HORIDOIMERGEN : Алтаргана наадам анх эхэлсэн тvvх

Алтаргана наадам анх эхэлсэн тvvх

Өөрсдийн туулж өнгөрүүлсэн түүхээрээ зүй ёсоор бахархах эрхтэй, эдүүгээ цагт дэлхийн олон улс оронд тархан амьдардаг болсон ч яахын аргагүй үндэс гарал, хэл, соёл, шашин нэгтэй үндэстэн бол монголчууд буюу монголын олон угсаатнууд юм аа. Өнөө цагт Армонгол буюу халхмонголчууд (Монгол улсад), Өвөрмонголчууд (Хятад улсад), Буриадмонголчууд (ОХУ, Монгол улсад), Ойрдмонголчууд (Шинжаанд, Монгол улсад), Халимагмонголчууд (ОХУ-д), хэл соёл нь өөр болсон Тувамонголчууд (ОХУ-д), Хазаармонголчууд (Афганистанд), Өмнөдмонголчууд (Өмнөдхятадад) гэсэн монголчуудын томоохон бүлэглэлүүд амьдарцгааж байна. Цөөн бүлэг хүмүүс Халимагмонголчууд (АНУ-д), Өвөрмонголчууд (Тайваньд), Буриадмонголчууд (Австрали, Францад), өнгөрсөн зууны эхээр цагаачлан гарсан байдаг юм байна. Харин одоо цагт ажиллахаар гарсан монголчууд Солонгос, Европын холбоо, АНУ-д амьдарцгаадаг.

1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал нь Монгол туургатны үе үеийн үндэсний ухамсрын мандал бадралын шинэ үеийг эхлүүлсэн билээ. Социализмын он жилүүдэд үндэсний үзэлтэн гэгдэхээс эмээж сэтгэл зүрхэндээ битүүхэн тээж явсан үндэснийхээ арвин их ёс заншил, бахархалт түүхээ одоо цагт монголчууд ил тодоор сэргээн сурталчилж бахархангуй бичиж туурвих болсон юм. Олон монголчуудын нэгэн салаа мөчир болсон Буриадмонголчууд ч мөн эрүүл саруул шинэ цаг үеийн ачаар өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн түүх соёл, зан заншлаа сэргээх сурталчлах сэтгэлийн хүсэл тэмүүллээ биелүүлж эхэлсэн юм аа.

1990 ээд оноос хойш Буриадын өв соёлын нийгэмлэг, Буриадын өв соёлыг сэргээн хамгаалах сан, Угай бэшэг сонин гаргах, сумдууд нутгийн иргэдээ цуглуулж уулзах зэрэг янз бүрийн хэлбэрийн ажлыг эхлүүлэн оролдож эхэлсэн. Оросын буриадад ч соёл заншлаа сэргээх оролдлогууд олон гарсан. ЗХУ задарч ОХУ байгуулагдсаны дараа тэд өөрийн улсаа Бүгд Найрамдах Буриад Улс гэж нэрлэх болсон. Энд би нэгэн санаа хэлмээр санагддаг юм. Анх 1920 -иод оны үед ЗСБНАвтономит Буриадмонгол Улс гэж байгуулагдан 1950-иад он хүртэл нэрлэгдэж байсан ба сталинизмын нөлөөгөөр монгол гэдэг нэрийг нь хасаж үндэс нэгт ард түмнүүдийг оюун, сэтгэл санаагаар холдуулах бодлого эхэлсэн билээ. Харин дэлхий даяар ардчилал эрх чөлөөг дээдэлсэн энэ эрин үед Буриадмонголчууд маань анх байгуулагдаж байсан улсынхаа анхны нэрийг дахин сэргээгээсэй гэж хүсдэг юм аа. Тийм учраас одооноос эхлэн бид Буриадмонгол зон түмэн гэж нэрлэж ярьж заншмаар байна.

Ардчилал шинэчлэлийн эхний жилүүд болох 1992 - 1996 онд Хэнтий аймгийн Засаг даргаар Дадал сумын уугуул харъяат Цэдэндамбаагийн Балдандорж (Энэ хүн Дорнод аймагт Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргаар ажиллаж байсан) Аймгийн соёлын хэлтсийн даргаар мөн Дадалын уугуул харъяат Дуламжав, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын даргаар Мөнхжаргал, Чуулгын дуу хөгжмийн багшаар мөн Дадалын уугуул харъяат Монгол улсын урлагын гавъяат зүтгэлтэн Дуламын Гомбо нар ажиллаж байлаа.

1994 оны аймгийн соёлын ажлын төлөвлөгөөнд Дадал суманд сайн дурын ардын авъяастнуудын дунд буриад дуу дуулаачдын тэмцээнийг зохион явуулахаар төлөвлөсөн байв. Тэр үед Дадал сумын Засаг даргаар Хуацай овгийн Галсаны Доржсүрэн, ИТХ-ийн нарийн бичгийн даргаар Хуацай Баатарцогтын Даваажаргал, Засаг даргын орлогчоор Ганхуяг миний бие, нийгмийн бодлогын түшмэлээр Чимиддоржийн Баярмаа нар ажиллаж байв.
1994 оны 3-р сарын эхээр Буриад дууны тэмцээнийг зохион явуулах болсон шийдвэр, төсөв хөрөнгийг нь орон нутгаас гаргах тухай аймгийн Засаг даргын албан тоот бичиг ирлээ. Сумын Засаг дарга уг албан бичгийг үзээд Засаг даргын орлогч болон сумын нийгмийн бодлогын түшмэл нарт ажлын төлөвлөгөө гаргахыг даалган цохлоо. Уг албан бичигт буриад дууны тэмцээнийг зохион явуулахад аймгийн төвийн "Суварга" ХК 30 000 төгрөгөөр ивээн тэтгэснийг дурьдсан байсан. Энэ компанийн захирал нь Дадал нутгийн уугуул Дашдаваагийн Дашдондог гэдэг шижигнэсэн залуу юм.
Мөн уг тэмцээнийг зохион явуулах тухай болон ардын авъяастнуудаа оролцуулахыг сануулсан албан бичгийг аймгийн соёлын хэлтсээс Биндэр, Батширээт суманд явуулсан болов уу гэж санагддаг.Учир нь үнэндээ тэр үед иймэрхүү арга хэмжээг ихэвчлэн дээрээс зохион байгуулан даалгадаг байлаа. Одоо ч гэсэн сумдыг бүсчилсэн урлаг спортын уулзалт бага наадмыг үе үе зохион явуулдаг билээ.

Ингээд бид 1994 оны 6-р сарын 11 - 13 нд уг тэмцээнийг зохион явуулахаар шийдээд мөн Биндэр, Батширээт, Баян-Адарга, Норовлин сумын удирдлагад ардын авъястнуудаа тэмцээнд оролцуулах тухай урилга явуулсан юм. 5-р сарын эхээр тэмцээнийг зохион явуулах сумын комиссыг зохион байгуулж даргаар нь намайг томиллоо. Ингээд сумынхаа ардын авъяастнуудаа цуглуулаад бэлдүүлж эхлэв. Энэ л үеэс Баярмаа, Даваажаргал ах, бид нар ердийн л нэг сайн дурын уран сайханчдын бүсийн уралдаан маягийн юм биш ер нь нэг л сайхан шинэлэг юмыг, болж өгвөл Буриадмонгол зон түмний урлаг соёл, зан заншлыг магтан дуулсан, сэргээн дэлгэрүүлсэн байнга уламжлал болон явагдаж байдаг ер бусын сүрлэг том сайхан наадмыг эхлүүлэх юмсан гэж ярилцаж эхэлсэн.

5-р сарын дундуур тэмцээнийг зохион явуулах комиссын хурал болж бэлтгэл ажил ямар байгааг ярилцав. Хуралд сумын Засаг дарга Хуацай Галсаны Доржсүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Хуацай Баатарцогтын Даваажаргал, Тамгын газрын дарга Сэрээнэний Оюунбилэг болон комиссын гишүүн 10 аад хүн байв. Тэр үед сумын клуб маань шатчихсан тэмцээнийг явуулах тайз, зрительтэй заал байхгүй жаахан хэцүүхэн л байлаа. Энэ хурал дээр бид бодож байсан санаагаа хэлэлцлээ. Хүмүүс ер нь их нааштай хүлээн авч дэмжиж байнаа. Бид ярилцсаар байгаад уламжлал болон явагдаж байдаг Буриадмонгол зон түмний урлаг соёлын наадмыг албан ёсоор анхдагч болгон эхлүүлье аа, хэдэн жил тутамд явагддаг байх хугацааг нь тогтооё гэдгийг санал нэгтэй шийдлээ. Энд би наадам маань тодорхой нэртэй байх нь зүйтэй тэгээд жил тутам явагдаж байдаг байх нь зүйтэй гэсэн санал хэлэв. Хүмүүс мөн л энэ саналын эхнийхийг бүгд дэмжлээ, харин зарим хүмүүс хугацааны хувьд 3 жил тутам, 4 жил тутам байх нь зүйтэй гэж байна. Хэрэв эхний үед ойр ойрхон зохиохгүй бол 3 - 4 жил тутамд 1 удаа явагдаж байна гэж шийдвэл хүчээ авч чадахгүй мартагдана гэж би бодож байснаа хэллээ. Учир нь Оросын Буриадууд иймэрхүү наадмыг мөн л нэг удаа эхлээд төдий л хүчээ авч уламжлал болж чадалгүй мартагдсан гэж би сонссон байсан юм. Бид ийнхүү ярилцсаар байгаад 2 жил тутам явагддаг байхаар тогтоод дараагийн наадам явуулах сумыг нь тэмцээний дараагаар шийдэж наадам явуулах эрхийг нь албан ёсоор хүлээлгэн өгье гэж шийдлээ.
Мөн дараагийн наадамд Дорнод аймаг Улаанбаатар хот болон буриадмонголчууд амьдардаг аймгуудад урилга явуулаад өргөн том наадам болгоё гэж ярилцаж байлаа. Энэ үед бид гаргасан санал маань нутгийн зон түмний маань хүсэн хүлээж байсан, хүн бүхний мөрөөдөж байсан санаа байсныг ойлгосон юм.

Дадалчууд бид иийнхүү уламжлалт их наадмын эхлэлийг тавих болсондоо маш их баяртай байсан ба хүн бүхэн дотроо хэзээ нэгэн цагт Оросын, Хятадын, улмаар дэлхийн өнцөг булан бүрийн буриадмонголчууд оролцсон олон улсын хэмжээний маш сайхан сүрлэг их наадам болоосой гэж зүрх сэтгэлээсээ хүсэн мөрөөдөж байсан юм аа.Тийм ч учраас эхлүүлсэн үйлсээ улам баталгаажуулахын тулд оноосон нэртэй болгоё гэдэг асуудлаа ярилцлаа. Би дотроо Тоонот нютаг юм уу, Алтаргана гэсэн нэр өгвөл зүгээр юм даа гэж бодож явсныгаа хэлэв. Учир нь бүх буриадуудын дуртай хүндэлдэг, мэддэг аль нэг дууны нэрээр нэрлэж сүлд болгон дуулж байвал сайхан юм л гэж бодож байлаа. Хүмүүс санал хэлж байнаа. Доржсүрэн дарга Улаалзай гэж нэрлэе дуу нь ч их сайхан юм гэж байна. Сумын нийгмийн бодлогын түшмэл Ч.Баярмаа Алтаргана гэдэг нь сайхан сонсогдож байна энэ нь дээр гэлээ. Доржсүрэн дарга өөрийнхөө саналаар зүтгэсээр байлаа. Би Баярмаагийн саналыг дэмжиж тэгвэл ерөөсөө Алтаргана гэж нэрлэхээр тогтоё гэлээ. Даваажаргал ах болон бусад хүмүүс ч Алтарганыг дэмжлээ. Ингээд олонхийн саналаар Алтаргана дээр тогтсон ба би ч Алтаргана наадмын анхны эмблемийг өөрөө зурж хийхээр шийдлээ.
Би тэр үед алтаргана гэдэг ургамлын талаар буруу бодолтой байсан юм билээ. Учир нь буриадууд агдарганаа гэдэг цагаан төмсний улаан цэцгээс том улаан цэцэгтэй Дагуур сараана гэдэг цэцгийг Баяндун сумын харъяат геологич Шагдарын Батжаргал багш маань надад Дадал сумын Балжийн голд ургасан байхад нь таараад Алтаргана гэж хэлсэн юм. Тэгээд би том дугуй тойрог зураад голд нь дээшээ хонхлон дэлбээлсэн 5 дэлбээт уулын болон голын нугад ургадаг үзэсгэлэнт улаан цэцгийг зураад дээр нь дугуйруулан Буриад түмний дууны наадам, доор нь дугуйруулан Алтаргана 94 гэж бичээд эмблем болгон зурчихлаа.

Удалгүй 5-р сарын сүүлээр аймгаас Соёлын хэлтсийн дарга Дуламжав, Хан Хэнтий чуулгын дуу хөгжмийн багш Урлагын гавъяат зүтгэлтэн Дуламын Гомбо, мөн Дадалын уугуул харъяат Хан Хэнтий чуулгын хөгжимчин соёлын тэргүүний ажилтан Сэрээтэрийн Гүрсоронзон (Энэ хүн Дорнодын театрт ажиллаж байхдаа Бадамдорж гуайн шүлгээр "Нютаг уhанай дуун" гэж сайхан дуу зохиосон) нар тэмцээний бэлтгэл ажил шалгах, туслах зорилгоор ирлээ. Бид бэлтгэл ажлаа танилцуулаад улмаар уламжлалт наадам болгон эхлүүлэх болсоноо хэлээд би зурсан эмблемээ үзүүлчихэв. Тэд мөн л зөв зүйтэй сайхан санал байна хэмээн бүгд дэмжиж байнаа. Гэтэл Дуламжав дарга буруу цэцэг зурсан байна Алтаргана гэдэг чинь энэ биш алтан харганархуу юм байж таараа. "Ар газар ургадаг ац бөхтэй алтаргана, энгэр газар ургадаг иш бөхтэй алтаргана" гэдэг биз дээ энийгээ өөрчил гэлээ. би бас зурсан юм аа хамгаалаад жаал маргав. Дуламжав дарга өөрчлөх нь зүйтэй гээд 6-р сарын 1 гэхэд хөтөлбөрөө гаргаад анонс юм аа гаргаж тавь клуб чинь шатчихсан байдаг, тэмцээн болон концерт явагдах тайз, заалаа бэлэн болго, сумынхаа тоглолтыг улам сайн болго гэх мэт үүрэг өглөө. Би ч даруйхан сумынхаа ганц зураач болох Сүндэвийн Өлзийбаярт анхдугаар Алтаргана наадмын хөтөлбөрөө өнөөх эмблемтэйгээ өгөөд цагаан даавуу авч өгөн анонсоо хийлгээд сумын төвийн хамгийн том барилгын нэг олны хөлийн газар болох гуанзны нүүрэн талд өлгөчихвөө. Одоо ч том улаан цэцгээр эмблем болгосон анхны алтаргана наадмын анонс, тоглолтын тайзны ард өлгөж байсан ватман цаасан дээр өнөөх миний зурсан эмблемийг би хадгалж байгаа. Хэзээ нэгэн цагт Буриадмонголчуудын түүх соёлын музей байгуулж үзмэр болгон тавина даа гэж бодож явдаг аа.

Анонс гарсаны дараа нутгийн зон олон маань ч ярих яриатай болж сэтгэл нь сэргэн бидний ажлыг шууд дэмжлээ. Дадал сумын Цэрэнпилийн Жамсранжав захиралтай (Одоо сумын Засаг даргаар ажиллаж буй) "Балжхаан" компани өөрсдийн зардлаараа сумын спорт зааланд тоглолт явуулах тайз, зрителийн сандалуудыг хэдхэн хоногийн дотор хийж тавьсан. Дадалын хүмүүс сэтгэл санаагаараа болон биеээрээ эрвийх дэрвийхээрээ Алтаргана наадамдаа туслав. Гурван нуурын амралт зарим зочдыг үнэгүй хүлээн авч байрлуулахаа амаллаа. Гүрсоронзон ах маань нутгаа бодож нэрээ бодож сумынхаа уран сайханчдын тоглолтыг болон тэмцээнд оролцох авъяастнуудаа чин сэтгэлээсээ бэлдсэн. Даваажаргал ахай анхны Алтаргана наадмын зочдод дурсгах дурсгалын дарцагуудыг цагаан даавуун дээр цоолбордож өдөржин шөнөжин хийсэн юмдаг.

Ингээд Буриадмонгол зон түмний дуу хуур, урлаг соёлын анхны Алтаргана 94 наадам маань 1994 оны 6-р сарын 11 - 13-ны өдрүүдэд их Чингис хааны тоонот буриадмонгол зон түмний нутаг болсон алтанхан Онон, ариухан Балж хатан ижийн хооронд, мөнхөд ногоорох нарсан ойт Дэлүүн болдог, Баян-Овоогийн энгэрт дуутайхан шуугиантайхан болж өнгөрсөн билээ. Анхны Алтаргана наадмыг зохион явуулахад Аймгийн зохион байгуулагчдыг ахалж аймгийн Засаг даргын орлогч Батмөнх (Сумочин Кёкутэнзан Энхбатын аав) шүүгчээр Хан Хэнтий чуулгын дарга Мөнхжаргал мөнөөх Дуламын Гомбо багш, Хан Хэнтий чуулгын хөгжмийн удирдаач Батноров сумын уугуул Базарваанийн Авирмэд, нар ажилласан. Тэд ч үнэн сэтгэлээсээ биднийг дэмжиж наадмыг улам сайхан болгосон. Мөн Хан Хэнтий чуулгын жүжигчид ирж наадмын хөтөлбөрт оролцон буриадмонгол зон түмэндээ ая дуугаа өргөн тоглосон юм аа. Энд залуу дуучин Энхзул чуулгын жүжигчин байхдаа ирж ая дуугаа өргөж байсан юмдаг. Монголын үндэсний телевизээс Хаянхярваа гуайгаар ахлуулсан хөгжмийн студийн групп ирж ажиллан анхны Алтаргана наадмын бүх бичлэгийг хийсэн ба дараа нь хоёр ч удаа орон даяар нэвтрүүлэг хийж үзүүлсэн билээ. Анхны Алтаргана наадамд Дадал, Биндэр, Батширээт, Мөрөн сумд болон Өндөрхаан, Бэрхээс ардын авъяастнууд оролцсон ба Дадалын Цэдэндоржын Янжмаа (Гавъяат жүжигчин буриад дуу дуулаач Ц.Ичинхорлоогийн дүү нь), Биндэрийн ахмад авъяастан Гомбо гуай, залуу авъяастан Батбаатар (Сүүлд СУИС төгсөөд одоо төмөр замын чуулгад дуучин болсон "Морин хуур минь" гэдэг дуу дуулж байгаа), Мөрөн сумын нэг жаахан охин нар түрүүлж тэмцээний алтан медалиар шагнуулж байлаа. Дадал сумаас залуу авъяастан Одончулуун, Нарангэрэл, Цэрэнпаа, Цэвэлмаа, Энхмэнд, Сэнжим ахмадуудаас Дашням, Хорлоо, Цэнджав нарын хүмүүс оролцсон, бусад сумдаас нийтдээ 30 аад авъастнууд, 50 гаруй зочид төлөөлөгчид оролцсон. Ингээд бид дараагийн хоёр дахь Алтаргана наадмыг зохион явуулах эрхийг амжилттай оролцсон Биндэр нутгийнхандаа хүлээлгэн өгөөд наадмын дараа бүх зочдоо урин Ононой голын Цээнтэйн тохойд галаа асаан бүх л шөнөжингөө ёохороо хатарч хөгжин цэнгэлдэж билээ.

Буриадмонгол зон түмний урлаг соёлын Алтаргана их наадам ийнхүү өртөөлөн эхэлж 1996 онд Биндэр суманд амжилттай болж өнгөрсөн. Энэ наадамд аймгийн Засаг дарга Балдандорж баавай маань өөрийн биеээр оролцсоон.

Гурав дахь Алтаргана их наадам 1996 онд Батширээт суманд болсон ба энэ их наадмаас эхлэн Монгол орны өнцөг булан бүрээс буриадмонголчууд маань уухайлан оролцож эхэлсэн. Эндээс л эхлэн дараагийн 4 дэх Алтаргана их наадмыг домог түүхт Дорнод аймгийн Дашбалбарчууд маань хүлээн авч чухамхүү олон улсын их наадам болох эх суурийн амжилттай тавьсан билээ.

Дөрөв дэх Алтаргана их наадам 2000 онд Дашбалбарт болж Эрхүүгийн гэдэг Оросын баруун буриад, Улаан-Үдийн гэдэг БНБуриад улс, Агын буриадаас зочид төлөөлөгчид ирж оролцон нижгэр наадам болсоноороо түүхэнд домог болон үлдсэн. Дашбалбарын наадмын үеэр Алтаргана наадмыг зохион явуулах талаар зөвлөлдөж байх олон улсын хороог байгуулахаар эхлэн үүсгэсэн баримт бий. Эндээс Алтаргана их наадам маань Монголынхоо хилийг даван олон улсын Буриадмонголчуудын хүсэн хүлээсэн наадам болж анх дахь удаагаа Оросын Холбооны улсын Агын буриадад болохоор боллоо.

Тав дахь Алтаргана их наадам 2002 онд ОХУ-ын Агын буриадад болж анх удаа Өвөрмонголын Шэнхээн буриад ах дүү нар маань оролцож наадмын сүр жавхааг улам өргөв.

Анхны Алтаргана их наадмаас хойш эдүүгээ хүртэл яг 10 жил болжээ. Бяцхан горхиноос эх аван урссаар том мөрөн үүсдэг лугаа Алтаргана их наадам маань хүрээгээ тэлэн өргөжиж улам сайхан болсоор байна. Ийнхүү анхны Алтаргана наадам Дадал нутгийн уугуул гаралтай болон, одоо байгаа нутгийн зон олны үндэс угсаагаа бахархан, түүх соёлоо хайрласан сэтгэлийн дэмээр амжилттай болсон ба тэдний эхлүүлсэн үйлсээ бүх буриадмонголчууддаа хүргэх хүсэл мөрөөдөл өнөөдөр биеллээ олсоор байна. Нутгийн зон олны минь сэтгэл тэнийн байгаа буй заа.

2004 оны 5-р сарын 17
Чойбалсан хот.
Дадалын уугуул Балбарын Ганхуяг.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB