HORIDOIMERGEN : Уугуулшууллын тухай (Хуулийн концепци-төсөл)

Уугуулшууллын тухай (Хуулийн концепци-төсөл)

1 дүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Монгол Улсын уугуулшууллын бодлого явуулах эрх Хүн амын олонхи нь монгол угсаатнаас бүрдсэн улсын хувьд; Монгол Улсын Үндсэн хууль ба бусад хуулиуд, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, пакт, конвенци зэрэг баримт бичгүүд, Монгол Улсын нутагт хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрхзүйн тогтолцооны хэм хэмжээний хүрээнд багтсан эрхүүдийн дагуу Монгол Улс нь дэлхийн бүх монгол угсаатны түүхэн эх орон, гал голомт болох, түүний үндсэн дээр гадаадын монгол угсаатан харъяатыг өөрийн улсын уугуулшигч болгох эрхтэй. 2 дугаар зүйл. Уугуулшууллын хуулийг хэрэгжүүлэхийн ач холбогдол Уугуулшууллын хуулийг хэрэгжүүлснээр Монгол Улсын: 1. Үндсэн, уугуул хүн ам болох монголчуудын: 1/ Зуу зуун жилийн турш эрхэмлэн дээдэлж явсан элэг нэгтнээрээ нэгдэн нийлэх, Их Монгол улсаа байгуулах түүхэн шударга үзэл санаа хэрэгжиж эхэлнэ; 2/ Бүх үзүүлэлтээр уналтад хүрсэн байдлыг арилгаж, угсаатны хувьд аврах, шинэчлэх, сэргээн мандуулах хэтийн төлөв нээгдэнэ; 3/ Бусад улсад амьдарч буй элэг нэгтнүүдийнхээ эрхийг хамгаалан тэтгэх үүргээ биелүүлэхэд дорвитой ахиц гарна; 2. Тусгаар тогтнол, аюулгүй байдал бэхжинэ; 3. Геополитик, стратегийн нөхцөл сайжирна; 4. Хөрш болон бусад улсуудтай тогтоосон найрамдалт харилцааг хөгжүүлэхэд тустай; 5. Нийгэм эрүүлжиж, ардчилал, шударга ёс, хүнлэг энэрэнгүйн үнэ цэнэт зүйлсийг төлөвшүүлэхэд дэвшил ирнэ; 6. Оюун, эдийн засаг, соёл, батлан хамгаалах, оршихуйн потенциал өснө; 7. Хүн амын өсөлт эрс буурсан, хүн ам бага, хүн амын гадаад дотоод эрс шилжилт хөдөлгөөн зэрэг демографийн таагүй байдлын үр дагаврыг арилгана; 8. Газар нутгийн эзэмшигдэх түвшин дээшлэнэ, суурьшил нутагшил жигдэрнэ; 9. Эдийн засгийн: 1/ Ашигт малтмалын нөөцөө үр нөлөөтэй, бүрэн дүүрэн эзэмших боломжууд нээгдэнэ; 2/ Хөгжил эрчимжинэ, зах зээл тэлнэ, далайц ихэснэ; 3/ Бүтэц сайжирна; гол салбарууд болох уул уурхай ард түмний эрх ашигт үйлчилдэг болно, үйлдвэрлэл, газар тариалан сэргэнэ, мал аж ахуй шинэчлэгдэнэ, үйлчилгээ өргөжин тэлнэ. 4/ Мэргэшсэн боловсон хүчин, чадварлаг ажиллах хүчний архаг дутагдалыг багасгана. 3 дугаар зүйл. Энэ хуулийг тогтоох хуулийн үндэслэл “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн II бүлгийн 15-р зүйлийн 1-д заасны дагуу энэхүү хууль тогтоогдож байна. 4 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь уугуулшигчийн эрх хэмжээг олгох, уугуулшигчийг Монгол Улсын харъяат болгох, уугуулшигчид тусламж үзүүлэхтэй холбогдсон эрхзүйн орчныг зохицуулахад оршино. 2 дугаар бүлэг. Уугуулшигчид горилогч, уугуулшигч 5 дугаар зүйл. Уугуулшигч болох эрх Энэ хуульд монгол угсаатан гэж тодорхойлогдсон угсаатны бүлэгт хамаарагддаг, энэхүү хуулийн шаардлагыг хангах гадаадын харъяат нь эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхдийн хамтаар (цаашид гэр бүл гэх) Монгол Улсын уугуулшигч болох эрхтэй. 6 дугаар зүйл. Уугуулшигчид горилогч Насанд хүрсэн, хуулийн хариуцлага хүлээх чадвартай; монгол угсаатан буюу: монгол хэлтэн угсаатны бүлэг, түрэг хэлтэн-монгол угсаат болох тува, алтай, сарт халимаг, перс хэлтэн-монгол угсаат болох хазар угсаатны бүлэгт хамаарах; Монгол Улсын иргэн болсны үндсэн дээр Монгол Улсад аж төрөхийг хүсэгч; энэ хуульд заасны дагуу бичсэн өргөдөл, бүрдүүлсэн горилогчийн бичиг баримтыг зохих байгууллагад өгснөөр хүсэлтээ илэрхийлсэн; Монгол Улсад уугуулшигчийн виз, гэрчилгээгээр (цаашид уугуулшигчийн журмаар гэх) ирээгүй байгаа гадаадын иргэнийг уугуулшигчид горилогч (цаашид горилогч гэх) гэнэ. 7 дугаар зүйл. Уугуулшигч Уугуулшигчийн эрх хэмжээтэй болсон, Монгол Улсад уугуулшигчийн журмаар ирсэн горилогчийг уугуулшигч гэх бөгөөд, эхнэр/нөхөр болон 16 насанд хүрсэн хүүхэд нь зөвшөөрлөө бичгээр илэрхийлсний үндсэн дээр, насанд хүрээгүй хүүхдийн хамтаар мөн уугуулшигч болох боломжтой. 3 дугаар бүлэг. Уугуулшигчийн эрх, үүрэг 8 дугаар зүйл. Уугуулшигчийн эрх 1. Монгол Улсын Үндсэн хууль ба бусад хуулиуд, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, пакт, конвенци зэрэг баримт бичгүүд, Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрхзүйн хэм хэмжээнд тусгагдсан бүх эрхээр Монгол Улсад уугуулшигч хангагдана. 2. Монгол Улсын иргэн, харьяат болсон уугуулшигч дээр дурдагдсан бүх эрх, түүний дотор уугуулшигчид үзүүлэх тусламжийг авах эрхтэй бол; иргэн, харьяат болоогүй уугуулшигч Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух гадаадын харьяатын бүх эрх, уугуулшигчид үзүүлэх тусламжийг авах эрхтэй. 9 дүгээр зүйл. Уугуулшигчийн үүрэг Уугуулшигч нь: 1. Горилогчийн бичиг баримтдаа өөрийн болон гэр бүлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх; 2. Уугуулшууллын тухай болон Монгол Улсын бусад хуулийг сахин биелүүлэх; 3. Хууль ёсны хөдөлмөр эрхлэн аж төрөх; 4. Монгол хэлийг эзэмших; 5. Монголын ард түмэн, хэл соёл, уламжлал, зан заншил, эрх ашгийг хүндэтгэж, эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх; 6. Монгол Улс, монголын ард түмний эрх ашигт харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй. 4 дүгээр бүлэг. Уугуулшигч болгох журам 10 дугаар зүйл. Горилогчийн бичиг баримтыг бүрдүүлэх 1. Горилогч болохын тулд, энэ хуулийн 2-р бүлгийн 6-р зүйлийн шаардлагад нийцсэн гадаадын харъяат юуны өмнө горилогчийн өргөдөл гаргаж, уугуулшигч болоход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн (цаашид горилогчийн бичиг баримт гэх) илгээх учиртай. 2. Горилогчийн гэр бүлийнхний талаархи уугуулшигчийн гэрчилгээ олгоход зайлшгүй шаардлагатай мэдээлэл горилогчийн бичиг баримтад бүрэн агуулагдсан бол уугуулшигч болохыг хүссэн гэр бүлийн гишүүн бүр тус тусдаа горилогчийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. 3. Горилогчийн хамаатан, насанд хүрсэн хүүхэд уугуулшигч болохыг хүсвэл тусдаа горилогчийн бичиг баримт бүрдүүлж, тусдаа илгээнэ. 4. Горилогчийн бичиг баримтад хамрагдахгүй гэр бүлийн гишүүн болох горилогчийн хүүхэд, эцэг эх, монгол угсаат эхнэр/нөхөрийн эцэг эх горилогчтой гэр бүлийн холбоотойгоо нотолсон бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт горилогчийн бичиг баримтуудаа багцаар илгээвэл асуудлыг нь илүү шуурхайгаар хамтад нь шийдэж, уугуулшигчийн гэрчилгээнүүдийг нь хамтад нь илгээнэ. 5. Горилогчийн бичиг баримтаа хууль ёсоор бүрдүүлсэн бол Монгол Улсын дипломат төлөөлөгч рүү юм уу, Монгол Улсын Уугуулшууллын газар (цаашид УГ гэх) луу илгээнэ. 11 дүгээр зүйл. Горилогчийн бүрдүүлэх бичиг баримтын бүрэлдэхүүн Горилогч дараахь бичиг баримтуудыг бүрдүүлнэ: 1. УГ-ын электрон маягтыг хэвлэж, гараар бөглөж гаргасан горилогчийн өргөдөл; 2. Горилогчийн паспорт, төрсний гэрчилгээний хуулбар, горилогчийн болон түүний гэр бүлийн бүх гишүүний 2 хувь цээж зураг; 3. Горилогч болон түүний эхнэр/нөхрийн монгол угсаатайг нотлох харьяалагч улсынх нь засаг захиргааны байгууллагуудаас олгосон баримт бичгүүдийн хуулбар, хэрэв тийм баримт бичигтэй байх боломжгүй бол засаг захиргааны байгууллагын тодорхойлолт, эсвэл үндэсний чанартай байгууллагын тодорхойлолт (Монгол Улсын харьяат байсан бол монгол угсаатайг нотолсон Монгол Улсын баримт бичгүүдийн хуулбарыг хавсаргаж болно); 4. Эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхдийн горилогчид албан ёсны хамааралтай болохыг баталсан бичиг баримтын хуулбар; 5. Горилогчийн гурван үеийн намтар; 6. Монгол Улсад хэрхэн ажил эрхлэх, аж төрөх талаархи төсөөллөө танилцуулсан бичиг; 7. Эрүүл мэндийн хувьд хүн амд онц аюулгүйг нотолсон, гэр бүлийн бүх гишүүдийн тухайд гаргасан зохих эмнэлгийн байгууллагын тодорхойлолт; 8. Гэр бүлийн гишүүдийн хувьд ял шалгаж гаргасан цагдаагийн байгууллагын тодорхойлолт; 9. Горилогчийн эхнэр/нөхрийн болон 16 насанд хүрсэн хүүхдийн уугуулшигч болохыг зөвшөөрсөн бичиг; 10. Насанд хүрээгүй хүүхдийн харъяаллын талаар эх эцгийнх нь юм уу, хууль ёсны асрагч халамжлагчдынх нь зөвшилцсөн бичиг (Хэрэв хүүхэд хагас өнчин юм уу, нэг асран халамжлагчийн ивээлд байдаг бол зөвшилцсөн бичиг шаардлагагүй); 11. Горилогчийн монгол угсаатан эхнэр/нөхөр юм уу, өөр улсын иргэн болсон хүүхэд Монгол Улсын иргэн болохыг хүссэн бол түүний хэвлэсэн электрон маягтыг өөрийн гараар бөглөсөн өргөдөл, иргэнийг нотолсон бичиг баримтын хуулбар; 12. Горилогч, түүний эхнэр/нөхөр Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсаас тэтгэвэр авах хүсэлтэй бол харъяалагдагч улсаасаа тэтгэвэр авч байснаа юм уу, уг улсдаа ажиллаж байснаа нотлох баримт бичгийн хуулбар; 13. Горилогч, түүний эхнэр/нөхөр, хүүхэд Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсаас тэтгэмж авах бол харъяалагдагч улсаасаа тэтгэмж авч байснаа нотлох баримт бичгийн хуулбар. 12 дугаар зүйл. Монгол хэлний шүүлэг, шалгалтын материал Монгол хэлийг эзэмших хангалттай боломж бүхий БНХАУ-ын монгол угсаат иргэн горилогч Монгол Улсын дипломат төлөөлөгч юм уу, эрх бүхий ажилтанд амаар өгсөн монгол хэлний шүүлгийн дүн, мөн тэрхүү төлөөлөгч, ажилтны хяналтын дор бичгээр өгсөн монгол хэлний шалгалтын материалыг горилогчийн бичиг баримтууддаа хавсаргана. 13 дугаар зүйл. Горилогчийн бичиг баримтад тавигдах шаардлага Дээрх баримтууд монгол, англи, орос хэлний нэгээр үйлдэгдэж, албан баримт бичгийн хуулбарууд нотариатаар баталгаажсан байна. Баримт өөр хэлээр үйлдэгдсэн бол нотариатаар баталгаажсан, дээрх хэлнүүдийн нэг рүү орчуулагдсан эхийг хамт хавсаргана. 14 дүгээр зүйл. Горилогчийн бичиг баримтын үндсэн дээр шийдвэр гаргах 1. Горилогчийн бичиг баримтыг Монгол Улсын дипломат төлөөлөгч, хариуцлагатай ажилтан юм уу, УГ хүлээн авснаас хойш 3 сарын дотор горилогчийн эрх хэмжээг олгох эсэх асуудлыг шийдвэрлэж, албан ёсны хариуг өгнө. 2. Албан ёсны хариуг өгөхдөө хуулийн шаардлагыг хангаж, уугуулшигч болсон хүнд уугуулшигчийн гэрчилгээг нь хамт илгээнэ. Уугуулшигч болоогүй хүнд албан ёсны хариуг горилогчийн бичиг баримтынх нь хамтаар илгээнэ. 3. Дээрх 3 сарын хугацаанд горилогчтой холбогдолтой мэдээллийг УГ хянан үзэх, Тагнуулын Ерөнхий Газар шалгах, Иргэний Бүртгэл Мэдээллийн Төв бүртгэлжүүлэх ажлыг хийнэ. 15 дугаар зүйл. Уугуулшигчийн гэрчилгээ олгохоос татгалзах үндэслэл Хэрэв горилогч: 1. Горилогчийн бичиг баримтаа хуулийн шаардлага хангахуйц хэмжээнд бүрдүүлж өгөөгүй; 2. Ял эдэлж байгаа, гэмт хэрэгт холбогдоод байгаа, эрүүгийн хэргээр эрэн сурвалжлагдаж буй, давтан юм уу хүнд гэмт хэргээр яллагдаж байсан; 3. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа бол; 4. Гоц халдварт өвчин бүхий, наркологийн архаг хамааралтай, хуулийн хариуцлага хүлээж чадахгүйд хүргэсэн сэтгэл мэдрэлийн эмгэгтэй; 5. Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргаснаас хойш 5 жил өнгөрөөгүй; 6. Жилийн Монгол Улсын уугуулшигчийн квотоос хэтэрсэн бол энэхүү үндэслэлүүдээр Монгол Улсын уугуулшигчийн гэрчилгээ олгохоос татгалзана. 16 дугаар зүйл. Монгол Улсын уугуулшигчийн квот 1. Энэ хууль үйлчилж эхэлсэн оноос эхлэн хүлээж авах уугуулшигчийн жил бүрийн квотыг Монгол Улсын Засгийн газар (цаашид ЗГ гэх) тогтооно. 2. Квот тогтоогдсон жилдээ л хүчинтэй бөгөөд дараагийн он руу шилжихгүй. 3. Уугуулшигчид үзүүлэх тусламжийг авахаас татгалзсан уугуулшигч квотод хамрагдахгүй. 4. Угсаатны хувьд холимог уугуулшигч гэр бүлийн квот нь жилд монгол угсаатан олноор амьдардаг БНХАУ, ОХУ, БНАфгУ-аас тус бүр 100 гэр бүл, бусад улсаас нийт 100 гэр бүлээс илүүгүй байхаар тогтоогдоно. 17 дугаар зүйл. Уугуулшигчийн гэрчилгээ, уугуулшигчийн эрх хэмжээ 1. Уугуулшигчийн гэрчилгээ нь горилогч болон гэр бүлийнхнийг нь уугуулшигчийн эрх хэмжээнд хамруулсан баримт бичиг байна. 2. Уугуулшигчийн эрх хэмжээ гэдэг нь горилогч Монгол Улсын харъяат, иргэн болох, Монгол Улсад аж төрөх, уугуулшигчид үзүүлэх тусламжийг авах эрхтэй болохыг хэлнэ. 3. Уугуулшигчийн эрх хэмжээ горилогч уугуулшигчийн журмаар Монгол Улсад ирсэн өдрөөс эхлэн үйлчлэх ба 3 жил үргэлжилнэ. 18 дугаар зүйл. Уугуулшигч Монгол Улсад ирэх, Монгол Улсын уугуулшигч болсонд тооцогдох, Монгол Улсын иргэн, харъяат болох 1. Уугуулшигчийн гэрчилгээ авсан горилогч Монгол Улсын дипломат төлөөлөгчид хандаж, өөртөө болон гэр бүлийнхэндээ уугуулшигчийн виз авснаар Монгол Улсад нэвтрэх боломжтой болно. Монгол Улстай харилцан визгүй зорчдог улсын харъяат горилогч уугуулшигчийн гэрчилгээгээр Монгол Улсад нэвтэрнэ. 2. Уугуулшигчийн гэрчилгээ авсан горилогч уугуулшигчийн журмаар Монгол Улсад ирсэн бол тэр өдрөөсөө эхлэн уугуулшигч болсонд тооцогдоно. 3. Горилогч болон түүний Монгол Улсын иргэн болох хүсэлтээ илэрхийлсэн эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд нь өөр улсын иргэнчлэл, харъяатаас гарсан тохиолдолд Монгол Улсад ирсэн өдрөөсөө хойш 2 сарын дотор Монгол Улсын иргэн, харъяат болох боломжтой. Өөр улсын иргэнчлэл, харъяатаас гаралгүй Монгол Улсад ирсэн бол, гарсан өдрөөсөө хойш 2 сарын дотор Монгол Улсын иргэн, харъяат болох боломжтой. Горилогч байсан уугуулшигч Монгол Улсад ирснээсээ хойш өөр улсын иргэнчлэл, харъяатаас гарах ёстой хугацаа 1 жилээс хэтрэхгүй. 4. Уугуулшигчийн эхнэр/нөхөр монгол угсаатан бол, мөн хүүхэд Монгол Улсын харъяат болсон бол уугуулшигчийн хөнгөвчилсөн журмаар Монгол Улсын иргэн болох боломжтой. Тийм бус бол Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу буюу энгийн журмаар Монгол Улсын иргэн болно. 5. Горилогч Монгол Улсад ирэхэд УГ-аас өгсөн баримтад үндэслэн, горилогч ирснээс хойш 2 сарын дотор Монголын Улсын харъяатын асуудал эрхэлсэн байгууллага Монгол Улсын иргэн болгох эсэхийг шийдвэрлэнэ. 5 дугаар бүлэг. Монгол Улсын Засгийн газраас (ЗГ) уугуулшигчид үзүүлэх тусламж 19 дүгээр зүйл. Уугуулшигчид туслах ЗГ-ын хөтөлбөр 1. Монгол Улс УГ болон ЗГ-ын бусад зохих бүтцээрээ дамжуулан уугуулшигчид эрх зүй, эд материалын болон бусад тусламжийг үзүүлнэ. 2. Монгол Улсын Засгийн газар (ЗГ) уугуулшигчид туслах үндсэн чиглэлүүдийг тодорхойлох, зохицуулах урт хугацааны хөтөлбөр боловсруулна. Уг хөтөлбөрийн үндсэн чиглэлүүд жилийн хөтөлбөрөөр хэрэгжинэ. 3. Уугуулшигчид туслах ЗГ-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгө хөрөнгийг Улсын төсөвт тусгайлан тусгаж байна. 4. Уугуулшигчид туслах урт хугацааны болон жилийн хөтөлбөрүүддээ ЗГ дараахь үүргүүдээ тусгана: 1/ Уугуулшигчийг Монгол Улс дахь түр болон байнгын оршин суух газарт нь хүргэж өгсөн дунд ангиллын, агаарын бус тээврийн баримт нотолгоотой зардлыг нь нөхөн төлнө. Агаарын бус тээврээр ирэхэд хангалттай мөнгийг олгох замаар уугуулшигчийн агаарын тээврийн зардлын хэсгийг нөхөн төлнө. 2/ Уугуулшигчийн хувийн болон гэр бүлийн зориулалттай эд хөрөнгийг гаалийн татвар, хураамжаас чөлөөлнө. 3/ Уугуулшигчид нэг удаа (уугуулшигч гэр бүлийн гишүүн бүрд) сарын цалингийн албан ёсоор тогтоогдсон 2 доод хэмжээтэй тэнцэх мөнгө оногдохоор тусламжийг олгоно. 4/ Байнга суурьших, нутаглах газраа сонготол түр байрших газрыг хөтөлбөрийн дагуу уугуулшигчийн саналыг харгалзан олгож, нэг удаа гэр, хашааг буцалтгүй тусламжийн журмаар өгнө. Түр байрших газарт уугуулшигч байнга суурьших, нутаглах боломжтой. Уугуулшигчийн сонголт, хөтөлбөрийн боломжийн дагуу байнга суурьших, нутаглах газар сонгогдвол тэнд оршин суух зориулалттай газрыг олгоно. 5/ Уугуулшигч орон сууц барих болбол хөнгөлөлттэй зээллэгээр дэмжинэ. 6/ Уугуулшигч ажилгүй байх үед Монгол Улсад тогтоогдсон ажлын хөлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгож байна. 7/ Тэтгэвэр авч байснаа баримт бичгээр нотолсон уугуулшигчид Монгол улсын тэтгэврийн доод хэмжээтэй тэнцэх тэтгэврийг олгож байна. Уугуулшигч буюу, уугуулшигч байсан хүн Монгол Улсад аж төрж байхдаа тэтгэврийн насанд хүрвэл Монгол Улсын Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгоно, түүний хилийн чанадад ажилласан хугацаа нь Монгол Улсад ажилласантай дүйцэгдэнэ. 8/ Уугуулшигч Монгол Улсын хуулиар тогтоогдсон бусад тэтгэмжүүдийг зохих баримт, нотолгооны үндсэн дээр авах боломжтой. Мөн Монгол Улсад тэтгэмжээ тогтоолгон авч болно. 9/ Уугуулшигчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлнө. 10/ Уугуулшигчийг ажлаар хангана. Ялангуяа уул уурхайн салбарт олон ажлын байр буй болгох, бичил, бага уурхай эрхлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх замаар ажлаар хангах явдалд онцгой анхаарна. 11/ Уугуулшигчийн урьд амьдарч байсан улсдаа авсан боловсролыг гэрчлэх баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрөх нөхцлийг бүрдүүлнэ. 12/ Уугуулшигч бизнес эрхэлж, ажлын байр буй болгох, ашигт малтмал олборлохыг болон, бизнесменүүд уугуулшигчид ажлын байр буй болгох, тэдэнд туслахыг бизнесийн хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжинэ. Ялангуяа уугуулшигч ашигт малтмал олборлох, бичил, бага уурхай эрхлэх явдлыг онцгойлон дэмжинэ. 13/ Уугуулшигчийг сурч боловсрох нөхцлөөр хангана. Хүүхдийг нь шаардлагатай бол монгол дунд сургуульд суралцуулах үнэ төлбөргүй бэлтгэл сургалтад хамруулна. 14/ Уугуулшигчид шаардлагатай бол дасан зохицох тусгай дамжаанд үнэ төлбөргүй суралцах боломж олгоно. Дасан зохицох дамжаанд монгол хэл, бизнесийн, хөдөлмөрийн, эрүүл мэндийн, даатгалын зэрэг хууль тогтоомжууд, зарим байгууллагын үйл ажиллагаа зэргийг таниулах, сургах болно. 15/ Уугуулшигчийг Монгол Улс дайны байдалд байгаа бус нөхцөлд цэргийн албанаас чөлөөлнө. 16/ Уугуулшигчид үзүүлж буй тусламжийн ач холбогдлыг уугуул иргэдэд зөв зүйтэйгээр ойлгуулан сурталчилж; уугуулшигчийг тусламжид хамруулах болон бүх нийгмийн хичээл зүтгэлээр монгол угсаатан-соёлын орон зайд идээшүүлэх ажилд уугуул иргэдийг идэвхтэйгээр оролцуулах арга хэмжээг зохион байгуулж байна. 6 дугаар бүлэг. Уугуулшигчийн эрх хэмжээг хүчингүй болгох 20 дугаар зүйл. Уугуулшигчийн эрх хэмжээг хүчингүй болгох үндэслэлүүд 1. Насанд хүрсэн уугуулшигчийн гэрчилгээг хүчингүйд тооцох замаар уугуулшигчийн эрх хэмжээг хүчингүй болгох бөгөөд: 1/ Хууль бусаар уугуулшигч болсон; 2/ Горилогч асан уугуулшигч болсноосоо хойш хүндэтгэх шалтгаангүйгээр 1 жилийн дотор өөр улсын иргэнчлэлээс гараагүй; 3/ Уугуулшигч болсон хойноо Монгол улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулах; 4/ Уугуулшигчийн гэрчилгээг авснаасаа хойш тухайн байдалд хүргэсэн хүндэтгэх шалтгааныг мэдэгдэлгүйгээр 3 жилийн дотор Монгол Улсад уугуулшигчийн журмаар ирээгүй; 5/ Уугуулшигч эрх хэмжээгээ хүчингүй болгох хүсэлт тавих; 6/ Уугуулшигч нас барах; 7/ Уугуулшигч болсноос хойш 3 жил өнгөрөх тохиолдлуудад уугуулшигчийн эрх хэмжээг хүчингүй болгоно. 2. Уугуулшигчийн эрх хэмжээг хүчингүй болгох нь бусад уугуулшигчийн эрх хэмжээнд нөлөөлөхгүй. 7 дугаар бүлэг. Монгол Улсын Уугуулшууллын Газар 21 дүгээр зүйл. Монгол Улсын Уугуулшууллын Газрыг байгуулах, түүний эрх үүрэг 1. Уугуулшууллын хуулийг болон уугуулшигчид туслах ЗГ-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелүүлэх ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах, хянах үүрэгтэй гол байгууллага УГ-ыг ЗГ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байгуулна. 2. УГ нь үүргээ биелүүлэхэд шаардлагатай эрхүүдийг эдлэнэ. 8 дугаар бүлэг. Уугуулшууллыг дэмжих ЗГ-ын үйл ажиллагааны чиглэлүүд 22 дугаар зүйл. Уугуулшууллыг төрийн бодлогоор дэмжих ЗГ: 1.Уугуулшууллыг Монгол Улсын стратеги, геополитикийн тэргүүлэх чиглэл, Монгол Улсын хэтийн төлөвд шийдвэрлэх ач холбогдолтой, улс үндэстнийг аврах үйл явц гэж үзэн дэмжинэ. 2. Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа УГ-ыг байгуулж, үйл ажиллагааг нь тал бүрээр дэмжинэ. 3. Уугуулшигчид туслах хөтөлбөрийг боловсруулж, УГ болон бусад зохих бүтцээрээ дамжуулан хэрэгжүүлнэ. 4. Уул уурхайн салбарт уугуулшигчид зориулсан олон тооны ажлын байр буй болгох, бичил, бага уурхай эрхлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх тал дээр онцгой анхааран ажиллана. Бусад салбарт болон эдийн засгийн чөлөөт бүсэд тэдэнд зориулсан олон тооны ажлын байр буй болгохын төлөө чармайн ажиллана. 5. Уугуулшууллын бодлогыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, гадаад улсуудын тусламжийг авах арга замыг эрэлхийлж, олж, тусламжийг үр нөлөөтэй зарцуулж байна. 6. Монгол угсаат иргэд бүхий улсуудтай хамтран ажиллаж, харилцан туслалцаж байна. 23 дугаар зүйл. Уугуулшууллыг санхүүжүүлэх ЗГ: 1.Уугуулшууллыг санхүүжүүлэхийн тулд уул уурхайн салбараас олох орлогыг эрс нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, уг орлогоос уугуулшууллын бодлогыг хэрэгжүүлэхэд өргөнөөр ашиглана. 2. Гадаадаас уугуулшууллын зорилгоор зээл тусламж авч ашиглана. Монгол угсаат олон иргэдтэй улсаас тусламж авах бодлого баримтална. 3. Хандив, бусад эх үүсвэрээс бүрдэх Уугуулшууллын Санг байгуулж ажиллана. 4. Уугуулшуулалд тустай хөрөнгө оруулалтыг тал бүрээр дэмжинэ. 9 дүгээр бүлэг. Хууль хүчин төгөлдөр болох Хуулийн төслийг зохиогч Ч.Мөнхбаяр 2006.05.30
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Бямбацогт (зочин)

Энэ хуулийн төсөл одоо юу болж байгаа бол

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB