгаа. 2005 онд 800 сая доллар байсантай харьцуулж үзвэл бараг 1,5 дахин нэмэгдсэн гэсэн үг. Хятадууд Өвөр Монголыг ар монголчууд атаархтал нь “хөгжүүлэх” бодлого хэрэгжүүлж байна. Зудад нэрвэгдсэн малчин айлд нисдэг тэрэг хүрч, хүнтэй малтай нь аварч байгаа сурвалжлага “Одон” ТВ-ээр давталттай гарахад хилийн наана суугаа монгол малчин эрхгүй шүүрс алдах ёстой аж. Тайланд дурдсан арга замууд ийнхүү хэрэгжиж байгаа учир нэмж тайлбар хийхээ больё. Харин олон улсын төвшинд хийхээр төлөвлөж байгаа ажлынх талаар тогтож ярья. Уг судалгаанд: -Өндөр зохион байгуулалтын хүрээнд олон улсын хэлэлцүүлэг явуулах, дараалал нь: 1)Монгол, Хятад бол ах дүүгийн харилцаатай, Хятад нь цаашдаа Монголд хамгийн харамгүй тусламжийг үзүүлж, хамгийн ариун найрамдалт харилцааг тогтооно 2)Хятад шилдэг боловсон хүчнүүдээ илгээж, Монголд модернизацын өөрчлөлт өрнүүлэхэд тусална 3)Хятад улс Монголын шашин шүтлэгийн эрх чөлөөг ямагт дэмжинэ 4)Хятад улс Монголын ардчилал эрх чөлөөний төлөөх эрмэлзлийг ямагт дэмжинэ 5)Хятад Монголын УИХ-аас (2000-2004 оны парламент бололтой) гаргасан Хятадад нэгдэх нийт ард түмний шийдийг дэмжинэ, энэ нь ардчилал, эрх чөлөөний хамгийн шилдэг илэрхийлэл юм 6)Монгол бол Хятадын дотоод засаглал юм, аливаа этгээд халдаж үл болно. Тайлангийн далд санааг тайлах нь Монголыг Хятадад нэгтгэх боломжийг судалсан гэх уг тайланд үл анзаарагдам хоёр зүйл байгааг нягтлан үзье. “Монголын Засгийн газар, төрийн бодлого” гэсэн бүлэгт…Шууд хэлэхэд, ард түмэн дээрээс юу гэж хэлнэ, түүгээр болдог, бүх нийтээр нь шийдвэрлэх захиргааны байгуулалтай байж болно. “… Монгол Хятадад эргэн нэгдэх шаардлага зогсолтгүй өсч, урьд нь Чин улстай нэгдсэн сайн сайхан амьдралыг хүсэмжилж, тэгээд ч хуурай ширүүн уур амьсгалтай, хаалттай газар орших хэтэрхий зовлонтой. Одоо ч мөн адил энэ шалтгаанаар УИХ-аас Хятадад дагаар орох саналыг албан ёсоор 43 дахь удаагаа дэвшүүлснээс үзэхэд Монголын ард түмэнд Хятадтай дахин нэгдэх өргөн үндэс суурь байна гэжээ. Миний мэдэхээр одоогийн УИХ-аас Хятадад нэгдэх асуудлаар ганц ч шийдвэр гаргаагүй, хэлэлцээгүй. 2000-2004 оны бин битүү УИХ тийм зүйлсийг хэлэлцсэн юм болов уу. Нөгөө талаар “ард түмэн дээрээс юу гэж хэлнэ, түүгээр болдог, бүх нийтээр нь шийдвэрлэх захиргааны байгуулалтай байж болно” гэсэн нь УИХ-ын үүргийг бүдгэрүүлж Ерөнхийлөгчийн засаглал тогтоох далд санааг илэрхийлээд байх шиг. Тайлангийн төгсгөлд “Хятад шилдэг боловсон хүчнүүдээ илгээж Монголд модернизацын өөрчлөлт өрнүүлэхэд тусална” гэж онцлон дурдсан нь монголчууд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гээд бужигнаад эхэлбэл тэд юу хийхээр төлөвлөснөө хэлээд байна уу даа. Модернизацын өөрчлөлт гэдгийг нь “засаглалын хэлбэрийг өөрчлөх” гэж ойлгохоос өөр гарц Тайланг 2004 онд бичсэн гэхээр тэд үндсэн мэдээллээ 2000-2004 оны төлөв байдлаар боловсруулсан болж таарч байна. 2004 оны дараахнаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай яриа идэвхтэй түгж эхэлсэн нь энэ тайланг биелүүлэх, модернизацын өөрчлөлтийн эхлэл байсан гэж ойлгож болохоор байна. Ямартай ч үйл ажил, үзэл бодол, үндэс язгуур, дүр төрх нь маш эргэлзээтэй хүмүүс энэ тухай илүү чангаар ярьж байгааг уншигчид анзаардаг биз ээ. Тусгаар тогтнол 1990 онд олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол маань хэврэгхэн байна. Буруутан нь монголчууд бид өөрсдөө. Бид түүхээр олгосон цаг хугацааг олигтой ашиглаж, тусгаар тогтнолоо эдийн засгаар бэхжүүлж амжихгүй байсаар өнөөдөртэй золголоо. Өдөр тутмын сонинууд “Хоёр хөрш маань сайндаад эхлэхээр Монголд дандаа хүндээр тусдаг” гэж халаглана. Халаглаж суухаар бий болсон нөхцөл байдалд яаж тэсч үлдэхээ бодох, тооцох, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 17 жилийн 14-ийг нь үр дүнгүй өнгөрөөхөд МАХН голлох үүрэг гүйцэтгэсэн. Уншигч та ардчилсан хүчин нийгэмд ямар дэвшил авчирч байв, экс коммунистууд засаглаж байсан жилүүдэд юу болж байв гэдгийг эргэцүүлж нэг бодоорой. Ардчилсан хүчин орон сууцыг хувьчилж, эдийн засгийг либеральчлан, хувийн өмч бэхжих үндсийг тавьж, татварын дарамтыг арилгах, ард түмний нийгмийн байдлыг сайжруулах, орон сууцны хөтөлбөр, хүүхдийн мөнгө зэрэг бодлогыг дэвшүүлж, хэрэгжүүлж байлаа. Иргэдийн амьдрал төвшин, улс орон эдийн засгийн чадавхитай байвал тусгаар тогтнол илүү ихээр баталгаажна гэж бид үздэг. МАХН татварын дарамтыг ихэсгэн, иргэдээ үзэл бодлоор нь хавчин гадуурхаж, авилга хээл хахуулийг дэлгэрүүлэн, дарангуйллыг бэхжүүлэхэд хамаг анхаарлаа чиглүүлж байснаас биш ард түмэн лүүгээ чиглэсэн ганц олигтой хөтөлбөр хэрэгжүүлсэнгүй. “Мэргэн удирдагчийг” тахихыг тусгаар тогтнол гэж үзээд ч байх шиг. Тэднээр удирдуулаад удвал тусгаар тогтнол ахиад л хоосон зүйл болж, бусдын дохио зангаагаар хөдлөх цаг ойрхон байна. Тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөөх бидний зүтгэл дуусаагүй байна. МоАХ, түүний мянга мянган гишүүд ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулах үйлсэд өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Хэрэгцээ гарвал амь биеэ ч зориулна гэдгийг хатуу хэлье. Чингис хаан ба Хятадын кино урлаг Хятадууд Чингис хааны тухай уран сайхны хоёр ч кино, ТВ-ийн нэг цуврал бүтээжээ. Жүжигчин Дэлгэрийн тоглосон эхний кино нь 1980-аад оны сүүлчээр бидний монголчуудад танил болж мөчөөрхөх сэтгэлийг нь ноцоож байлаа. Язгуурын Өвөрмонголчууд уг кинонд Бээжингийн санаа бодол ихээр туссан хэмээн үздэг юм билээ. Дараа нь жүжигчин Түмэнгийн тоглосон “Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн-Чингис хаан” киног Японы санхүүжилтээр бүтээсэн, Бээжингийн санаа бодлыг тусгаагүй зэрэг шалтгаанаар төдийлөн дэлгэрлийг олсонгүй. Гол дүрд тоглосон түмэн эвенх үндэстэн байсан болохоор монголчуудын хаанаа харамлах, өмчирхөх сэтгэлийг даваагүй ч байж мэднэ. Ингээд хятадууд гурав дахь оролдлогоо хийж 50 ангит ТВ-ийн цуврал бүтээжээ. Энэ удаа алдсангүй. Хөх нуурын монгол Баасанг гол дүрд нь тоглуулав. Цувралыг Хятадын ноёлох суваг CCTV1- гээр хоёр ч удаа давтан үзүүлсэн байна. Манайхан “Өвөрмонголын Чингис хаан” гэсэн тодотгол хайрласан уг киног Монголын бүх ТВ нэвтрүүлсэн болохоор уншигчид сайн санаж байгаа. Хятадууд өөрсдийг нь түрэмгийлж явсан, хятадуудтай үзэл санаа, мах цусны ямар ч холбоогүй хааны минь тухай кино хийх гэж яагаад ахин дахин хичээх болов. Мөнөөх тайланд дурдсан “Монгол, Хятад бол ах дүүгийн харилцаатай” гэдгийг олон улсад сурталчлах зорилтын хүрээнд хийж байгаа ажил юм болов уу. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Гао Шумао “Азийн зуун” сонинд (2004 он. № 001) өгсөн ярилцлагадаа “Хятад 56 үндэстнээс бүрдсэн бөгөөд монгол бол Хятадын үндэстнүүдийн том гэр бүлийн нэг чухал бүрэлдэхүүн юм. Чингис хаан, Хувилай хаан бол дэлхий дахинд алдаршсан Хятадын үндэсний баатар мөн. Монгол Улс тусгаар тогтносон учир шалтгаанаар Чингис хааныг Хятадын үндэсний баатар гэсэн түүхийн үнэнийг үгүйсгэж болохгүй” гэж хэлжээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэгч монгол хүмүүст хандаж хэлэхэд бид тайвшрах цаг яагаа ч үгүй байна. Дотоодод маань ганцаар ноёрхох засаглалаа тогтоохын төлөө гаднынханд эрх чөлөө, тусгаар тогтнолыг минь худалдаж чадах хүмүүс бодитойгоор оршиж, бүр засаглаж байна. Түрүүчээсээ гаднынхантай нийлж газрыг хуваан идэж байна. Би энэхүү бичвэрийнхээ эхэнд тусгаар тогтнолын он дарааллыг зориуд жагсаасан юм шүү. Тусгаар тогтнол эргэлзээтэй болж байсан үе бүрт буруутан нь бид өөрсдөө, тодруулбал, үе үеийн удирдагчид маань урваж шарваж, гуйвж дайвж байснаас болж байсан гэдгийг сануулах гэсэн юм. Би түүхч биш, хуульч ч биш. Тусгаар тогтнолынхоо төлөө уншсан, харснаа эргэцүүллээ.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
зочин (зочин)

буриадууд та нар эх монгол хэлийг минь буруу хазгай дуудсан та нар бол орост уусаад дуусч байгаа та нарт үндэсний бахархал гэж юу ч үлдээгүй

зочин (зочин)

буриадууд та нар эх монгол хэлийг минь буруу хазгай дуудсан та нар бол орост уусаад дуусч байгаа та нарт үндэсний бахархал гэж юу ч үлдээгүй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB