HORIDOIMERGEN : Э.Ринчиногийн тухай олонд түгээгүй баримтууд (Зөвлөлтийн гадаад хэргийн сайд Чичериний захидлуудаас)

Өнөөдөр Элбэгдорж Ринчиног бүх муу муухайн үүр уурхай хэмээн цоллож, харин үндэстний дайсан этгээдүүд, хүчнүүдийг энхийн цагаан тагтаа, баатрууд хэмээн өргөмжилж байна. Гэтэл үнэн байдал ямар байна вэ? Баримт түшин анх удаа нийтлэгдэж буй нууц архивын материалуудыг үзэцгээе.

Ч.Мөнхбаяр


Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.5
1925 оны 1-р сарын 13.
№3
Нөхөр Юдинд

…Нөхөр Рыскулов Ринчино нар хоорондоо хэтэрхий хурц тэмцэлдэхэд хүрэхгүй байх нь маш их чухал байна. Хоёулаа зарим доголдлуудтай ч хоёулаа зайлшгүй хэрэгтэй. Тэдний хооронд буй болсон эсрэгцлийг боломжийнхоо хэрээр зөөллөх шаардлагатай.
Чичерин


Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.15
1925 оны 2-р сарын 24.
№13
Нөхөр Васильевт

Тифлист болох чуулган (сессия) руу явахын өмнө Танд бичиж байна. Би амьсгал ч авах завгүй байна. Ринчиногийн 12-р сарын гэмт үйлдэлд Таны анхаарлыг дахин хандуулахыг хүснэ. Өвөр Монголын хүн амд хятадын цэргийг эсэргүүцэхэд нь дэмжлэг үзүүлэх тушаалыг түүний удирддаг Цэргийн зөвлөл хилийн ангиудад өгсөн. Энэ их санаат үл бүтэх этгээд (авантюрист) юу ч болох байсан хамаагүй биднийг Хятадтай зөрчилдөх явдал (конфликт) руу татан оруулахыг хүсэж байна. Энэ талаар Рыскулов үнэхээр шударгаар шуугиан (скандал) дэгдээж, дарамт шахалтынх нь дор Төв Хороо тушаалыг буцааж татсанд түүнд талархаж байна. Рыскулов заримдаа бага зэрэг эв дүйгүй (тактгүй) байдаг байж болох ч, түүний байр суурь эргэлзээгүй хамгийн зөв байдаг. Илтгэлүүдийг нь бид маш их сонирхон уншдаг гэдгийг түүнд дамжуулна уу. Өргөн олныг улс төрийн ажилд татан оролцуулах, тэдний ухамсрын төвшинг дээшлүүлэхэд чиглэсэн түүний байнгын эрмэлзэл үнэхээр зөв юм. Монголорын тухайд бол зохих шатны байгууллагын зүгээс нөхөр Альскийд бүх асуудлыг судлахыг даалгасан. Сампилоны үгээс үзэхэд, монголчууд өөрсдөө уурхайг ашиглахыг хүсэж байгаа юм байна. Би сайн мэдэхгүй юм, гэхдээ бид яагаад үүнд оролцож, бага зэрэг хөрөнгө оруулж болохгүй байх вэ. Тэр тусмаа гадаадынхны тухай, өөрөөр хэлбэл Монголыг ихэд сонирхож байгаа германчуудын тухай яриа өрнөж буй энэ үед.
Чичерин


Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.22-23
1925 оны 3-р сарын 31.
№14
Нөхөр Васильевт

Танд тодорхой болсон гэрчлэлүүдийн дагуу бол Шар Сүмийг эзэлж авах тушаалыг Өргөөгөөс ерөнхий командлагч Чойбалсангаас авсан гэдэг нь, Ховдын хэрэг явдлуудын (инцидент) талаарх Таны санал сэтгэгдлийн товчид (резюме) бүрэн орхигдсон байна билээ. Цэргийн зөвлөлийн, ө.х. Ринчиногийн тушаалд Өвөр Монголын хүн амын хятадын цэрэгт үзүүлж буй эсэргүүцлийг дэмжих талаар нэн тодорхой заагдсан, үүнээс үзэхэд биднийг Хятадтай тэмцэлдэхэд татан оролцуулах чиглэл рүү Ринчино явж байсан нь бүрэн илэрхий болсон нь, Өвөр Монголд 12-р сард болсон хэрэг явдлын талаарх Таны санал сэтгэгдлийн товчид (резюме) орхигдсон байна. Дараа нь тараагдсан хуудас бол Ринчиногийн энэ тушаалын утгыг давтсан төдий юм. Энэ хэрэг явдал нь Ринчино бол өөрийн түрэмгий хөтөлбөрийн тусын тулд юу ч хийж мэдэх нэгэн бөгөөд түүнийг тасралтгүй, нэн чанд ажиглах шаардлагатай гэдэгт итгэхэд намайг хүргэж байна.
Худалдаж авсан зэвсгийн хувьд гэвэл ажил хэрэг маш сайн явагдаж байна, ойрын хоёр долоо хоногийн дотор дамжуулан өгөх болно.
Фынтэй гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг Петров, Войтинскийтэй хэлэлцсэн маань Амар, Рыскулов нарын богино хугацааны нэг удаагийн аяны үеэр, цаашид байнгын холбоо хэлхээтэй байхын тулд хэн нэгнийг Фыний дэргэд байнга байлгах хэрэгтэй гэдэгт намайг итгүүллээ.
Чичерин


Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.37
1925 оны 6-р сарын 9.
№13
Нөхөр Васильевт

Өнөөгийн өөрчлөгдөн буй нөхцөл байдлын дунд Ринчиног Өргөөд байлгах нь хүлцэшгүй болж байна. Хятадад бүх нийтийн агуу их үндэсний хөдөлгөөн өрнөж байна, үүнтэй зэрэгцээд Хятадын Монг. мужуудад Бээжингээс ажил зохион байгуулж, энэ мужууд дахь хөдөлгөөнийг бүх хятадын үндэсний хөдөлгөөнтэй уядуулах шаардлагатай байна. Өргөөгийн панмонголизм хятадыг жигших хурц тод өнгө аясаар будагдсан тул, Өргөөгөөс явуулах панмонгол үйл ажиллагаа нь хамгийн хорт нөлөөг үзүүлэн, бүх хят. хөдөлгөөнийг шууд таслан зогсоож ч болно. Тиймээс эцсийн эцэст эрч хүч гарган панмонгол үйлдэл, хэлбэрэлтийг гаргуулахгүй байх хэрэгтэй. Гэхдээ тэнд Ринчино байгаа цагт энэ нь боломжгүй. Хэрэв өмнө нь түүний балаг нэг их болж амжаагүй байсан бол, өдгөө түүний учруулж буй балаг ерөөсөө тоо томшгүй байна. Тийм учраас дуусгавар болгох хэрэгтэй. Нэг хүнээс болж хөдөлгөөнийг аюулд оруулах нь яасан ч уучилшгүй юм. Утгагүй заавартайгаар илгээсэн хаалганы төлөөлөгчдийн хөгтэй паянгууд нь панмонголистууд ямар хэмжээнд хүртэл нь бидний эсрэг Монголыг эргүүлэх чадвартайг харуулж байна. Энэ хөгтэй түүх хичээл болох ёстой, тэгэхдээ хичээл дээр сурч чадах хэрэгтэй байна. Юуны өмнө Өргөөг Ринчино байхаас ангижруулах хэрэгтэй гэдэг нь энэ бүхнээс ойлгомжтой болж байна. Тэр бол өнөөдөр нэн хортойгоос ч нэн хортой этгээд мөн. Бид энд түүний эмчилгээнд тохирох рашаан усны газрын талаар хөөцөлдөж байна. Түүнийг Өргөөгөөс явуулах нь эцсийн эцэст хэрэгжинэ гэж найдаж буйгаа илэрхийлэхийг би өөртөө зөвшөөрье.
Чичерин


Ф.III, оп.4 / пор.17, пап.107 / стр.8
1923 оны 11-р сарын 6.
Нөхөр Юдинд
Хүндэт нөхөр,
Яагаад Та өөрийн сүүлчийн шифрлэсэн захидалдаа, бид Монголын бүрэн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн нөхөр Духовскийн мэдэгдлийн талаар тийм нэн их гайхсан байдлыг илэрхийлсэн нь надад огт ойлгомжгүй байна. Энэ бол бидний Монголын талаарх харилцааны хамгийн наад захын, үндсэн бодит байдал шүү дээ: шинэ Монголын хамгийн анхны үеэс л, Ардын хувьсгалт засгийн газар тогтсоноос хойш л бид, Хятадтай гэрээ хэлэлцээр байгуулахдаа Монголыг Хятадын тусгаар тогтнолын эрх дор (суверенитет дор), эсвэл эзэн гүрнээс хараат байлгах эрх дор (сюзеренитет дор) албан төдий зөвшөөрүүлнэ гэж тохирч (Монгол улс, Монголын ЗГ-тай. орч.) ирсэн. Бодит байдал дээр энэ нь тусгаар тогтнолтой ойролцоо л байх юм: хятадын ямар ч жанжин захирагч (генерал-губернатор), хятадын ямар ч цэрэг Монголд ирэхгүй, гэхдээ Монгол нь тусгаар тогтносон Хятадтай албан төдий холбооцсон (федератив) орон байх юм. Одоог хүртэл энэ нь хүлээн зөвшөөрөгдсөн, түм буман удаа мэдэгдсэн, Монгол Хятадын хоорондхи манай зуучлалын талаар миний зүгээс Монголын засгийн газартай албан ёсоор солилцсон ноотоор баталгаажсан байж ирлээ. Монгол өөрийн бүрэн тусгаар тогтнолыг зөрчихийг хүлцэхгүй, байлдах болно гэсэн Цэрэндоржийн сүүлийн үеийн гал халуун мэдэгдлүүд нь, гэрээ хэлэлцээрүүдийн үеэр хятадуудад дарамт үзүүлэх гэсэн зарим нэг ач холбогдолтой байж болох юм, гэхдээ энэ бол буурь суурьтай хөтөлбөр биш. Хятадтай зөвшилцөх нь зайлшгүй шаардлагатай, гэхдээ энэ нь Хятадын тусгаар тогтнолыг нэр төдий хүлээн зөвшөөрөхгүйгээр боломжгүй гэдгийг бид монголчуудтай түм буман удаа ярилцсан. Монголчууд ямагт үүн рүү л явж ирсэн. Тэд нэгийг яривч, өөрсдийн хурал дээр өөрийг ярьдаг байж болно, энэ нь бидэнд хамаагүй. Тэд бидэнтэй хамт ямагт Монголын бүрэн тусгаар тогтнолын биш, бүрэн өөртөө засах эрхийн (автономийн) хөтөлбөрийг баримталж ирсэн нь бодот байдал. Өнгөрсөн бүх хугацааны, манай бүхий монголын бодлогын бараг гол хэсэг (элемент) яагаад Таны хувьд ямар нэг шинэ зүйл мэт байгаа нь надад огт ойлгогдохгүй байна. Мөн өнөөдөр бол Өвөр Монголд хятадын эсрэг ажил эхлүүлэх цаг биш гэдэг нь тодорхой. Энэхүү цаг үед зорилго маань бол Хятадтай зөвшилцөх явдал байх ёстой. Ринчино монголын тэлэлтийн болон пан-монголизмын элдэв төлөвлөгөөгөө арай цаашдын ирээдүйд нөөц болгон орхиг.
Бүх юманд өөрийн цаг буй. Хэрэв тэр одоо Өвөр Монголд хутган үймүүлж эхэлбэл, энэ нь Хятадтай эвлэрэхийг, бидний хувьд ер нь Хятадтай зөвшилцөхийг ч боломжгүй болгож, улмаар энэ нь Монголд нөлөөлж болох юм. Бидний Алс Дорнод дахь боломжууд хязгаарлагдмал, бид өөрсөд дээрээ цэргийн том зорилт, аз сорьсон үл бүтэх ажиллагааг (авантюр) авч болохгүй юм. Энэ цагт нэг л зүйл хэрэгтэй байна - Монгол, Хятадын хоорондох зөрчлийг арилгах, зөвшилцөлд хүргэх ямагт яригдаж ирсэн гэрээ хэлэлцээрийг бидний зуучлалын оролцоотойгоор Монгол Хятадын хооронд эхлүүлэх. Залуу Монгол эхлээд бэхжиг, элдэв нэр алдар хөөсөн төлөвлөгөөнүүд түүнээс холдог. Хаашаа ч яарах хэрэггүй, Өвөр Монголд ойрын үед ямар нэг хөдөлгөөн өдөөгдөх нь бүхэнд балаг учруулж, хамгийн таагүй үр дагавруудыг үүсгэж болох юм.
Чичерин


Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.39
1925 оны 7-р сарын 15.
Зөвхөн өөрт нь (хувьд нь, лично). Нууц
№16
Нөхөр Васильевт
Хятадын монг. мужуудад хувьсгалт ухуулга явуулгалгүй Монголын засгийн газрыг тогтоон барих нь бүтнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна хэмээн Та цахилгаанаар мэдэгджээ. Монголын засгийн газрыг үүнээс яаж ч болсон холдуулан тогтоох нь зайлшгүй шаардлагатай байна, эсбөгөөс Хятад дахь хөдөлгөөн Бээжингээс удирдагдах хэсэг, Өргөөгөөс удирдагдах хэсэгт хуваагдана, энэ нь Энэтхэгт хэрхэн мусульман, индус урсгалуудын хоёрдмол байдал хөдөлгөөнийг хөнөөж байгаа шиг л дээрх хөдөлгөөнийг хөнөөнө. Яаж ч болсон үүнд саад хийх хэрэгтэй. Үүний тулд эцсийн эцэст, өнөөгийн тохиолдолд огт хүлцэж болшгүй хувь хүн болох Ринчиногоос салах хэрэгтэй байна. Түүнийг сувиллын газарт юм уу, рашаан усанд эмчүүлэхэд хэрэгтэй бүх зүйлийг бид энд зохицуулна. Ринчиног манайд эмчлүүлэх тухай асуудлаар бид ямар ч хариу аваагүй байгаа нь огт ойлгомжгүй байна. Өргөөд тэр үлдэж, улс төрөөс хол байж болно гэх талаар үг яриа нь уршигтай төөрөгдөл юм. Тэр Өргөөд сөрөг хүчний цөм, дургүйцлийн идэвхжүүлэгч байсаар байх болно. Түүнийг тэнд үлдээх боломжгүй. Нөхцөл байдал дэндүү ноцтой, асуудал дэндүү хурц болоод байна.
Чичерин


Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.43
1925 оны 7-р сарын 20.
№17
Нөхөр Васильевт
Ринчиногийн тухай асуудал өдгөө эцэслэн шийдвэрлэгдсэн гэж найдаж байна. А.Дорнод дахь үйл явцуудын өрнөлийн өнөөгийн үе шатанд, түрэмгий панмонголизын энэ удирдах зүтгэлтэн Өргөөд байх нь бүхий чөлөөлөх хөдөлгөөний хувьд ноцтой аюул болж хувирсан байна. Ринчино хуурмаг байдлынхаа үр дүнд онцгой аюултай болжээ. Өөрийгөө гэм зэмгүй хэмээн элдвээр батлах гэвч, дараа нь тэр хамгийн муу бүхний эх үүсвэр болох нь тодордог. Түүний сүүлчийн захидлаас миний үзэхэд, Өвөр Монголын холбогдолтой алдарт тушаал болон өв.–монг. асуудлыг дэвэргэх бодлого, Урианхай дахь булаан эзлэх бодлого, баруун Хятад руу хандсан түрэмгий бодлого түүний нэр төр дээр буух ёстой гэдэг нь харагдсан. Энэ бүхэн нь стратегийн ба улс төрийн үндэслэлүүдээр хангагдаж байгаа. Түүнтэй зам нийлэхгүй, түүнийг хор хөнөөлгүй болгох хэрэгтэй гэдэг нь одоо гүйцэд ойлгомжтой боллоо. Нөхөр Рыскуловын хувьд эцсийн эцэст бүтэлтэй юм болоогүй нь тун харамсалтай. Рыскуловын талаарх асуудал ээдрээтэй байгаа тул эцсийн шийдвэрийг нөхөр Войтинскийд даалгаад байгаа.
Тэр (Рыскулов) Монголыг ажилчин тариачинжуулах зам руу эрч хүчтэйгээр, тууштайгаар хөтөлж, хурц зарчимчаар энэ зорилтуудыг дэвшүүлэн тавьдаг байсан.
Чичерин


Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.43а
1925 оны 8-р сарын 4.
№21
Нөхөр Васильевт
Рыскуловын бодлогын агуулга-үнэхээр зөв бөгөөд цаашид бүх хүчээр дэмжигдэх, хэрэгжигдэх ёстой.
…Ринчиногийн бодлогын агуулгыг хамгийн хортой, хувьсгалын эсэргүү гэж тооцох хэрэгтэй. Энд түүний захидлаас олж авсан зүйлс нь манай бодлогыг болон, Монголын өмнө тулгарч байгаа улс төрийн зорилтуудыг тэр ямар төвшинд хүртлээ муу ойлгож байгааг харуулсан. Түүний бүрэн ухамсарлагдсан, хорлолтой панмонголизм яг энэ цаг үед хамгийн их аюулыг нүүрлүүлж байна. Хэрэв тэр энд хэсэг хугацаанд байх аваас, одоогийн панмонголизмаасаа өөр ямар нэг зүйлийг ойлгож эхэлж болох юм.
Өнөө үед түүнийг Монголоос салгах, түүний нөлөөг устгах талаар бүхий хүчээрээ чармайх хэрэгтэй байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB