HORIDOIMERGEN : Түүх домгийн нутаг Эргүнэ хун-д очсон аян замын тэмдэглэл.

Оршил     

Энэ оны зуны дунд сарын эхээр ажил албандаа нэлээн дарагдаад, цаг наргүйл явсан үе, нэг өдөр манай Баяндун нутгын хүвүүн, панмонголист Баруун Хуасай омогтой Л.Бат-Очир баавай маань утсаар хонходож "Зоригто, Эргүнэ Хуны хөндий рүү Алтаар 3 уулаа явна, 5 хоногийн дараа хөдлөе" гэлээ. Яахав их давчуу хугацаатай, тулгамдсан санал авсан бөгөөд урд энэ хөндий рүү явна даа гэсэн баримжаа байсан боловч ингээд явах цаг нь ирсийм гэж ёстой зүүдэлж ч явсангүй. Өмнө нь энэ газрын түүх, домогийн тухай сонсож, уншиж байсан болхоор уг газрыг явж үзэх сэтгэл хөдлөөд болдоггүй, тэр өдөртөө ухаан санаа ажилдаа төвлөрөхгүй, харин али хэдийн Эргүнэ Хун руу нисээд явчихсан байлаа шүү дээ. Бараг л монгол хүн болгон энэ газрын нэрийг их бага хэмжээгээр дуулсан, мэддэг боловч тэр бүр түүхийни мэдэдгүй билээ. Нэгэн цагт дундад Азийг шинжлэгч Грумм-Гржимайло "Эргүнэ Хун" гэгч газар Дорнот Саяаны уулс, Их Енисеийн мөрний эхинд бий  боловч Панмонголизмын асуудал босож ирэх учраас энэ тухай ярих онцын шаардлагагүй юм хэмээн хав дарж байсан гэдэг. Өгүүлэн буй газарыг чухам ази тивийн хаана бий бол хэмээн олон эрдэмтэн судлаачид судалж эрэлхийлж таамаглаж ирсэн бөгөөд албан ёсоор энд байна гэж зарласан нь үгүй.  Рашид Ад-дины Чуулганы түүх болон Абалгази Абалгачи баатар хааны Сэцлэгчидын Чуулганы намаа хэмээх бүтээл, бусад дурьдагдсан  17 ном сударын түүх болон монголчуудын үеэс үед ам дамжин ирсэн уламжилалаас “Эргүнэ Хун”- ны цаг үетэй холбогдох түүх, домогийг хураангуйлж энэхүү аян замын тэмдэглэлийг эхлэхийн урд уншиж буй монголчууддаа тодорхой ойлголт өгөхийн учир оршил болгон  толилуулж байна. Үүнд:

Тухайн үед бүх Монголчуудын батачи нь Эл хаан, Татаарын батачи нь Сүйничи хаан байсан бөгөөд тэр цаг үед татаар, түрэгийн овог отгууд монголоос олон боловч монголтой үргэлж тэмцэлдэж үргэлж монголчууд дийлдэг байсан гэнэ. Батачи гэдэг нь нүүдэлчидийн удирдагч, хаан хүнээ хэлдэг нэр ажээ. Тэгээд цааш нь үргэлжлүүлбээс Татаарын хаан Хиргис болон Түрэгийг талдаа татаж тэд болзсон цагтаа цугларч монгол өөд дайрахад нь монголчууд гэр малаа нэг газар төвлөрүүлээд эргэн тойрон нүх малтаж цэргээ сэлбэн бэлтгэж эхэлжээ. Монгол өөд дайрсан гэдэг нь Татарууд урагш дайрсаныг илтгэнэ. Татаарын хаан арван өдөр, арван шөнө дайлалдаад эвдэж ядаад бүх нутгийнхаа хан нар болон бэхинүүдийг цуглуулан "Монголд өөр нэг арга авахгүй бол хэрэг муу болно" гэж хэлэлцээд маргааш нь ухарж дутаахад нь "татаарууд айж дутаав" гэж эндүүрээд Монголчууд хойноос нь нэхэв. Тэгээд гүйцээд ирэхэд нь татаарчууд гэдрэг эргэн дайлалдаж монгол ялагдав. Тэд монголчуудыг бүгдийг нь дээрэмдэж, ихчүүдийг нь илдний уртаар хэмжиж хядаад, багачуудыг нь боол болгож түгээжээ. Эл хааны хүвүүд нь олон бөгөөд ихэнх нь тус дайнд үхсэн байна. Эл хааны отгон хүвүүн нь Хиан гэх бөгөөд, дайн болсон тэр жил түүнийг гэрлүүлж, мөн Эл хааны дүүд Хиантай чацуу Нэгүс гэдэг хүвүүн байх бөгөөд түүнийг ч бас тэр жил гэрлүүлсэн байв. Тэр хоёр зөвлөлдөөд "Бид хэрэв энэ бууриндаа суувал дөрвөн зүгийн хүмүүс цөм бидний дайсан болох тул өнгөрөн гарагсдын нүдэнд үзэгдэхгүй байхын аргагүй. Тиймийн тул малаа туугаад ямар нэгэн уулын далд гарч, хүний хөл хүрэхгүй газар олж сууя" гэж тогтов гэнэ. Тэгээд малаа тууж явсаар нэгэн их уулын хормойд хүрж тэр уулын өндөрт мацаж гараад үзсэнд тэдний гарч ирсэн замаас өөр зам үгүй байв. Гарсан зам нь дэндүү бэрх бөгөөд зөвхөн тэмээ буюу адуу арайхийн явдаг зам байв. Хэрэв хөлөө хэлтгий тавивал эргээс хийснэ. Уулын дээрх нь харин их л тэгш газартай, өргөн дэнж дээр нь эргэж урссан голтой, ус бэлчээр сайтай, ой мод нь сахлаг, тал газартай, үр жимс ихтэй,  ан шувууд олонтой энэ газрыг үзээд тэнгэртээ залбирч нутаглан суусан билээ. Тэр газрыг Эргүнэ Хун гэж нэрийдсэн түүх ингэж эхэлжээ. Эргүнэ нь уулын эрэг ирмэг гэсэн утгатай бол Хун нь хурц шовх гэсэн утгатай үг болно.  

Тэд дөрвөн зуу гаруй жил Эргүнэ Хунд нутаглав. Хүн мал нь тэгш ихээр өсч өнөржив. Тэгээд тэд уулан дотроо багтаж ядахдаа олноороо нэг газар цугларч суугаад эелдэж хэлэлцсэн нь: "Манай өвөг дээдсийн хэлэхээр бол Эргүнэ Хун дээрээс үзэхэд гадна уудам нутаг үзэгдэж байдаг. Эрт дээр үеийн буурь маань тэр газарт буй гэнэ. Урьд татаарчууд бусад иргэнийг өдөөн дагуулж манай үзүүр үндсийг хиар цохиж, буурийг маань булааж эзэлсэн гэнэ билээ. Тэнгэрийн өршөөлөөр бид одоо дайснаас айж уулны далд орж хоргодох хэрэггүй болов. Тиймээс уулнаас гарах замыг эрж олоод нүүж хүрье. Хэн нь биднийг нөхөр гэвэл уйлалдан сэлбэлдье. Хэн нь биднийг дайсан гэвэл алалдаж хатгалдъя" гэж санал нэгдэв. Эеийн дараа нүүж гарах болоод уулны замыг эрсэн боловч эс олов. Тэгж байтал тэдний доторх нэг төмөрчин хүн: "Тийм тийм нэг газарт төмөр чулуутай хавцал бий. Түүнийг хайлуулбал зам гарч мэднэ" гэжээ. Бүгдээр тэр газрыг очиж үзээд төмөрчин хүний үгийг зөв гэж үзэв. Ард иргэдээр мод болон нүүрс зөөлгөж тэр хавцалд овоолуулж тэндээс далан шарын арьсаар тулман хөөрөг хийлгэж, далан зүгт нь босгож бүгдээр ирж ээлжлэн татав. Тэнгэрийн өршөөлөөр гал хүчтэй ноцсонд уул хэвээрээ улайж хайлаад болд болон урсаж ачаатай тэмээ гарч болмоор зам гарав. Жилийн зол, сарын сайн, өдрийн өлзийг бодон байж хэдэн өдөр нүүгээд уулнаасаа буув. 

Түүнээс хойш монгол уулнаас нүүж гарсан өдрөө дурсгах хурим хийх болов. Хурим хийх өдөр нэг хэсэг төмрийг галд хийж улайлган өрөлбийгөөр чимхэж дөшин дээр тавьсан хойно хаан нь эхлээд алхаар давтсаны дараа бэхинүүд нь залгаад сүхээр цохидог билээ. Энэ нь уулын хавцлаар гарч өвөг дээдсийнхээ бууринд бууж сууринд суусан өдрийг дурсгаж байх хэрэг болж монголын хойчист уламжлагдав.
Эл хааны хөвгүүн Хиан, дүүгийнх нь хөвгүүн Нэгүс хоёул Эргүнэ Хун уулын дотор нутаглан байхад үр салбарууд нь өнөржив. Хианы хөвгүүнийг хиад, Нэгүсийн хөвгүүнийг даралагин гэж нэрийдэв. Он жил өнгөрсөөр байж аль нэг айл өрхийнхөн түшээ түшээ нэг овгийн нэр хэтэрснээс хиадынхан, даралагиныхан гэж нэрийдэх нь аяндаа орхигдож гээгдэв.
Хиан болон Нэгүсийн үр салбарууд Эргүнэ-Хунд нутаглаж байсан цагт аль нэг айл ч гэсэн бүр тус тусдаа нэг омогтон болж аймаглагдав.

Хианы үр салбарт Хорилас гэдэг нэг хүн байсан бөгөөд түүний үр салбар нь бусад овгийнхноос олон болж арван Хорилас отог болж салбарлав. Тэгээд эдгээр Хориласчуудаас нэг хүнийг батача өргөмжилсөн гэдэг. Гэтэл нэр нь тодорхойгүй. Түүнээс хойш үргэлж тэр хорилас отгоос батача өргөмжлөх болов. Эдгээр ард Эргүнэ Хунаас гарахад батача нь Хорилас овгийнхны Бөртчина бөгөөд тэр Хоомарал гэдэг хөвгүүнтэй билээ. Эцэг нь нас нөгчсөний дараа Хоомарал батача суув. Тэр зэргэлдээ аймгуудад элч илгээж өөрсдийнхөө Эргүнэ Хунаас гарч ирснийг зарлав. Эднийг зарим нь сайнд үзэж, зарим нь мууд үзэв. Тэндээс татаарчууд бас дайсагнаж эхлэв. Татаар болон монгол босолцон цэрэг хөдөлгөн дийлэлдэв. Тэгээд монголчууд ялж татааруудын ихчүүдийг илдний уртаар хэмжин хядаж, багачуудыг нь боол болгоод дөрвөн зуун тавин жилийн дараа хорсол юугаан тайлав. Тэндээс эхлээд өвөг дээдсийнхээ бууринд бууж сууринд суув. Тэнд суусан түрэгийн дотор татаар нь олон тоог эзэлдэг билээ. Монгол Эргүнэ Хунаас гараад татаарыг хиар цохиж дээдсийнхээ эзэн сууснаас эхлээд тэр орчны аймгууддаа гол болж түрүү болов. Тэндээс эхлээд зарим нь монголд ирж хоргодов. Зарим нь монгол биш боловч монгол билээ бид гээд монголын тоонд ороод шингэж одсон түүхтэй. За тэгээд.  

Төлөвлөсөн ёсоор 7 дугаар сарын 3-ны нартай, хуртай өдөр Төв Монголын нийслэл Улаанбаатар хотоос Баруун Хуасай омогтой Л.Бат-Очир баавай, Дөрвөдийн Алтаар омогтой Алтангэрэл ахай, Оргодой Бодонгууд омогтой Зоригто миний бие нарын 3-н нөхөд умард Монголын нутаг Дорнод Саяаны мөнх цаст их уулсын хөндийд орших домогт "Эргүнэ Хун"-ы зүг хүлгийн жолоог залсан билээ.

Улаанбаатар - Улаан Үдэ /Vll.03-04/: 

Бидний нөхөд Улаан-Үдэ хотоос экспедицийн бусад гишүүдийн хамт "Эргүнэ Хун" руу 4-ний өглөө үүрээр хөдлөх төлөвлөгөөтэй байсан учраас цаг хожиж "Эзнис" Эйрвэйз нислэгийн компаны хөлөг онгоцоор өмнөх өдөр нь Улаанбаатараас 16-н цагт хөөрөх байсан боловч Буянт Ухаагын хөндийд салхины хуйлралтай цуг борооны үүл бүрхэж, бороо орж  эхэлсэн учраас нислэг хойшилж оройны 19-н цагт хөөрөөд 1 цаг 20 минутын турш далайн төвшнөөс дээш 6000 метрийн өндөрт хөвөн цагаан үүлсийн дээгүүр, түүний цоорхойгоор харагдах Сэлэнгэ мөрнийг уруудан ниссээр,  20-н цаг 20 минутад жаргах нарны туяанд шаргалтан харагдах Сэлэнгэ мөрөн, Үдэ голын хөндий дэх Улаан Үдэ хотыг үзэж төд удалгүй нисэх онгоцны буудалд амжилттай газардлаа. Нисэхийн хилийн шалганы газар паспорт бичиг баримтаа шалгуулж, ачаа тээшээ аваад шилэн хоргоны цаана гартал нүдэнд дулаахан ах нар инээмсэглэн угтсан нь "Эргүнэ Хун"-ы экпедицийн 2 гишүүн Доржиев, Шаблин нар биднийгээ тосож авахаар ирсэн байжээ. Ингээд 5 уулаа болон зам нийлж Улаан-Үдэ хот руу нөхдийнхөө гэрт айлчилж, ундаалж амархаар явлаа. Зам зуур машины цонхоор харвал хотын гудамж, талбайгаар холхилдох орсуудын дунд буриад монголчууд үнэхээр цөөн бөгөөд төрөлх нутаг дээрээ эзэн нь байх хориотой тэдний нүүрнээс их оросын колончлолын дарлагдсан ард түмний царай энд тэнд цөс ихтэй буриадуудын омголон царайтай холилдон илэрхий харагдана. Үүн дээр нь энд тэндгүй эргүүлд гарсан цагдаа сэргийлэх нь Улаанбаатартай харьцуулахад хүн ам цөөн жижиг хот хэрнээ цагдаа ихтэй харагдах нь их оросын айдас, хүчирхийлэл арилаагүйг илтгэнэ. Мөн хотын энд тэндгүй орос буриадын найрамдал 350 жил гэсэн зурагт плакат өлгөсөн байх нь чухам найрамдал гэхээс илүүтэй дайсагнал, мэхлэлт, доромжлол бүхнийг нь аргагүй басамжилан сануулж буй гэлтэй. Бид цааш явсаар Доржиевийн гэрт ирж түүний аав ээж гэр бүлтэй нь мэнд усаа мэдэлцээд, тус экспедицийн багын гишүүн Изриал улсаас ирсэн Халимаг гаралтай эмч Кутушовтой мөн танилцлаа. Элстэй хотоос ирсэн түүний дүү охин болон түүний охин, хүргэн нартай бас танилцав. За тэгээд нэлээн орой болтол нутаг нутгийн сонин хөөрөлдөж, маршрут төлөвлөгөө хэлэлцсэний эцэст бид 3 ч Шаблины гэр лүү унтаж амрахаар явлаа. Хэдхэн цагын өмнө Улаанбаатарт байсан, одоо Улаан Үдэд байна, мөн хэдхэн цагын дараа Эргүнэ Хун руу хөдөлнө. Үйл явдал хурдан өрнөж байна.    

Улаан-Үдэ-Аха /Vll.04/: 

Бид өглөө аян замын бэлтгэлээ хангаад, цай ундаа уугаад замд гарлаа. Экспедицийн 7 дахь гишүүн Эрхүүгийн Эхирэд аймгийн Чонос омгийн Алексейтэй тэр өглөөнөө танилцаж цуг Алтаар, бид 3 жижиг жийп машинаар хүнсний хангалтаа аваад түрүүлээд хөдөллөө. Улаан-Үдэ хотоос бидний очих газар хүртэл 800 гаруй км бөгөөд үүнээс сүүлийн 200 гаруй км нь сайжруулсан шороон зам юм. Хотоос гараад засмал замаар Загарай аймгаас гараад Хамар давааг зүүнээс баруулж тойрохдоо Байгал Шадарын аймгийн урд үзүүрээр гараад урагшаа Сэлэнгэ мөрнийг уруудаж өнгөрөөд Хударийн аймгаар нэвт Байгал далайн зүүн биеийг эмжээрлэж явсаар Эрхүү мужын нутаг, Байгалын урд үзүүрийг тойроод Култук тосхонд ирлээ. Эндээс зам 2 салах бөгөөд шулуун явбал Эрхүү хот, харин урагшаа замаар явбал Түнхэний аймаг орно. Урагш баруулж жаахан яваад Түнхэний аймгийн зүүн тал Шулуута тосхонд ирж өглөөний цайгаа уухаар буудаллаа. Цагаа харвал 8-н цаг 30 минут, замын хажуугын цайны газар орж сүүтэй цай, буриад бууз, ногооны салат идээд цааш хөдөллөө. Бид явсаар тус аймгийн баруун захын Мон тосхонд түр саатан хойноос нэхэж яваа нөхдөө хүлээж амарцгаалаа. Эндээс цааш зам 2 салах бөгөөд урагшаа явсан засмал замаар 30 км явбал Хөвсгөл далайн зүүн хойд эргийн Ханх боомтод, харин баруун хойш явсан сайжруулсан шороон замаар явбал баруун буриадын нутаг Ахын аймагт очино. Цаг 13 цаг 30 минут. Хоёр цагийн дараа манай эхкпедиц бүрэн бүрэлдэхүүнээрээ болж Хорёо-Адаг, Бүгсөөн-Адаг, Сорог, Хүүргэ, ӨӨРЛИГ, Хара-Хужар, Монголжоон, Шараа, Обтой, Булаг тосхонуудыг өнгөрж баруунаас зүүн хойш сунасан Хойд Ахын голын үзэсгэлэнт хөндийд, түүнд цутгадаг Жомболок голын эрэгт очихоор хөдөлсөн билээ. Цаг 13 цаг 50 минут. Уулсын оройгоор үүлс ороож, цаст өндөр оргилууд тэнгэрт баганадаж, түргэн урсгалт уулын голууд эрчтэй нь аргагүй буун Эрхүү голд хүч нэмэн цутгаж байна. Түнхэний хөндийгөөр тайван урсаж байсан эл гол энд ёстойл буцалж оргилж байлаа. Мон тосхоноос хөдөлснөөс 20 минут яваад Ахын аймгийн соёмбот багананд ирээд эхний цэгтээ амжилттай ирснээ бататгаж зурагаа татуулваа. Бид уулын эгц хавцалаар л явах бөгөөд энэ замыг орсууд 1980 онд уулын бэлийг тэсэлж тависан. Цааш жаахан яваад замын хажуугын хавцалаас унах хүрхрээтэй дайралдлаа. Үүнээс цааш тасралтгүй явж Эрхүү гол урсах хавцал хөндийг гэтэлгэж гараад нэгэн том уужуу хөндийд ороод ирвээ. Тал нутаг ч тэр үү дотно санагдаад сэтгэл сэргээд явчихлаа. Цаг 14 цаг 30 минут. Бид нэгэн нуурын эрэгт ирсэн, нэр нь Үрэнгэ бөгөөд энэ газраас Саяаны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг илэрхий тод, сүрдэм харагдана. Энд бид өдрийн цайгаа ууцгааж, хувцас хунараа дулаалж авлаа. Цаг 16 цаг 30 минут. Ахын аймгийн төв Өөрлиг тосхонд ирлээ. Улаан Үдэ хотоос гарсанаас 770 км явжээ. Энэ аймаг бол 5000 гаруй хүн амтай, манайхаар бол нэг хоёр сумын хэмжээний нутаг бөгөөд голцуу Хонгоодор, Соёд буриадууд аж суудаг. Цаг 17 цаг 10 минут. Аймгийн төвөөс гараад удаагүй байтал биднийг аймгийн захиргааны хүмүүс хотоос яваа экспедицийн талаар мэдээ аваад ариун цагаан сүү, алд цэнхэр хадагаа дэлгэн биднийгээ их хүндэтэй угтаж авсан бөгөөд энэ нутагт сая ирснээс буриад монголоороо хөөрөлддөг хүмүүстэй таарж, дотроо их баясаж билээ. Улаан Үдийн 3 маань буриад монгол хэлээ хэрэглэхгүй, халимаг доктор маань ойрад монгол хэлээ хэрэглэхгүй дийлэнх нь орос хэлтэй болохоор өөр хоорондоо орсоор ойлголцоно. Ер нь хойд буриадуудын хэл соёл түүний хөгжил, хэрэглээ оросын колончлолын нөлөөгөөр хумигдаж, төрөлх хэлээрээ ойр зуурын юм хэлхээс нарийн гүнзгий үзэл бодлоо илэрхийлж чадахгүй, үгийн баялаг муутай, шууд бэлэн оросоор л ойлголцож суржээ. Цаг 17 цаг 20 минут. Замын хажуугын асар дотор хаанаас яваа, хэрэг зориг бүхнээ хөөрөлдөж зогстол бороо орлоо. Биднийг ирхээс өмнө энд бороо ороогүй удсан гэсэн тул хувьтай хүн хур борооноор гээд бэлэгшээлтэй үйл явдал боллоо. Холын ах дүү улсууд удтал хөөрөлдсөний эцэст 18 цагт цааш хөдөллөө. Бороо зогсолтгүй орсоор зам нэлээн халтиргаа устай болсон ч харанхуй болхоос өмнө буудаллах газраа очихын тул Алексай маань шуурхай довтолгож байлаа. Нөгөө бартаат замын ралли тэмцээн гэдэг шиг л юм боллоо. Цаг 19 цаг 50 минут. Жомболок голын модон гүүрээр гарлаа. Цаг 20 цаг 15 минут. Буудаллах газраа ирж ачаа тээшээ буулгаж төвхнөж дуусав. Цаг 21 цаг 30 минут. Аймгийн захиргааны зүгээс бидний оройн хоолыг бэлтгэж, сайхан ширээ асарын доор заслаа. Цаг 23 цаг 30 минут. Бороо тасралтгүй орсоорл байлаа. Хүмүүс удтал хөөрөлдсөний эцэст унтаж амрахаар тарлаа. Бороонд хувцас, гутал бүгд норсон, хатаана гэдэг асуудал боллоо. Унтахдаа өмд оймсоо мушхаад ширдэг нуруун доороо хийж хатаангаа унтах санаатай хэвтлээ. Урд цагт бол Эргүнэ Хун-д монголчууд гэрийн өрхөө битүүлээд эсгий оймсоо хатаадаг байсан гэдэг. Хол зам туулж ядарсандаа хүйтэн нойтон зутруу байдлаа умартаж нам унталаа.

Ахын аймаг, Эргүнэ Хун /Vll.05-07/:   

Өглөө эрт сэрээд харвал 5 цаг 20 минут, бороо тасралтгүй орсоорл байлаа. Хатаасан оймс, өмд дахиад л норох нь дээ. Өглөөний цайгаа 9 цаг болж байхад уугаад Жомболок гол Ахын голд цутгадаг хүрхэрээн дээр ирэв. Түүнээс цааш яваад Сайлаг хэмээх голын гүүрээр гараад Булаг Шэбэйд байрлах алтны уурхайн ажилчидын тосхонд ирлээ. Бат-Очир баавай маань урд нь харвалт авсан учраас даарж болохгүй, Кутушов бол дулаан орноос ирсэн, тийм байдалд дассан учраас Шаблины хамт энэ тосхонд хоноглохоор урд шөнө ирж хоносон. Бид нийлж бүрэн бүтэн болоод алтны уурхайн байдлыг сонирхов. Харуул хамгаалалт өндөртэй уурхайд орж элдэвийн юм үзэв. Нөгөө аймшигтай Цианит натри гэгч зүйлийг нүх ухаад хальс дэвсээд дүүргэж хийсэн байв. Нүдэн дээрээ ингэж хатааж уриншуулдаг гэх боловч хаа нэгтээ уулын гол руу цутгадаг л байх шинжтэй. За тэгээд дамжлага энэ тэр юмнуудыг үзсээр хамгын сүүлд нэг өрөөнд тулж ирвэл алтаа хадгалдаг өрөө нь аж. Хархад 48 хуудастай дэвтэр шиг хэмжээтэй алтыг бид гар дээрээ өргөж үзэв. Бид анх удаа тийм хүнд 22кг буюу төгрөгийн ханшаар 1 тэрбүмтай тэнцэх алтыг өргөж үзсэн нь тэр. Уурхайн орос дарга биднийг хараад миний алт шүүдээ гэсэн шүү залитай инээж байсан. Бид ч тэр алтыг тоосонгүй, ард нь үлдэж байгаа хоосолж ухсан уул, цөмөрсөн газар, бохирдсон гол, унаган байгали, тэр тусмаа "Эргүнэ Хун"-ы хөндий, хамгийн эгзэгтэй цагт Монголын үр хойчыг амиараа залгасан Хиан, Нэгүс өвөг дээдсийн нойрсон буй нутаг үнэхээр харам санагдаж байлаа. Ер нь хаа сайгүй газар энэ алтыг л авахын тулд юу ч хийхээс буцахгүй хүн олон болсон билээ. Аймгийн даргын буянд уурхай сонирхож үзлээ. Тэндээсээ бид буцаж Жомболок голынхоо хүрхэрээн дээр ирэв. Цааш өдрийн цайгаа уухаар отог руугаа хөдөллөө. Цаг 11 цаг 50 минут. Өдрийн хоол болтол элдэв юм хөөрөлдөж, хоолоо идэж дулаацацгаав. Монголжон тал руу хөдөллөө. Цаг 13 цаг 40 минут. Жомболок голын гүүр гараад зогслоо. Доктор Шаблин бол загасчилах хоббитой хүн, дэгээ шидэж хэсэг зогсовоо. Цаг 14 цаг 30 минут. Өнөөдөрийн зорисон газар Монголжон талдаа ч ирлээ бороо ч зогслоо. Хөндийн салхи ихтэй сэрүүхэн байна. Энэ тал үнэхээр тэв тэгшхэн юм. Цаг 15 цаг 10 минут. Монголжон талаас наахантэй Хаaн уулын бэлд ирлээ. Энд хүний гараар бүтсэн чулуун дэвсгэр бүхий 13м орчим зурвас байна, мөн уулыг тойроод болон хөндийн энд тэнд дугуй хэлбэрээр зассан чулуу, дээр нь мод ургасан эртний монголчуудын оршуулгын газар юмуу эсвэл ямар нэг зүйлийн тэмдэглэгээ гэмээр зүйлүүд байна. Тэр зурвас бодвол хүндэтгэлийн зам, эсвэл хавцалыг чиглүүлж заасан тэмдэглэгээ байх гэж таамаглаж байна.  Манайхан тойрж зогсоцгоогоод санал бодлоо хуваалдан хөөрөлдөж байна. Машинд жаахан асуудал гараад зогслоо, энэ хооронд хүмүүс унтаж амарцгаав. Алтаар ах бид 2 холгүй орших хадлангын хашаанд хүрж амарлаа. Удалгүй байрлаж буй газартаа очихоор хөдөллөө. Цаг 17 цаг 50 минут. Байралсан газраа ирлээ. Оройн хоолны үеэр өдрийн яриагаа үргэлжлүүлэн хөөрөлдөөн үргэлжилсээрл. Цаг 23 цаг 20 минут. Бид унтахаар хэвтлээ. Хотхонд хонодог 3-ыг Алексеи машинаар хүргэж өгөхөөр явлаа.

Эргүнэ Хунд ирснээс 2 дахь өглөөтэйгөө золгож буй минь энэ. Цаг 7 цаг 10 минут. Давгүй тухтай унтаж амаржээ. Тэнгэр маш цэлмэг бөгөөд уулсын орой энд ирснээс хойш энэн шиг тод харагдсангүй билээ. Хойно тосхонд хоноглосон хэд маань ч ирлээ. 8 цаг 30 минут. Өглөөний цайгаа ууцгаалаа. Цаг 10 цаг 20 минут. Өнөөдөр бол үндсэндээ амралтын байдалтай өдөр юм. Ахын голын эрэгт ирлээ. Бидний ирснээс хойш 2 хоног бороо ороод гол нэлээн үерлэсэн байна. Загасчилах хоббитой хэд нь уургаа шидэж амрах хэд нь хэвтэж эхэллээ. Цаг 11 цаг 40 минут. Тэндээс хөдлөн Сайлаг голын гүүрэн дээр ирэв. Цаг 12 цаг 30 минут. Жомболокынхоо хөвөөнд ирж өдрийн цайгаа уулаа. Тэндээс хөдлөн цаг 13 цаг 20 минут болж байхад нөгөө хүрхэрээн дээрээ ирэв. Энд ирсэн учир бол доошоо бууж үзэх байлаа. Нуранги хадаар болгоомжтой явсаар доош бууж, хүрхэрээнд тулж ирвэл бараг 20 орчим метрийн өндөрөөс унаж цохигдож байгаа усны дуу чимээ гэж хүчтэй, тэрүүхэн хонхорыг эзэгнэж байлаа. Цаг 14 цаг 50 минут. Бид али хэдийн байрандаа ирээд дараагийн газар очих бэлтгэлээ хангаж, ачаагаа ачаад цайгаа уугаад сууцгааж байна. Цаг 15 цаг болж байхад бид хөдөллөө. Замд урд өдөр бидний явсан Монголжон тал, Хаан уулыг өнгөрж урд талд нь орших тэгшхэн талд хонгоодор буриадуудын хөшөөн дээр цаг 17 цаг 50 минут болж байхад ирэв. Энд дурсгалын зураг татууллаа. Цааш хөдлөн 1 цаг орчимын дараа  Өөрлигөөр дайран бид 3 паспортоо авав. Бид ирсэн замаараа явсаар Эрхүү голын хөвөөнд нэлээн бүрэнхий болсон үед ирж буудаллав. Цагаа харвал 21 цаг 50 минут байна. Очсон даруйдаа мод бэлтгэж, гал асаах ажилд орлоо. Голын эргээр шидэгдсэн хуурай моднууд байвч хэтэрхий том учраас өргөж дийлсэнгүй. Тэр хавидаа эргээр, ойгоор явсаар ямар ч байсан гал түлж, хоол цай чанах түлээтэй болов. За тэгээд хоолоо идэх, майхан саваа барих зэргийг амжуулсаар цаг 23 цаг 30 минутад оройн хоолоо идхээр сууцгаалаа. Цаг 24 цаг унтахаар хэвтлээ. Энд ирж буудалласан учир бол биднийг Жомболокын эрэгт байх үед нутгийн хүмүүс бидний яриатай холбогдуулж Нүхэн дабаан гэж хадан нүхтэй уул бий гэсэн. Түүх домогт уулыг нүхэлж гарсан гэдэг учраас бас холбогдолтой байж болох газар юм хэмээн ирсэн билээ.   

Нүхэн даваа руу 8 цаг 30-д хөдлөөд 11 цаг болж байхад гарж ирлээ. Урд зам тавигдаагүй үед нутгийн ардууд энэ даваагаар гардаг байжээ. Бид тахилга хийлээ. Энэ бол Эргүнэ Хун-ын хамгийн том баримт болох нүхэн гарц. Энэ нүхний талаар ярьвал маш их хачин сонин гайхалтай зүйлс болох билээ. Тэр талаар манай Баруун Хуасай омогтой Л.Бат-Очир баавай маань та бүхэнд хүүрнэн өгүүлэх болно. Тэр үед бичин сийрүүлж та бүхэн монголчууддаа сонирхуулая. Бүх дэлхийн монголчууд нэгтэхтүн! Бид нэг үндэстэн, дэлхийд хаана ч ийм цул нягт үндэстэн үгүй. Бид ясаараа гагнагдаж, цусаараа сүлбэлдсэн цор ганц Монгол үндэстэн билээ.  

 2011-VII/03-VII/10. Бодонгууд Зоригто /Horidoimergen/   

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Zochin (зочин)

bayrlalaa oshoo iluug niitleerei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB