HORIDOIMERGEN : Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй

Улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал цаашдаа хэрхэн хөтлөгдөх нь вэ гэдгийг шийдэх Оюутолгойн гэрээ, үйлдвэр цаашдаа хэрхэн ажиллах асуудал будилаантай байна. Энэ талаар саяхан Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийнхөн хуралдахдаа тодорхой шийдэлд хүрэх болов уу гэсэн хүлээлт байсан ч учир битүүлэг болж өнгөрлөө. “Рио Тинто”-гын удирдлагуудын хувьд Оюутолгойг сорчилж ашиглах үзлийг илэрхийлэхийн хамтаар хөрөнгө оруулалтынхаа хэмжээг хоёр тэрбум ам.доллараар нэмснээр 7.1 тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээлж байна. Энэ  нь цаагуураа Монгол Улсад асар их эрсдлийг дагуулах талаар сэжиг төрүүлэн буйг ч эдийн засагчид онцолж буй юм. 

Тиймээс өнөөгийн Монголын эдийн засгийн, ялангуяа Оюутолгойн асуудлаар социалист систем задран унахад зах зээлийн тогтолцоонд шилжих үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй уулзан, ярилцах боломж олдсон юм. Түүнтэй Оюутолгойн асуудлаар болон Монголын эдийн засагт гарч байсан мартагдашгүй өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Улсын цаашдын ирээдүйг шийдэх Оюутолгойн асуудлаар ярилцлагаа эхэлье. Оюутолгойн гэрээг эргэн харах хэрэгтэй, хэрэггүй гээд л талцаад байна. Таны байр суурийг сонирхоё?

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ  Монголын хувьд ашиггүй болсон нь илэрхий. Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй, гадны хөрөнгө оруулагчдын дур сонирхолд хөтлөгдөж гэрээг байгуулснаараа эдийн засгийнхаа орон зайг хуваагаад хаячихсан юм. Оюутолгойн гэрээг аваад үзэхэд, анхнаасаа манай хууль тогтоомжийг илт зөрчиж эхэлсэн. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз Оюутолгойд өгөөд, түүнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад гэрээ байгуулсан. Ингэснээрээ Монголын Засгийн газар улс үндэстнийхээ эсрэг гадныхантай хуйвалдсан гэхэд болно. Үүний эцсийн үр дүн орлого зарлагын талаасаа Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй үлдэж байна.

-Рио Тинтогоос бол Монголд 71 хувийн ашиг очно гэж хэзээ биелэх нь үл мэдэгдэх  зүйл ярих юм. Энэ үнэнд нийцэх үү?

-Энэ бол эрүүл хүний яриа биш л дээ. Оюутолгойн орлого Монголд орж ирэхгүй. Гадны банкуудад эргэлдэнэ гэсэн гэрээ хийсэн шүү дээ. Мөнгө гадныхнаар эргэлдэж, үндсэндээ биднээр тохуурхаж байгаа хэрэг. Тэгэхээр Монгол зүгээр л зэс олборлож гаргаж байна, эдийн засаг өсч байна гэсэн тоо нь үлдээд, хүн ардын амьдралд наалдахгүй. Харин ч гэрээнд 34 хувийг нь төр эзэмших бол үүнийхээ хөрөнгийг бүрдүүлэхийн тулд өр тавьсан.  Үүний оронд манай орд газар бол маш үнэтэй гэдэг утгаараа 34 хувьд тооцогдох хөрөнгийг гаргахгүйгээр шийдэж болох байсан. Энэ талаараа ч Оюутолгойн асуудлаар Монголыг хариуцсан захирал нь “Монгол өрөө төлж дууссаныхаа дараа ашгаа хуваана шүү дээ” гээд хэлсэн. Гэтэл Монгол Улс өрөө төлтөл есөн жил анхны хөрөнгө оруулалтаа нөхөж байна гээд ашиггүй ажиллавал юу ч биш болно. Дараа нь ахиад л тухайн үеийн хөрөнгө оруулалтынхаа өрийг төлнө гээд ажиллана. Энэ хооронд гадныхан Оюутолгойн нөөцийн гол хэсгийг сорчилж ашиглаад дуусчихна. Тэр шавхруун дээр нь Монгол Улс үлдэх нь байна. Ийм учраас л Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй.

-Саяхан “Рио Тинто”-гоос хөрөнгө оруулалтаа 7.1 тэрбум ам.долларт хүргэлээ. Үүнтэй холбоотой хор хохирлыг тооцвол?

-Анхандаа хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр тэрбум ам.доллараар тооцож, үүнийгээ дөрвөн тэрбум болгож, сүүлдээ 7.1 тэрбумд хүрлээ. Цаагуураа юу ч хийж байгаа юм билээ. Ямар зорилгоор, юуг хэдий хэмжээний үнээр худалдаж авсан, зарцуулалт, зориулалтыг баримтаар шалгах хэрэгтэй. Тэгэхээр энэ чинээгээр манай өр нэмэгдэнэ шүү дээ. 7.1 тэрбум ам.долларын 34 хувь гэхээр бид 2.5 тэрбум ам.долларын өрөнд ороод сууж байна. Цаашдаа ч энэ тоо  нэмэгдэх байх. Газар доорх баялагаа харийхнаар ухуулаад өртэй сууж байна гэдэг чинь ямар ашиг байх вэ.

-Хамаг баялагийг маань ухаад алга болоод өгөх вий гэсэн айдас бас төрүүлэх юм?

-Ер нь хараад байхад сонин зүйл ажиглагдсан. “Рио Тинто”,”Айвенхоу Майнз”-ийнхан манайхтай гэрээнд гарын үсэг зурсаныхаа дараа өөрсдийн байршлаа Голланд руу нүүлгээд бултаж нэг үзлээ. Хоёрдугаарт, тэднийхэн сая “Энтри Гоулд”-ад зэсийн орд газрын үлэмж хэсгийг дамлан худалдаж, тэдэнд эзэмшүүлээд Монголын эзэмшлийн 34 хувийг багасгах далд алхам хийж байх шиг байна. Тэгэхээр үүнээс  харахад манай түнш төдийлөн найдвартай, үнэнч түнш биш гэсэн сэтгэгдлийг төрүүллээ.

-Оюутолгойн гэрээг шинэчлэх боломж бий юу?


- Одоогийн байгаа Хөрөнгө оруулалтын гэрээгээ уян, хатан, хоёр талд ашигтайгаар хийгээд хэн хэн нь нэр төртэйгээр энэ байдлаас гаръя гэвэл боломжтой. “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ийнхан энэ хугацаанд багагүй лобби хийлээ. Монголын татварын, Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлүүллээ. Гадныхан энэ шударга бус гэрээний хор уршгийг өөрсдөө ойлгох ёстой. Хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь эсрэг эргүүлэх, манайхтай тэмцэл бий болгох санаагүй л байлгүй. Тиймээс гэрээнд зохих өөрчлөлт оруулах ёстой. Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуульд Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаагаар хийнэ. Өөрөөр хэлбэл, 8-9 жилийн хугацаанд тогтвортой асуудлыг ярина гэж байна. Энэ нь зөв. Тэрнээс биш 60, 70 жилийн тогтвортой байдлын гэрээ гэж ч юу байх вэ. Тэр хүртэл одоо гэрээ хийсэн хүмүүс нь амьд сэрүүн байхгүй шүү дээ. Хоёрдугаарт, Монголд гадныхнаас бага татвар аваад Монголын компаниудаасаа их авдаг тогтолцоо, хоёр хуваарь байж болохгүй. Ингэхээр дотоодыхныгоо гадуурхсан хэрэг болно. Хэрэв тэд гэрээгээ дахин хийхгүй гээд гөжөөд байвал, танай баялаг нэгэнт манайх болчихсон гэвэл монголчууд яаж ийж байгаад гэрээгээ цуцлах асуудал ярих байх.

-Гэрээ талаасаа дахин хийх боломжтой бол нийт уул уурхайн салбар талаасаа цаашдаа ямар бодлоготой байх хэрэгтэй вэ?

-Хэрэв бид энэ байдлаар зэсийн хүдрээ баяжуулаад жилд 20, 30 хувийн агуулгатай 2 сая гаруй тонн баяжмал гадагш нь хаяаад байвал харамсалтай. Нэгдүгээрт, энд тээврийн зардал маш их гарна, хоёрдугаарт овортой ачааны маань зах зээл БНХАУ-аар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг урд хөршийн түүхий эдийн хавсарга, дагуул боллоо гэсэн үг. Тиймээс зэсийн баяжмалаа боловсруулаад, зэсээ хайлуулаад кабель хийгээд худалдвал зах зээлийн талаас эерэг нөхцөл бүрдэнэ. Энэ гэрээндээ Оюутолгойн комплекс дотор зэс хайлуулах үйлдвэрийг Монголын өмч байх асуудлыг оруулах хэрэгтэй.

-Батлагдаагүй байгаа Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал энэ тал дээр дүйх юм уу?

 - Ашигт малтмалын тухай хуульд заахдаа уул уурхайн түүхий эд гаргадаг үйлдвэрүүд эн тэргүүнд Монголын үйлдвэрлэгч нарын хэрэгцээнд нийлүүлнэ гэдэг заалт байна лээ. Энэ нь маш зөв заалт. Үүн дээр нэмээд Монголын тал худалдан авах давуу эрхтэй гэж заасан ч болно. Мөн одоогийн татварын хөнгөлөлтийг арилгах хэрэгтэй. Хуучин Ашигт малтмалын тухай хуулийн 47-ын 3, 4 дүгээр заалтыг нэмээд шатлалтай болгосон бол Оюутолгойн гэрээнд шатлалтайг нь мөрдөхгүй, 3 дугаар заалтыг нь мөрдөнө гэж заасан. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ер нь гэрээг байгуулахад ажиллаж байсан хүмүүс, төрийн сайд нар дэндүү хариуцлагагүй хандсан. Миний бодоход энэ хүмүүстэй шууд хариуцлага тооцож болмоор.

-Сангийн сайд асан С. Баяцогт Ганбаатар хоёр Оюутолгойн асуудлаар  мэтгэлцсэн. Иргэд ч хоёр хуваагдсан. Та эдийн засагч хүний хувьд мэтгэлцээнээс нэгийг ажигласан байх?

-Мэтгэлцээн их л сонин болсон. Мэргэжлийн хүний нүдээр харахад гэрээг байгуулсан, төрийг төлөөлсөн С.Баярцогт бол илт хуурч мэхлэх, монголчуудыг мунхруулах байр суурьтай байсан. “Энэ нь их сайхан гэрээ, Монголчууд 60, 70 хувийн ашгийг авна” гэж яриад өрөнд орчихоод байгаагаа цухуйлгаагүй. Хамгийн гол асуудал болох Монголын нутаг дэвсгэр дээр, Монголын хуулиар ажиллаж байгаа аж ахуй нэгж Оюутолгойн олсон орлого яагаад заавал гадаадад хадгалагдах ёстой юм гэдэг асуудлыг хөндөөгүй. Энэ бол Монголыг шууд басамжилсан хэрэг л дээ. Мөн энэ бүтээн байгуулалтанд орж байгаа ажилчдын нийгмийн асуудал. Одоо бол цогцолборт нь ажилчид сендвичэн байшинд амьдарч байна. Гэтэл Эрдэнэтийг хар. Хажууд нь төмөр зам,цахилгаан станц, орон сууц, сургуулиа барьж байгаад үйлдвэрийн ажил эхэлсэн. Энэ загварыг яагаад авч болохгүй гэж. Харамсалтай нь С.Баярцогт худлаа хэлэх нь дэндсэн л дээ. 20 мянган хувьсагчтай загвар дээр ажилласан гээд байгаа. Тийм хөрөнгө оруулалтын ашгийг тооцох загварыг анх 1986 онд Монгол оруулж ирсэн. Тэр үеийн телефон автоматжуулсан системд хэрэглэж байсан. Ер нь хувьсах загварыг хэрэглэсээр л ирсэн. 20 мянган хувьсагчтай загвар гэж дэлхийд байдаггүй. АНУ-ын эдийн засгийг бүхэлд нь төсөөлдөг загвар бол 159 хувьсагчтай. Гэтэл хувьсагч, өгөгдөхүүн гэдгийг ч мэддэггүй юм байна лээ. Энэ нь өөрөө загвар дээрээ ажиллаагүй, мэдэхгүй гэдгээ харуулсан. Нөгөө талаас гадныхны нүдээр бол Монголын эдийн засгийн хувь заяаг шийдэж байгаа Сангийн сайд нь арчаагүй, боловсрол муутай, ард түмнийхээ өмнө ичихгүй худлаа хэлдэг хүн байна гэж ойлгогдож, Монголыг энэ хэрээр дүгнэнэ шүү дээ.

-Монгол Улсын эдийн засаг зэрлэг каптализм байдлаар хөгжиж байна гэх юм. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ бол жаахан хуучирсан ойлголт. Ер нь шинэ колончлол гэх ойлголт бий. Эдийн засгийн аргаар боолчлох колончлол гарч ирж байна. Үүнийгээ дагаад үндэстэн дамнасан корпораци төр улсаас ч хүчирхэг, шуналтай субьектүүд гарч ирсэн. Даяаршсан шинэ колончлолын бодлогын үед бид өртөж байна. Манайхан дотор гадныхны хөрөнгө оруулалтыг шүтээд, хамаг юмаа гадныхнаар хийлгээд өөрсдөө баян амьдрах гэсэн сэтгэхүй байна. Үүнийгээ зарим хүмүүс эх оронч сэтгэхүй гээд нэрлээд байх шиг. Энэ бол дээрэмчидтэй нийлж өөрсдийнхөө хонийг барьж өгөх чонын сэтгэхүй. Ер нь Монголын эдийн засгийг хараад байхад иргэдээ, нийгмээ дээдлэхээсээ илүү ашгийн төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй байдал харагдаж байгаа нь Монголын онцлог болчихож.  Гэсэн ч нөгөө талаас авч үзвэл салхи эргэлээ. Учир нь үндэсний ухамсар сэргэлээ. Шударга үнэний тийшээ зүтгэж байгаа нь одоо Оюутолгой, Таван толгой, МИАТ-ийн асуудлыг сөхөж байгаагаар дүгнэж болно. Мөн иргэд маань бэлэн мөнгөнд хууртахаа больж, тогтвортой амьдралыг хүсдэг болсон байна.

-Эдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар муудах юм.  Өсөлтийг иргэдэд хэрхэн хүргэх вэ?

-2010 онтой харьцуулахад одоо Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 15 дахин өсч л дээ. Гэтэл монголчуудын амьдрал өөдөлсөнгүй. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, дотоодын баялагаа зөв хуваарилж чадсангүй. Цөөн хүмүүс баялагийг цөлмөөд, өсөлт ярьж байна. Хоёрдугаарт, энэ бол Монголын баялаг биш, эдийн засаг хүнийсэж байна. Ухсан баялагаа хэмжээд л том тоо гаргадаг, нөгөө талд нь Монголд юу ч үлдэхгүй. Үүн дээр нэмэгдээд Монголын эдийн засгийн өөр нэг сөрөг үзэгдэл нь сүүлийн таван жилд тохиолдлоо. Энэ бол төсвийн тэлэх бодлого. Байгаа хөрөнгөө төсөв рүүгээ аваачаад түүнээсээ хуваарилах гэж оролдоод байдаг. Гэтэл сайдууд нь, томчууд нь төсвийн амыг тосоод суучихдаг. Ингээд ард түмэнд ашиг нь ирдэггүй. Ингээд сүүлд 21 мянган төгрөг, ахмадуудад сая төгрөг ч гэнэ үү тараагаад таван тэрбум долларын өрийн өсөлттэй хоцорлоо.

-Монголын төр хэр өртэй байна вэ?

-Одоо төрийн удирдлагууд ер нь үнэнээр нь хэлэх цаг болсон. Төрийн, хувийн хэвшлийн авсан зээл нийтдээ жинхэнэ тоогоор хэлэхэд 13 тэрбум ам.доллар даваад явчихсан. Энэ тоогоо хэлээд явж байхгүй бол хуучин Зөвлөлтийн өрийг нууж байсан шиг үр дагаввартай юм болно. Үндсэндээ Монголын эдийн засаг олигарахуудын хуваарилалтаар хөдөлж байна.

-Үүнээс яаж гарах ёстой бол?

-Сүүлийн үед манайх эдийн засгийн алуурчид гэж их ярих болсон. Энэ нь “Хитмэн” гэсэн үг л дээ. Гадныханд ийм алуурчид байдаг, гаднаас манайд ч орж ирдэг . Гэтэл хамгийн том алуурчид дотроо л сууж байдаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн хоёр номлол их баллалаа. Нэгдүгээрт, уул уурхайг дагаж Монгол хөгжинө. Газрын дорх баялгаа ухаж гаргах бол хөгжил биш. Эдийн засаг хөөсрөөд л хоцордог юм байна. Хоёрдугаарт, бүтээн байгуулалт гээд манай улс төрийн намууд тус бүртээ хашгирдаг болсон. 2012 онд МАН гэхэд 50 тэрбум ам.доллар гаднаас зээлж байж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй сонгуульд орсон. Ардчилсан нам гэхэд 30 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл, өр зээл тавьж, Монголын ард түмний ирээдүйг шийдэж, өөрсдөө толгойд суух бодлого баллаж байна. Үүнийгээ тэд бүтээн байгуулалт гэж нэрлэх юм. Тиймээс эдийн засгийн номлолоо өөрчлөхөөс эхэлнэ.

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоо руу шилжих тэр мөчид үгүйрэн хоосрох байсан эдийн засгийг таны хэрэгжүүлсэн инфляцийн эсрэг бодлого аварч үлдсэн гэдэг. Яг ямар бодлого байв?

-Манай гадаад худалдааны 95 хувь нь социалист орнуудтай байлаа. Үүний 85 хувь ЗХУ. Дээрээс нь гадаадад гаргасан экспортоосоо 130 хувиар давсан зээл тусламж гаднаас авч амьдарч байв.  Ингээд социалист дэглэм нураад энэ байдал хүнд туссан. Тэр үед Монгол Улс бусад орнуудтай чөлөөт эдийн засгийн харилцаа байхгүй, валютын нөөцгүй байхад хатуу бодлого явуулах хэрэгтэй болсон. Тиймээс дотооддоо өөрийн чадал, бололцоогоор амьдрах  үзлийг хүмүүст хүргэх хэрэгтэй байлаа. Монголын эдийн засгийг авч явж байсан нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд ард түмнийг өлсгөхгүй байх гэж бодогдсон. Тийм ч учраас өлсгөлөн олон нийтийг хамраагүй. Энэ шилжилтийн үед том гүрэн хориг арга хэмжээ авч, шатахуунаа нийлүүлэхгүй, манай зэсийн үнийг төлөхгүй байх, гаалийн татварыг 1500 хувь хүртэл нэмчихээд сууж байсан. Ингээд гипер инфляцийг бий болгосон. Энэ нь хамгийн хүчирхэг эдийн засагтай гэгддэг ЗХУ, Зүүн Европын зарим орнуудад хүчтэй долгион үүсгэж, бут цохисон.  20 дугаар тогтоол их түймрийн өмнөөс тавьсан цурам байлаа. Бид үүгээр бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хоёр дахин өсгөсөн.  Ингэж бөөний үнээс жижиглэнгийн үнэ даваад гарахаар үйлдвэрийн зардал нөхөгдөөд, үнийн өсөлт суларна гэх байдлаар тооцоолсон.

-20 дугаар тогтоол нь мэдэх нэгний мөнгийг хоёр дахин өсгөж, иргэдийн гар дээрх мөнгийг юу ч үгүй болгосон хатуу арга хэмжээ байсан гэж үзэх хүмүүс ч бий?

- ЗХУ-аас салан тусгаарлахад Монголд Оросын үй олон цэрэг байсан бөгөөд тэр чинээгээрээ гар дээр эргэлдэж байсан бэлэн мөнгөний багагүй нь Орос цэргүүдэд байсан. Тэд  нутаг буцахдаа авч явж болохоор юу л байна, хүнсний  бараа аваад явсан даа. Тэр үедээ ховор байсан 9-ийн тосыг хэд хэдээр нь зөөх жишээний. Тиймээс үүнд яаралтай арга хэмжээ авч, төгрөгийн худалдан авах чадварыг буулгаж, цалин, тэтгэвэр, тэтгэмж, иргэдийн хадгаламжин дахь мөнгө хоёр дахин нэмж, хүсээгүй экспортын урсгалыг хаасан юм.

-Тэр үеийн галаас хэрхэн хэрхэн гарч ирэв ээ?

-Тэр үед олон улсын дэмжлэгийг авч чадсан нь зөв гарц байсан. 1991 оны зургадугаар сарын 17-нд НҮБ-ын төв штабын байранд Монголын дэмжигч орнуудын бүлэг байгуулагдаж, Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд гишүүнээр элсч, чөлөөт зах зээлийн тавцан дээр гарч ирсэн дээ.

-Таныг Засгийн газрын үед айхтар том алтны хэрэг гарсан шүү дээ. Энэ хэрэг юунаас үүдсэн юм бэ?

-Алтны ямар ч асуудал байгаагүй. Энэ нь МАХН-ын зүгээс гаргасан дуулиан байсан юм. Харин одоо болтол хаагдаагүй дуулиан бол дилерийн алдагдал буюу долларыг гадагш алдсан асуудал. Д.Содном гуайн Засгийн газрын үед 12 сая долларыг дилерээр алдаад, Ш.Гунгаадорж гуайн Засгийн газрын үед 47 тэрбум долларыг алдаад надад шилжүүлж өгсөн юм билээ. Сүүлд бид үүнийг мэдээд дуулиан тариагүй. Тэр үед дуулиан тарьвал Монгол Улсын банкны систем тэр чигээрээ хөмрөх байдалд хүрч болзошгүй байсан. Тиймээс бид хаалтын хуралдаанаар хэлэлцээд банкинд хяналт тавих оролдлого хийж байсан. Улсын бага хурал Засгийн газраас банкаа булааж аваад 1991 онд сонин тогтоол гаргасан. 1990 оны тайланг Засгийн газарт тушааж болохгүй гэсэн тогтоол. Тэр тайланг дараа нь олж үзэхэд, коммунист дэглэм нурах үед Монгол Улс валютынхаа нөөцийг зохион байгуулалттайгаар гадагш гаргасан байна гэмээр. Ингэхдээ Оросын “КГБ”-тэй холбоотой сэжигтэй асуудал. Ингээд Гунгаадорж, Содном сайд, мөн Бага хурлын үед нийлээд 92 сая ам.долларыг алдчихсан.

-Энэ их валют хаашаа орсон бол?


-Энэ нь их сонин. Монголын оролцоотой байдаг Москвад байдаг Олон улсын хамтын ажиллагааны банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Москвагийн ардын банк руу орсон байдаг. Сүүлд Австрийн банкинд бас орсон байсан. Тэгэхээр өнөөх валютын алдагдал гээд байдгийн сэжүүр энэ. Тухайн үед банкны зарлагыг баримтаар гүйцэтгэдэг байсан атал балансыг худлаа гаргасныг бодоход бодлогогүй хэдэн нөхөд алдчихсан биш, зохион байгуулалттайгаар гаргасан гэдэг нь харагдана. Монгол Улс энэ асуудлыг эргэн сөхөх байх гэж би боддог.

-Одоо төр барихын утга учрыг хаана, журамлана гэхээр шийдээд байх шиг. Энэ нь хувийн өмчид халдах оролдлого болох юм биш биз?

-Одоо зөвшөөрөлгүй баригдсан есөн барилгуудыг нураана гэх яригдаж байна. Нийслэлийн захиргаа энэ асуудалд нухацтай хандах ёстой. Жишээ нь, Зайсангийн ам хавиар бол Дархан цаазтай газар учраас орон сууцны барилга бариад хотхон үүсгэж болохгүй. Хуулиар бол аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Гэтэл Зайсангийн ам хавиар манай гурван үеийн сайд нар өчнөөн төчнөөн зөвшөөрөл өгсөнөөс болж билүү хот болгочихсон. Тэгэхээр үүнд хариуцлага тооцох ёстой. Нэгэнт аргацааж зөвшөөрөл авч барилга бариад, тэндээс нь иргэд мөнгөө төлж амьдарч байхад яах вэ гэхээр тэдний байшинг нураах, хураах биш шүү дээ. Зориулалтыг нь өөрчлөх хэрэгтэй. Хүүхдийн асрамжийн газар, эмнэлэг, аялал жуулчлалын байгууллагад нь шилжүүлж өгөөд хүмүүст  анхны хөрөнгө оруулалтыг нь нөхөж өгөх хэрэгтэй.

-Таны хувьд цаашдаа эдийн засгийг ямар байдлаар залах нь зөв гэдэг байр суурин дээр байдаг вэ?

- Эдийн засаг гэдэг бол олон хэмжээстэй. Машин жолоодоход жолоочид дөрвөн хөшүүргэ хэрэг болдогтой адил, түүнээс ч нарийн. Гэтэл одоо эдийн засгийн жолоо барьж байгаа хүмүүс оуютны нэгдүгээр курсын мэдлэггүй нөхдүүд шиг л байна. Ингээд тал бүрийнхэнтэй уулзаж, ярьж хэлэлцэхэд болоод сая болж өнгөрсөн Эдийн засгийн форум тус болох байх гэж харж суудаг. Гэтэл уул уурхайгаа л магтан дуулаад байна. Улс орон уул уурхайдаа найдахгүй байх ёстой гэсэндээ биш, салбартаа зөв бодлогыг баримтлах хэрэгтэй. Жишээ нь, Эрдэнэтээс баяжмал гаргаад 35 жил боллоо. Зэсээ бүрэн боловсруулаад, зэсийг дагаад цагаан мөнгө, дагалт баялаг селенийг гаргаж авч байна. Үүнийг цахилгаанд хувьсах гүйдлийг тогтмол гүйдэл болгох байдлаар ашигладаг. Хүхэр төмрийн нэгдлээс хүхрийн хүчил, төмөр гаргаж авч болно. Хүхрийгээ фосфорын бордоонд ашиглаж болно. Төмрийгөө зэстэй нийлүүлээд цахилгаан хөдөлгүүр хийхэд ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл нэг уурхайгаа ашигласан бол түүнийгээ бүрэн боловсруулан гаргах төрийн бодлого хэрэгтэй. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбар чухал. Төмс ногоо, алим лийр чавга, интоор гүзээлзгэнээ өөрсдөө тариад сурчихвал баялаг болно шүү дээ. Мэдлэг шингээсэн эдийн засаг гэж ярьдаг байсан бол одоо больчихож. Энэ хэрэгтэй байна. Бүтээгдэхүүнээ боловсруулаад ур ухаан, технологи шингээх хэрэгтэй. Мөн аялал жуулчлалын салбараа сайтар хөгжүүлж чадвал хаана ч газардахгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. 

У.БОЛОР
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
munh (зочин)

би буряад-монгол. мини санаан иим. Хитад ба бэшэ хари гурэнэ капиталд дууhан абтахагvйн тvлоо гvрэнтэео суг хамта шэнэ эдийн засагын ажахы зохеохо хэрэгтэй.

bathuyg (зочин)

zunug uwgun hwnd zaagaad bnaa. chinii gargasan 20r togtooliin gajuudaliig zasah gej zovj bna. lalariin uwgun

munh (зочин)

би уха заана гуй. юрэл шашаа юм. Харин, та нэгэ асуудалд харюусажа угэ. Хитад ерэнэ, газарыемнай эзэлнэ гэж халха-монголчууд бархирдаг. Теэд юундэ тэдэ би болоноб? байжа ядад зайнагуй ха юм. Олзо бэдэржэ ерэнэ. Олзоео Монголдо олоно. Юундэ олоноб? Монголнууд бухы хитадай хэhэн юумэ абана - хубсаhа, эдеэ хоол гэхэ мэтэ. Юундэ абанаб? Малша арад байхада. Муноо сагта малша байжа болохо гуй - оорээго тоносон шахуу адли.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB